Тоглогчийн кареераа өндөрлүүлээд сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө ажиллаж эхэлсэн он бол 2004 он.
Түүний ажиллаж эхэлсэн 2005 онд Дээд лигийн 6 багийн 10-аад дасгалжуулагч, 90 орчим тамирчидтай байсан бол 10 жилийн дараа буюу 2015 онд Сонирхогчийн Спрайт хөгжлийн лигийн 65 баг, Спрайт супер лигийн 30 баг, Үндэсний супер лигийн 8, Үндэсний эмэгтэй Супер лигийн 6, Оюутны лигийн 32 нийтдээ 200 гаруй дасгалжуулагч, 141 баг, 2100 гаруй тамирчид, дасгалжуулгачтай өнөр гэр бүл болсон байна.
2012 онд МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор 21 аймгийн 330 суманд хүрч 20,000 хүүхдийг хамарсан “Мөрөөдлийн баг” төслийг хэрэгжүүлж Монгол орон даяар сагсан бөмбөгийн үрийг тарьсан. Энэхүү тэмцээн нь Монгол орны өнцөг булан бүрт буй хүүхэд багачуудад хүрч, 750 гаруй сая төгрөгөөр зохион байгуулагдсан нүсэр том төсөл болсон ба зөвхөн оролцогчид нь Буянт-Ухаа спортын ордонг дүүргэж байлаа.
Мөн сагсан бөмбөгт нутгийн менежментийг оруулж ирэн 21 аймгийн Үндэсний цомын тэмцээнийг зохион байгуулж, аймаг бүр өсвөрийн тэмцээнд оролцдог, насанд хүрэгчдийн багтай, аймгийнхаа лигийг бүгд зохион байгуулдаг болж улс даяар жигд, үсрэнгүй хөгжиж байна.
Баг тамирчдын тоо өссөний хэрээр сагсан бөмбөгийг дэмжигч байгууллага, компаниуд олон болж үүний хэрээр тамирчдыг хангамж, цалин хэд дахин өссөн. Лигийн тоглогчдын хамгийн өндөр цалин жилийн 36 сая төгрөг байгаа бол 10 –аад тоглогч амьдралын үндсэн суурь болох орон сууцтай болжээ.
С. Тулга болон түүний ажлын баг жилд зөвхөн 3 түвшний лигт 1770 гаруй тоглолтыг явуулдаг бол үүн дээр өсвөр үеийн тэмцээн, нэрэмжит тэмцээнүүд нэмэгдвэл 2500 гаруй тоглолтыг зохион байгуулж явуулдаг гэсэн тоо байна. Үүн дээр хамтран зохион байгуулсан байгууллага, салбаруудын тэмцээнүүдийн тоог нэмбэл…..
Жилд сагсан бөмбөгийн 30 гаруй үйл ажиллагаа, тэмцээн уралдааныг зохион байгуулж бүтэн жилийн циклээр амрах завгүй ажиллаж байна.
Үүн дээр 2000 оноос хойш тэмцээн уралдаан, тогтмол лиггүй орхигдоод байсан эмэгтэй тамирчдыг үргэлжид дэмжсээр ирсэн ба Спрайт лигийг зохион байгуулж, энэхүү лиг өргөжин Үндэсний Эмэгтэй Супер лиг болж Эмэгтэй шигшээ баг маань Азийн шилдэг 8 багийн нэг болжээ.
Зөвхөн сагсан бөмбөгөөр тогтохгүй хүмүүнлэгийн ажилд өөрийн боломжоороо туслая гэсэн сэтгэлээр олон байгууллага, сайхан сэтгэлт тамирчид, дэмжигчидтэй хамтран хийж, зохион байгуулсаар ирсэн. Жишээ дурьдвал сагсан бөмбөгт амьдралаа зориулан яваа Улсын шүүгч Д. Энхсайханд автомашин бэлэглэж, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Л. Аюурзаны гэр бүлийн хүн МУГТ Б. Лхамжавт орон сууц барьж өгсөн, элэгний хагалгаанд орох болсон сагсан бөмбөгчид хандивын тоглолтоор 14 орчим сая төгрөг, хүүхэд нь хагалгаанд орох хэрэгтэй болсон сагсан бөмбөгчдөө хандивын тоглолт хийн 7,8 сая төгрөг, газ дэлбэрсний улмаас түлэгдсэн ах дүү хоёрт мөн халз тоглолтын орлогоо хандивласан, Танан Гарьд багийн тоглогч Алтангэрэлд туслах аянг өрнүүлж мөнгө тусламж үзүүлсэн, хүүхдийн эмнэлэгт шаардлагатай аппаратыг Эх нялхас, Халдвартын эмнэлгүүдэд авч өгсөн, олон асрамжийн төвүүдэд боломжит тусламжуудаа үзүүлсэн зэрэг олон сайхан ажлууд хийгдсэн, цаашид ч мөн хийх биз ээ.
