ОХУ-ын Кремлийн музейд үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Ильгиз Фазулзянов өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан талаар Ассошиэйтед Пресс мэдээлж байна. Түүний сүүлийн 20 гаруй жилд загварыг нь зохион бүтээж, урласан бүтээлүүд “Байгалиар хөглөгдсөн үнэт эдлэлүүд” нэрийн дор дизайн зургийн хамт энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдсэн байна. Өнөө цагт үнэт эдлэлийн загвар зохиодог төдийлөн олон эрхэм мэддэггүй 19-р зууны үеийн уламжлалт хэв маяг, өвөрмөц техникээр эдгээр үнэт эдлэлийг урласан болохоо зохион бүтээгч нь онцолж байна.
Мөн өдөр тутам өөрт тохиолдож байгаа үйл явдлууд, тухайн үед төрсөн бодол, мэдрэмжээ шингээсэн учраас үнэт эдлэлүүд нэг ёсны зохион бүтээгчийнхээ өдрийн тэмдэглэл, амьдралынх нь нэгэн үе ямар байсныг илэрхийлэх төлөөлөл гэж Ильгиз Фазулзянов тайлбарлаж байна. Үнэт эдлэлээс гадна Шведийн цагны брендэд зориулан түүний урласан жижиг уран зургууд энэ удаагийн үзэсгэлэнгийн үзмэрт багтсан байна. Фазулзянов үнэт эдлэлүүдээ Ильгиз Ф. гэх нэрээр бүтээдэг бөгөөд хээ угалзаар чимэглэх, сийлбэрлэх, цутгах, бүрэх зэрэг олон аргыг бүрэн төгс эзэмшсэн учраас түүний бүтээлүүдэд мэргэжилтнүүд ам сайтай байдаг юм.
Эдгээр магтаал үнэний ортойг харуулж, Ильгиз 2011 болон 2013 онд Хонконгийн үнэт эдлэлийн загвар зохион бүтээх уралдааны дээд шагналыг хүртэж байсан юм. Үзэсгэлэнд байгаа бүтээлүүдийн олонх нь хувийн цуглуулгад багтдаг. Харин 5 ширхэг бүтээл нь Москва хотын Кремлийн музейн эзэмшил юм байна. Өнөөдөр нээсэн түүний үзэсгэлэн ирэх долоодугаар сарын 31-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.
Эх сурвалж: MNB.mn