-Хоёр өдөр үргэлжилсэн эдийн засгийн форум төгсгөл рүүгээ нэлээд ширүүхэн маргаанаар үргэлжлэх шиг боллоо. Энэ удаагийн чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэв. Эдийн засгийн чуулганы үр дүнг та юу гэж харав?
-Эдийн засгийн форум дээр жил болгон макро эдийн засгийн ойрын ирээдүйн чиг хандлага, ерөнхий нөхцөл байдлын талаархи салбар хуралдаанууд болдог. Ялангуяа сүүлийн 3-4 жил эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор салбар хуралдаанууд сонирхолтой болдог. Тэгэхдээ энэ форумаар нэгдмэл шийдэл гаргаж ирдэггүй. Хүмүүс шийдэлд хүрдэг, зөвлөмж гаргадаг гэж андуураад байдаг юм. Энэхүү форумын зорилго нь макро эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирж, тал талаас нь хэлэлцэхэд оршдог. Үүнийг базаад дүгнэлт юм уу, бодлогын зөвлөмж болгоход маш хэцүү. Учир нь суурь, зарчмын хувьд өөр өөр санаанууд их орж ирдэг. Тийм учраас нэгдсэн зөвлөмж, удирдамж гардаггүй. Харин ямар ямар асуудал байна, аль асуудал нь илүү их ужгирч байна, анхаарал татсан асуудал юу байна гэдгийг онцолж хэлэлцдэг. Заримдаа хүмүүсийн санаа нийлсэн асуудлууд байдаг. Бараг зөвлөмж болчихоор ч зүйл гардаг боловч энэ нь маш цөөхөн.
-Энэ удаагийн форумаар эдийн засгийн ямар асуудал илүү их тулгамдаж байна гэж онцолж хэлэлцэв?
-Хамгийн их онцлогдсон асуудал өнөөгийн макро эдийн засгийн төлөв байдлын хүндрэл байлаа. Төсөв, сангийн бодлогын хувьд аваад үзвэл төсөв нэлээд алдагдалтай гарахаар хүлээгдэж байгаа. Мөнгөний бодлогын хувьд аваад үзвэл мөнгөний нийлүүлэлт буурч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхжил суларчихсан байгаа гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт ер нь байнга өсч байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ өсөлт нь байхгүй болоод бууралттай болчихоод байгаа юм. Тэгэхээр мөнгөний бодлого талаас нь аваад үзвэл эдийн засаг нэлээд суларчихсан, идэвхжил султай явж байна гэсэн үг. Мэдээж төлбөрийн тэнцлийн хүндрэл үргэлжилсээр байна. Гадаад хөрөнгө оруулалт огцом буурсантай холбоотойгоор төлбөрийн тэнцлийн хүндрэл бий болсон. Эдгээр асуудлуудыг тойрч ярилцлаа.
-Тэгвэл энэ хүндрэлээс гарахын тулд ямар чиглэлийг баримтлах, ямар бодлого гаргах ёстой юм бэ. Яриад л байх юм үр дүн гарахгүй байна шүү дээ?
-Энэ форумын зорилго нь нэг зөвшилцөл дээр санаа нийлэх гэхээсээ илүүтэйгээр тал талаасаа санаа оноогоо уралдуулж солилцдог. Өөрөөр хэлбэл, хүндрэлээс гарахын тулд ийм ийм санаа байна гэдэг л яриа хэлэлцээр явагддаг болохоор шууд зөвлөмж гарна гэсэн ойлголт байхгүй гэж дээр хэлсэн. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг бид ихээхэн нухацтай авч үзэх ёстой. Угтаа бол эдийн засаг хүндэрч байна гэдэг чинь нийт улс орны хэмжээнд хүндрээд байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энэ хүндрэлээс гарахын тулд тодорхой ганц, хоёр бодлого хэрэгжүүлчихвэл болчихно гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг хоёрхон юмыг засчихад л манай эдийн засаг сайжирчих юм шиг ойлговол эндүүрэл болно. Уулзсан сэтгүүлч болгон хүндрэлээс яаж гарах вэ гэж асууж байна. Харамсалтай нь хариулт тийм амархан биш.
Яагаад гэхээр институцийн болоод бүтцийн асуудлыг ярьж байна шүү дээ. Түр зуурын хүндрэл бол угаасаа байдаг зүйл. Ямар ч сайн бүтэцтэй, ямар ч сайн институцитай улс орон эдийн засгийн хүндрэлээр ороод, даваад гардаг. Үүнийг бид мөчлөгийн эдийн засаг гэж нэрлэдэг. Харин манай орны хувьд эдийн засгийн өсөлттэй үед тэлэх бодлогууд баримтлаад, уналттай үед нь дагаад хатууруулах бодлогууд баримтлаад байгаа нь мөчлөгийн далайцыг улам ихэсгээд байгаа. Тэгэхээр өмнөх бодлогынхоо сургамжийг авч болдоггүй юм уу, институцээ бэхжүүлж болдоггүй юм уу гэсэн асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Тэр нь илүү сонирхолтой. Түүнээс биш нүүрс, зэс, алтны үнэ унах бол угаасаа байдаг л асуудал.
