Сонголт бол амьдралын үнэлэмж. Ямар мэргэжил сонгох вэ, хэнтэй суух вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ? Аль салбарт ажиллах вэ гэхчилэн олон сонголтын нийлбэр нь нийгмийн эд эс болох хүнийг бүтээдэг аж. Сонгож үл болох нь эх орон, элгэн садан, ижий аав. Сайн муу, сайхан муухай, чанартай чанаргүй, дуртай дургүй гэх зэрэг төрөгдөл бидний сонголтыг удирдан чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнд тухайн зүйлийн талаар ямар ойлголт, төсөөлөл байна түүндээ үндэслэн аливаа сонголтыг хийх нь маргаангүй. Ойлголт төсөөллийн орон зайд зөвшөөрөлгүй, ямар ч саадгүй нэвтэрч, хүссэнээрээ өөрчилж чадах хүч чадал гагцхүү мэдээлэлд л оршино. Нэг үгээр хэлбэл би бол ухаан орсон цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан мэдээллийнхээ дүр төрх, өнгө гэрэл, үр нөлөө нь.
Биеийг нь төрүүлэхээс ухааныг төрүүлэхгүй гэсэн манай ардын мэргэн үг бий. Энэ нь хүн төрөлхтний нөхөн үржихүй зөвхөн бие цогцсыг бүрэлдүүлэн бий болгох үйл явц гэдгийг нотолно. Ухамсарт хүнийг бүтээгч нь нийгэм, тэр дундаа мэдээлэл. Нэг үгээр хэлбэл мэдээллийн нийгэмд хэрэгцээтэй болоод хүссэн оюун ухаанаа бүтээх ид шид бий.
АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Технологийн Хүрээлэнгийн Томас Сото тэргүүтэй эрдэмтдийн баг хүний хүсэл тачаалыг мэдэрдэг хиймэл оюун ухаан зохион бүтээсэн тухай, Хардвардын Их Сургуулийн профессор Жорж Вайтсайдс тэргүүтэй эрдэмтэд дэлхийн хамгийн уян хатан, ямар ч өнцөг буланг мэдэрч явж чаддаг робот бүтээсэн зэрэг мэдээллийг дэлхий нийтээрээ чих дэлдийлгэн сонирхон хүлээн авдаг хэрнээ эргэн тойронд болж буй үйл явдал, үзэгдлийг тусгасан мэдээ мэдээлэл бидний оюун санааны цөмд эзэн нь болж тухалсныг төдийлэн сэхээрсэнгүй. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит дүр төрх. Ухамсаргүй төмөр хүн, хүн төрөлхтний ирээдүйг эзлэх вий гэсэн айдас бидэнд бий Тиймдээ ч хүн робот хоёрын хоорондын зөрчил тэмцлийг харуулсан кино, зохиол тоо томшгүй. Алдарт жүжигчин, улс төрч Арнолд Шварцнегерийн тоглосон “Терминатор”, Вилл Смит гол дүрийг нь бүтээсэн “Би робот”, “Х машин” гээд л…
Гэтэл мэдээлэл гэх энэ биегүй хоосон зүйл ухамсарт хүнийг “зохион бүтээж”, төрсөн бус бүтээгдсэн тэр хүн дэлхий ертөнцийг залан чиглүүлэх цаг үетэй бид аль хэдийн нүүр тулсан.