“Монгол толгой” нэвтрүүлэг: Хүчирхэг эдийн засгийг улс төрчид биш бизнесменүүд бүтээдэг

1459359653_screen-shot-2016-03-18-at-12.48.26-am-125-р суваг телевизийн “Монгол толгой” нэвтрүүлгийн 3 сарын 17-ны өдрийн дугаар”Бизнесийн орчинг хэрхэн сайжруулах вэ?” дэд сэдвийн хүрээнд амжилттай болсон юм. Хүчирхэг эдийн засагтай их гүрнийг улс төрчид биш, харин бизнес эрхлэгчдийн нөр их хөдөлмөр цогцлоодог. Харин Монголчууд бид бодит баялаг бүтээгчиддээ хэрхэн хандаж байна вэ? Төр нь тэднийгээ хууль эрх зүйн орчныг нь хангах замаар дэмжиж байна уу? Бизнесийн байгууллагууд нийгэмдээ хэрхэн үнэлэгдэж байна вэ зэрэг асуудлын хүрээнд “Монгол толгой” нэвтрүүлгийн багийнхан ярилцлаа.

Энэ удаагийн нэвтрүүлгийг бизнесийн салбарт олон жил ажиллаж байгаа, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин хөтлөн явуулсан. Б.Түвшин нь төлөөлөгчийн сонгуульт ажлын зэрэгцээ “АПУ” компанийг анх хувьчлагдах үеэс эхлэн өнөөг хүртэл санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа, бизнес болон санхүүгийн салбарын манлайлагч залуусын нэг юм.

Нэвтрүүлгийн үеэр гарсан онцлох баримт, үзэл бодол, шийдлүүдээс та бүхэндээ хүргэе.

НИТХ-ын Төлөөлөгч Б.Түвшин: Бизнес бол нэг удаа ашиг олоод өнгөрөх арга биш. Урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, үнэ цэнээ бүтээх, ажлын байраа тогтвортой хадгалах, ёс суртахуунлаг байх, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хангах зэрэг урт хугацааны стратегийг тодорхойлж явбал тэр бизнес нийгэмдээ нэр хүндтэй, үнэ цэнэтэй байх болно. Гэхдээ Монголд бол бизнес хөгжөөд ердөө 20 гаруй жил болж байгаа. Нэг бизнесийг тогвортой 20 жил хийгээд ашгаа авч үзсэн компани ч ховор. Тиймээс бизнесийнхний нийгэмд үнэлэгдэх үнэлэмж, нэр хүнд доогуур байна. Мөн бизнес эрхлэгчид гадаад орчны нөлөөнд дасан зохицох, даван туулах, эерэгээр нөлөөлөх чадвар хэр байна вэ? Юм л бол гомдоллож, шүүмжлээд байх нь хэр зохистой бол? Хямарлаал гэнэ, бидэнд хямрал 3-4 удаа тулгарсан. Үүнийг даван гарах эрсдлийн бодлого, стратегийг бизнес эрхлэгчид бий болгож чадав уу гэх мэтийг бодох л хэрэгтэй.

1459359848_screen-shot-2016-03-18-at-1.22.41-am

НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан: Монголын бизнес эрхлэгчид ялангуяа сүүлийн 6-7 жилд компанийн засаглалаа олон улсын түвшинд хүргэхийн тулд ихээхэн хөрөнгө оруулалт, цаг хугацааг зарцуулж, менежментдээ анхаарч, санхүү бүртгэлийн системээ сайжруулж, хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөж, хөрөнгө оруулагчдын өмнө сахилга баттайгаар хариуцлагаа хүлээх тал дээр хангалттай ажиллаж байгаа. Гэхдээ өнөөгийн Монгол улсын зах зээл, эдийн засаг нь Монгол бизнес эрхлэгчдийн хяналтаас гарчихсан. Бизнес эрхлэгчид төр, иргэдтэйгээ харилцан ойлголцож, зарчмын хатуу тогтолцоог бий болгож байж өнөөгийн хямралын сөрөг талыг давуу тал болгон ашиглах хэрэгтэй. Бизнесүүд шил шилээ даран дампуурч, хаалгаа барьж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж залж ирүүлчихээд нохой шиг хөөдөг, амьтан шиг загнадаг зангаа болихгүй бол хямрал манайхаас тасрахгүй. Яагаад гэвэл манайх гуравхан сая хүн амтай асар жижигхэн зах зээл. Арав юмуу хорин сая хүн амтай байсан бол дотооддоо өөрсдийн бараа, үйлчилгээг эргэлдүүлээд бие биенээ нөхөөд явах боломжтой. Эдийн засгийн хувьд бид хөл дээрээ бат зогсож чадаагүй байна. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа зарчимтай, хариуцлагатайгаар хамтарч ажиллаж байж бид хямралаас гарна.

1459359884_screen-shot-2016-03-18-at-1.10.43-am

Улс төр судлаач С.Зоригтбаатар: Монголчууд болон гадаадын хөрөнгө оруулагчид харилцан ашигтай л хамтарч ажилламаар байна. Монголчууд бид том төслүүд дээрээ хулхидуулмааргүй байна. Тухайлбал, Ноён уулын ордод олборлолт явуулах Монгол компани байдаггүй юм уу? Алт олборлодог үндэсний компаниуд байдаг биздээ?! Үнэхээр Ноён уул дахь орд эдийн засгийн хувьд ашигтай бол Монгол компаниуд яагаад ашиглаж болохгүй байгаа юм бэ? Гадны эрх ашиг нь том мөнгөн дээр орж ирчихээд, гялтайх төдий жижигхэн нь Монголын бизнес эрхлэгчдэд үлдээд байгаа учир бидэнд хар хайрцагны бодлого байх ёстой гэж үзэж байна.