Үүнийг бид хянаж чадахгүй. Бидний хяналтаас гадуур зүйл. Ийм байхад одоо яах вэ гэхээсээ бид яаж институцээ, бүтцээ сайжруулах вэ, яаж ирээдүйд ирж болох огцом өсөлт, хүндрэлээс өөрсдийгөө хамгаалж, аль болох хүндрэлгүй давж чаддаг болох вэ гэдэг асуудлыг илүү онцлох хэрэгтэй. Тэгэхээр миний өнцөг бол богино хугацааны гэхээсээ илүүтэй дунд, урт хугацааных юм. Одоо хүн болгон л төсвийн алдагдал нэг их наяд төгрөг болчихлоо, одоо яах вэ гээд л асуугаад байна. Гэтэл асуудал нь шийдлээ олохгүй байсаар л байна. Алдагдлыг юу бий болгож байна гэдгээ сайн анхаарах хэрэгтэй байх. Цаашдаа тогтолцоондоо өөрчлөлт оруулахгүй бол энэ алдагдалтайгаа байгаад л байна. Тогтолцоо гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр бодлого боловсруулж байгаа УИХ-ын өөрийнх нь сонирхол нь алдагдал үйлдвэрлэхэд байгаад байх шиг.
Энэхүү сонирхлыг дарахад их хэцүү. Гэхдээ бид боломжгүй юм чинь гээд гараа хумхиад суугаад байж болохгүй. Сүүлийн хоёр жил гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжье, эдийн засгаа олон тулгуурт болгоё, төсвөө алдагдалгүй болгоё гэсэн шийдлүүд амны уншлага шиг болчихоод байгаа юм. Богино хугацааны шийдлүүд мөн л дөө. Гэтэл уг үндсээр нь асуудалд хандах бас хэрэгтэй байна. Тэгэхээр институцийн шинж чанарыг ярихаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Ийм асуудалтай маш олон жил явлаа шүү дээ. Эдийн засгийн өсөлттэй үед ч ингэж ярьж байсан. Уналттай үед ч ярьсаар л байгаа.
-Тэгэхээр ерөөсөө л сургамж авахгүй байна гэсэн үг үү?
-Сургамж авч байгаа боловч явц нь маш удаан байна. Бусад орны туршлагыг бид хангалттай мэддэг, мэдээлэлтэй, мэдлэгтэй байна. Онолын, практик гээд бүх мэдлэг нь хангалттай байх шиг. Яг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шатан дээрээ ирэхээр л чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр сургамж авч байгаа боловч явц нь удаан байна.
-Эдийн засгийн хямрал гадны хүчин зүйлийн нөлөөтэй гэж ярьдаг. Үнэхээр байдал ийм байна уу, өөр хүчин зүйл бас нөлөөлөөд байна уу?
-Эдийн засгийн хямрал гэдэг бол эдийн засагчдын хувьд өөрийн гэсэн тодорхойлолттой ойлголт. Монголд тэр тодорхойлолт байдаггүй учраас хямрал гэдэг үгийг нь ашиглахад хэцүү. Харин эдийн засгийн хүндрэл байгаа юу гэвэл бий. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг би хувьдаа хоёр хүчин зүйлийн нөлөөтэй гэж харж байгаа. Нэгдүгээр эх үүсвэр нь яах аргагүй гадны хүчин зүйл. Гадны хүчин зүйл нь юу вэ гэхээр мэдээж, алт, зэс, нүүрсний үнэ унасан, манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засаг суларч байна. Бид эдгээр хүчин зүйлст нөлөөлж чадахгүй. Тиймээс шокийг бид шууд хүлээж авдаг. Мөн үүнтэй зэрэгцээд дотоод хүчин зүйлүүд нөлөөлсөн.
