Аваргуудын цомоо хайх эрлийг Смарт зогсоож чадах уу?

Лигийн хамгийн арвин түүхтэй баг Альянс Тех Харцага болон залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн залуу баг Дундговь Мон-Алтиус Смарт гэсэн плей-оффын гал гарсан нэгэн тоглолт биднийг хүлээж байна.

Харцага баг улирлын сүүлийн тоглолтондоо гарааны тоглогчдоо амраасан бөгөөд Ирвэсүүдэд хожигдож улмаар 4-р байраар плей-оффд гарсан бол Смарт 6-р байраар 10-11 гэсэн амжилттайгаар гарсан. Тоглолт Харцагын давамгайлал дор явагдна гэж ихэнх үзэгчид ярьж байгаа ч гэсэн ямар ч плей-оффын тоглолтонд нэг баг цахиур хагалан гарч ирдэг нь бичигдээгүй хууль. Тэгвэл залуу хурдтай Смарт тэр баг нь байхыг хэн ч үгүйсгэхгүй.

eb83abca22d88023cdba4ee55746d27f

Өнгөрсөн улирлын аварга гэсэн хүндтэй нэр дээр тоглож байгаа Харцагууд энэ жил аваргаа хамгаалах нь тэдний хамгийн их хүсэж байгаа зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн жил тэдний бүрэлдхүүнд байсан Рембо, Плечер гэсэн шилдэг 2 легионор байхгүй хэдий ч Карл Блейр, Райн Гесиаковски гэсэн легионерууд дээр нэмэгдээд Тийн Акол байгааг мартаж болохгүй. Харцагын хамгаалалтын ноён нуруу болох Одбаяр эргэж багтайгаа нэгдсэн бөгөөд ирээд нилээдгүй тоглолтонд оролцоод формоо олоод амжсан  гэдэгт найдаж байна. Харцага улирлын эхэнд тааруу тоглолт үзүүлж байсан боловч улиралын төгсгөл рүү занграгаа харуулж удаа дараалан хожил авснаар плей-оффын эрхээ халаасласан юм. Харцага самбарын тоглогчдоороо бусад багуудаас давамгай гэдэг нь ойлгомжтой. Тэдний бүрэлдэхүүнд “ихэр цамхаг” гэж нэрлэгддэг Одбаяр, Болортулга нар байгаагаас гадна Цэнгүүнбаяр, Дөлгөөн гэсэн шигшээ багийн ирээдүй болсон залуу тоглогчид байгаа. Харцагуудын бас нэг илүүрхэх зүйл гэвэл тэдний туршлага. Ямар ч тоглогчдын ур чадвар, хурд хүч хэзээ нэгэн цагт арилдаг бол туршлага гэдэг зүйл үүрд байдаг. Ихэр цамхгаас гадна шигшээ багийн ахлагч Баттөр, Азбаяр зэрэг улс эх орноо олон жил тив дэлхийн тавцанд төлөөлж явсан тоглогчид байгаа. “Тулаанд зөвхөн харцагууд ниснэ” гэсэн уриатай Харцага баг аваргаа хамгаалж чадах уу? гэдэг асуулт хэвээр үлдэж байна.

Мэдээж Смарт багийн хамгийн гол хөдөлгүүр бол Брэндон Моррис. Тэрээр лигт 27.1 оноо авалтаар 3-т жагсаж байгаа. Смартын гол тоглогч залуучуудын шигшээ багийн ахлагч Дархантөгс  өвдөгний мэс засал хийлгэхээр Герман улсыг зориод байгаа билээ. Тэрээр плей-оффд багтайгаа нэгдэх эсэх нь тун эргэлзээтэй байгаа юм. Мөн Цэрэнбаатар, Гансүх гэсэн шилдэг залуу тоглогчид байгаагаас гадна 2000-аад оны эхэн үед НБА-д данстай байсан залуу Андре Браун Смартын будагтай талбайг манах үүргээ өшөө чангатгах нь тодорхой. Смарт багтайгаа нэгдээд удаагүй байгаа 2 легионер болох Брэндон Моррис, Чарлес Ханкерсон нар багтаа хурдан дасан зохицож чадсан нь тэдний плей-оффд орох гол нөхцөл нь болсон. Тэр тусмаа Хьюстены коллежид сурч байсан Брэндон Моррис гэж залуугийн тоглолтыг магтахын аргагүй. Ирсэнээсээ хойш тоглолт бүрт л дабл дабл дунджилж байгаа Моррис-ыг хамгаалах нь Харцгуудын гол ярих зүйл байх болно. Эдгээр залуучууд дээр нэмэгдээд Мэргэн, Төмөр зэрэг лигт олон жил тоглож байгаа ах нар нь нэлээдгүй зүйлийг зааж сургах нь дамжиггүй юм. Ямартай ч энэ плей-оффд цоорох баг нь Смарт байх магадлал өндөр байна.

эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …