Нью-Йорк, Парис, Милан… гээд дэлхийн хувцас загварын “акулууд”-ын тайзнаа Монгол хэмээх нэрийг дуурсгах супермоделиор Т.Шинэтуяа тодорлоо. World Supermodel Pageant буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейн болж, Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардсан байна.
Гуравдугаар сарын 12-21-нд үргэлжилж буй ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний ялагчид хэдхэн хормын өмнө тодорсон бөгөөд өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлжээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Хамгийн гайхалтай нь тэрбээр өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг. Жерри Холл, Мэгги Райзер, Пэт Кливлэнд, Татъяна Патиц гээд хувцас загварын ертөнцийн нүүр царай болсон олон шилдэг модельуд тус агентлагт харьяалагддаг билээ.