1459359995_screen-shot-2016-03-18-at-1.07.18-am

НИТХ-ын Тэргүүлэгч Б.Энх-Амгалан: 2014 онд нийслэлийн өмчит компаниуд 192.5 тэрбум төгрөгийн орлоготой, 212.3 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллажээ. Нийт 19.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Хувийн байгууллага хэзээ ч ийм өндөр алдагдалтай ажиллахгүй. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдээс 60 хувь нь ашигтай ажиллаж, 40 хувь нь алдагдалтай ажилласан байна. Уг нь бол аль ч аж ахуйн нэгж ашигтай л ажиллах ёстой. Улсын болон нийслэлийн өмчит компаниуд бизнесийн талбарт давуу эрхтэйгээр олноор орж ирснээр шударга өрсөлдөөн байхгүй болчихдог. Ингээд хувийн бизнесийг автоматаар дампуурахад хүргэж байна. Ийм байхад НӨАТ-ын тухай хууль, Өршөөлийн тухай хууль гаргаснаар худалдан авагчгүй болсон зах зээл дэх компаниудыг улам л дампуурах замыг нь шулуутгана. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх ёстой.

1459360015_screen-shot-2016-03-18-at-12.46.52-am

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин: Бизнес эрхлэгчид бол төсвийн орлогыг бүрдүүлэгч, ажил олгогчид юм. Төрөөс бизнесийн салбаруудыг тэнцвэртэйгээр дэмжмээр байна. Сая нэг хэсэг хоёр толгойгоос бусдыг нүдэнд орсон хог мэт үзлээ.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан: Бизнесийг иргэд, улс төрчид нь луйвар гэж харахаа болих хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид бөгөөд хөгжил авчрах хүч! Бид эх орондоо эзэн шиг байж чадвал гадны хөрөнгө оруулалтаас айх зүйлгүй болно. Эзэнтэй айлд уригдаж ирсэн зочин өгсөн хоолыг идээд, заасан газарт суугаад, хэлсэн цагт буцаад гарч явдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг бид ингэж л сургах хэрэгтэй.

Улс төр судлаач С.Зоригтбаатар: Засгийн газрын ачаар монгол хүн бүр 16 сая 700 мянган төгрөгийн өртэй боллоо. Монгол банк мөнгө хэвлэсээр улам дордууллаа. Уг нь өрөө дараад бусдад зээлдүүлэх хэмжээнд очмоор байна

НИТХ-ын Тэргүүлэгч Б.Энх-Амгалан: 2013-2014 онд 30,000 гаруй компани дампуурч, 14,800 хүн ажилгүй боллоо. 2015 онд 13,500 хүн нэмж ажилгүй болсон. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн нийт аж ахуйн нэгжүүдийн 60 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин нийслэлийн бүтэц хоёр дахин томорсон!

НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан: Аливаа хууль заавал төгс байх албагүй. Сайн ч бай, муу ч бай тогтвортой, ойлгомжтой, ил тод байвал бизнес эрхлэгчид тэр хуулинд зориулаад бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаа төлөвлөнө. Тиймээс хөрөнгө оруулалтад зориулсан хуулиуд тогтвортой байхыг баталгаажуулах нь чухал байна.

НИТХ-ын Тэргүүлэгч Б.Энх-Амгалан: Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монголын арьс ширний холбоо 21 аймаг, 331 суманд салбараа байгуулаад малчдад татаас өгөх зарчмаар үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдээ шууд худалдаж авах тогтолцоог бий болгохоор зүтгэж байлаа. Энэ нь доншуур наймаачдын (ченж) сүлжээг таслан зогсоох зорилготой. Гэтэл Засгийн газар дахин тогтоол гаргаад түүхий эдийг түүхийгээр нь гадаад руу гаргахаар шийдчихсэн. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх ямар ч сайхан хууль гаргаад түүхий эд нь гадагшаа гарчихаар үйлдвэрлэл явуулах нөхцөлгүй болчихно. Хэрэв энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжсөн бол улсад 201 тэрбум төгрөгийн татвар төвлөрч, 20 мянга гаруй иргэн ажилтай болох байлаа.

НИТХ-ын Төлөөлөгч Б.Түвшин:Монголтой ижил нөхцөлтэй 15 оронтой эдийн засгийн байдлаар харьцуулж үзэхэд Монгол маань сүүл мушгиж байна.

Улс төр судлаач С.Зоригтбаатар: Эдийн засаг үнэхээр хүнд байна. Гэхдээ энэ хавар, ирэх жилд бүр ч хүндрэнэ. 2018 оноос л нааштайгаар эргэнэ гэж эдийн засагчид таамаглаж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо “Хоёр толгой хөдлөвөл манай улсын эдийн засаг сайжрана” гэсэн. Өмнөх Ерөнхий сайдууд болон салбарын сайд нар ч Оюу толгой, Таван толгой хөдлөчихвөл иргэдийн амьдрал сайхан болно гэдэг байлаа. Гэтэл Оюу толгой 2009 онд хөдлөснөөс хойш долоон жил болчихлоо. Эдийн засаг сайжирсан юмгүй, харин ч Монголчууд өрөнд орсоор. Энэ хэвээр явах эсэхээ Монголчууд сонгуулиар шийдэх хэрэгтэй” гэснээр нэвтрүүлэг өндөрлөсөн юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …