Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэдийн олны хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Б. Эрдэнэцэцэг удахгүй өөрийн найруулсан гурав дахь киногоор та бүхэнтэй уулзах гэж байна. “Чононгоо Фильм продакшн”-ны уран бүтээлчид анхны дэлгэцийн уран бүтээл болох “Ижийгээ би саналаа” киноныхоо зураг авалтанд оржээ. Үхтэл үр харам гэдэгчлэн энэ ертөнцөд эхийн сэтгэл шиг тийм ариун, аугаа хүчтэй зүйл үгүй билээ. Үрийнхээ өмнөөс үхэж чадах тийм их зориг, хүч зөвхөн эх хүнд л оршдогийг үзэгчдэд мэдрүүлэх энэ киноны гол дүрийг Ардын жүжигчин Д. Мэндбаяр бүтээх бол МУАЖ П.Цэрэндагва, Ж. Лхамхүү, МУГЖ С. Дамдин, МУГЖ Д.Цэрэндарьзав, Төрийн соёрхолт МУГЖ Ц. Төмөрбаатар, МУСТА Д. Бямбацогт, МУСТА С. Ариунбямба, МУСТА М. Дорждагва нарын жүжигчид бусад дүрүүдийг амилуулах ажээ. Киноны зохиолыг МУСТА Б.Мөнхтуяа бичиж продюссераар ажиллаж байгаа бол ерөнхий зураглаачаар МУСТА н. Отгонзориг, ерөнхий зураачаар МУСТА н.Хүрэлбаатар нар ажиллаж киноны хөгжмийг Төрийн шагналт, МУУГЗүтгэлтэн Б. Шарав бичсэн байна.
“Ижийгээ би саналаа” киноны дууны үгийг Б. Эрдэнцэцэг бичсэн бөгөөд МУГЖ Ц. Энхманлай аялгуу хийснийг МУГЖ Х. Лхагвасүрэн,МУГЖ С. Жавхлан нар дуулжээ. Найруулагч бүсгүйн хувьд хэд хэдэн кино жүжгийн зохиол, “Эмоушин” хамтлагийн дуулсан “Намайг битгий уучил” жүжгийн дуу, “Номин талст” хамтлагийн дуулсан “Оюутан охидод өрөө хөлслүүнэ” жүжгийн дуу, МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Чимээгүй шөнө” жүжгийн дуу, “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууны үгийг зохиосон билээ.
Дашрамд дурьдахад “Чононгоо фильм продакш”-ны уран бүтээлчид “Ижийгээ би саналаа” уран сайхны кинондоо зориулж үзэгч, уншигчдынхаа дунд “Хайртай шүү, ээжээ” гэрэл зургийн уралдааныг зарласан байна. Та уралдаанд оролцохын тулд хайртай ээжтэйгээ авхуулсан гэрэл зургаа 4-р сарын 20-ныг дуустал “Чононгоо фильм продакшн” хуудсанд овог, нэр, холбоо барих утастайгаа явуулсан байх, “Чононгоо фильм продакшн” хуудсанд лайк дарсан байх, уралдааны мэдээллийг нээлттэй байдлаар /public/ share хийсэн байх хэрэгтэй юм байна. Зургийг лайк /1 оноо/, share /2 оноо/ болон шүүгчдийн саналаар дүгнэж шалгаруулах бөгөөд тэргүүн байрын зургийн эзэн “Ижийгээ би саналаа” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин МУАЖ Д.Мэндбаярын хамт Бээжин хотод аялах эрхийн бичиг гардаж шилдэг 3 зургийг “Ижийгээ би саналаа” уран сайхны кинонд мөнхөлж оруулах ажээ.
Эх сурвалж: Zaluu.com