Мэргэжлийн сүмо бөхийн “Алтан хараацай” Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол ирэх тавдугаар сарын 29-нд болох тов гарчээ. Өдгөө дэвжээндээ туслах оякатагаар ажиллаж байгаа Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болж, хүндэтгэл үзүүлэх юм байна.
Энэхүү ёслолын үеэр “Ошима” дэвжээнд хамтдаа олон жил барилдан, Монгол бөхчүүдийн анхдагч болон хүчин зүтгэсэн андууд болох Кёкүтэнхо, Кёкүшюүзан нар хоорондоо барилдаан хийх гэнэ. Тэд мэргэжлийн сүмод нэг дэвжээнд харьяалагдаж байсан учраас албан ёсны тэмцээнд хоорондоо барилдаж байгаагүй билээ. Тиймээс маэгашира цолтойгоор Дээд зиндаанд түрүүлсэн цөөхөн бөхчүүдийн нэг тэрээр зодог тайлах ёслолынхоо үеэр сонирхолтой барилдаан хийж үзүүлэхээр болсон бололтой.