Сагсан бөмбөгт ажиллаж эхэлсэн цагаасаа хамгийн их эрхэмлэж яваа зүйл бол өөрөө тамирчны зутруухан үеийг туулсан тул одоо цагийн шилдэг тамирчдынхаа хүч хөдөлмөрийг зүй ёсоор үнэлүүлэхийг зорьсор ирсэн. Энэ ч үүднээсээ багуудын дотоод асуудалд оролцохгүй ч менежментийн түвшинд спонсор, ивээн тэтгэгчдийг сагсан бөмбөгтөө татсаар яваа.
Монголын дээд лигийн шагналын сан 6 сая төгрөг, аварга 3 сая төгрөг байсан бол Үндэсний супер лиг хамгийн өндөр шагналын санг бий болгож хоёр дахь жишгийг тогтоосон нь Үндэсний супер лигийн аварга баг 40,0 сая, нийт шагналын сан 90,0 сая төгрөг болгосон явдал.
Сагсан бөмбөг хэмээх гэр бүлд нэг жил эргэлдэж буй мөнгөн дүн 2,5 тэрбум төгрөг гэсэн тоо байгаа нь ямар том гэр бүл болж чадсаныг харуулж байна.
Хийе гэсэн хүн аргыг олдгийн адил сагсан бөмбөгөөс ийм хэмжээний шагналын сан бий болгоно гэхэд итгэх хүн цөөн байсан биз ээ. Боломж бүрийг ашиглаж шагналын санг нэмэхийг цаашид ч зорих биз. Тэрээр зөвхөн урьдах ажлаа хийхээ хамгийн эхэнд тавьдаг бөгөөд Жингийн цуваа явж л байдаг Замын ноход хуцаж л байдаг гэдгийн адилаар хэн нэгнээс одон медаль, сашаалын үг горьдсонгүй өөрийн хайртай спортоо хөгжүүлхээр өдийг хүртэл ажилсаар ирсэн хүн юм. Хүнийг дүгнэе гэвэл ярихыг бус бодитоор хийснээр дүгнэх ёстой.
Дараагийн зорьж буй өөдрөг бодол, зорилго Олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэх.
Эрэгтэй, эмэгтэй Үндэсний шигшээ баг маань Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн харамсалтай явдал тохиосон ч хэн нэгнийг буруутгахаас илүү өнгөрсөн алдаагаа дахин давтахгүй байж, Азийн аварга, улмаар Дэлхийн аваргад өрсөлдөх өөдрөг мөрөөдөл, зорилгыг тавин ажиллаж байна.
Дэлхийн бага олимп Монгол Улсын баг 2 удаа оролцон, Азийн хүчирхэг баг, Дэлхийн аваргын хүрэл медальт Филиппин, Японыг хожсон бол анх удаа Европ тивийн Швейцарь, Африк тивийн Мозамбек, Дэлхийн Аваргын 2 хүрэл медальт Америк тивийн Чили зэрэг улсуудыг хожин 5 ялалт байгуулаад байна.
Мөн энэ оны 09-р сард Монгол Улсад Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна.
Хийе гэсэн хүн аргыг олдог гэсэн Ардын цэцэн үгийг санан Сагсан бөмбөгийн хөгжлийн төлөөх чин хүсэл зорилгодоо н тамирчид, дасгалжуулагч, дэмжигчидийнхээ хамтаар нэгэн сэтгэлээр зүтгэн хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн Төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе!
МҮСБХ Менежментийн баг
эх сурвалж: ssport.mn