Энэ бол биднээс өөрсдөөс шалтгаалсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бидний хийж болох, хяналтаа тавьж, урьдчилан сэргийлж болохоор зүйлсүүд гэсэн үг. 2008-2009 оны хямралаас бид сургамж авах ёстой. Энэ хямралын дараа эдийн засаг огцом сайжраад ирэнгүүт бид хямралаас авах сургамжаа мартаад, тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлээд явсан гэж хэлж болно. Зэс, алт, нүүрсний үнэ өсөөд ирэнгүүт төсвийн зарлагын өсөлт жил болгон 30 хувийн тэлэлттэй, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь зарим тохиолдолд жилийн 50 хувийн өсөлттэй явж байсан. Эдийн засаг өсвөл бүх юм өсдөг, одоо эдийн засаг идэвхгүй болонгуут бүх юм дагаад унадаг тийм тогтолцоо үргэлжилсээр байна. Түүнчлэн, гадаад хөрөнгө оруулалтыг нэлээд хязгаарласан бодлого явагдсан.
Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглах тухай хууль батлагдсан нь шууд утгаараа гадаад хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлого явагдсан гэсэн үг. Төмөр зам, Тавантолгой, Оюутолгой, Саусгоби сэндстэй өрнүүлсэн маргаан, Хан ресурс гэх мэтчилэн үргэлжилж байна. Эдгээр нь Засгийн газар дамнасан асуудлууд явж байгаа юм. Тэгэхээр нийтээрээ энэ эдийн засгийн өсөлт, бууралтаас сургамж авах шаардлагатай гэдгийг дахин дахин харуулж байгаа хэрэг.
-Эдийн засаг хүндэрлээ гээд л төр засаг нь яриад байдаг. Гэтэл иргэдийн хувьд энэ байдал харьцангуй гайгүй байгаа юм шиг харагдаад байна л даа. Яагаад ингэж хэлж байна гэхээр манайх чинь дараалсан маш олон баяртай. Энэ баяр болгоныг иргэд өргөн хүрээнд тэмдэглэж байна шүү дээ. Тэгэхээр эдийн засаг бас ч гэж тэгтлээ хүндрээгүй юм биш үү гэж харах нэг хэсэг байна л даа?
-Үйлчилгээний салбар харьцангуй жижигхэн шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7-8 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр баяр ёслол тэмдэглэх гэдэг асуудал бол нийт эдийн засагтайгаа харьцуулахад бага л даа. Бид чинь 24 их наяд төгрөгийн эдийн засаг ярьж байгаа шүү дээ. Харагдах байдлаасаа хүмүүс хямраагүй юм шиг боловч бид нийт эдийн засгийг гудамжнаас харж чадахгүй шүү дээ.
-Монгол Улс өрөнд баригдаж гүйцлээ. Засгийн газар маш ихээр бонд босгож байна. Энэ их өр зээлийг одоо төрж байгаа нялх хүүхэд ч төлөх нь гэх зэргээр маш хэцүү байгаа юм шиг яриад байгаа?
-Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол өрийн хязгаарыг тавьсан. Түүнийгээ өсгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 58 хувь болгосон. Хуулиараа өрийн хязгаарыг баримтлах ёстой. Гэтэл хууль нь батлагдчихсан байхад өрөнд баригдлаа гэж ярих нь ойлгомжгүй асуудал. УИХ нь өөрөө өрийн дээд хязгаарыг тавиад өгчихсөн. Тэр хязгаартаа л тулах ёстой, түүнээс дээш байх ёсгүй. Харин цаг хугацааны хувьд жаахан асуудал бий. Тодруулбал, өрийн хязгаар чинь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй хамааруулж тавина шүү дээ. Жишээлбэл, ДНБ 100 төгрөг байсан бол түүний 58 төгрөгтэй тэнцэхүйц л өр байх ёстой. Тэгэхээр ДНБ чинь 110 уу, 90 уу гэдэг нь одоогоор гараагүй байгаа. Тэгэхээр өр чинь 67 юу, 63 уу гэдэг нь одоогоор мэдэгдэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр хяналтаа тавихад цаг хугацааны хоцрогдол байгаа гэж ойлгож болох юм. Харин цаашдаа өрийн үйлчилгээний төлбөр төсөвт нэлээд том дарамт бий болгох магадлал байгаа учраас бид өрийн үйлчилгээний төлбөр дээр тодорхой хязгаар тавих нь илүү үр дүнтэй арга байж болох юм.
-Сонгууль дөхсөн болоод ч тэр үү эрх баригч хүчин дэндүү их өр тавьж байна. Тэр их өрөө зөв зүйлд зарцуулсангүй гээд л хэрэлдэж эхэллээ. Нөгөө тал нь МАН эрх барьж байхдаа өрийг эхлүүлчихээд, тэр мөнгөө халамжаар тараасан гээд л байна шүү дээ?
-Би улс төрийг сайн мэдэхгүй. Тэгэхдээ өрийн хязгаарыг хуульчлаад өгчихсөн, энэ хоёр намын гишүүд чинь хамт сууж байгаад өрийн хязгаарыг баталчихсан. Засгийн газар хуулиа зөрчсөн бол өөр хэрэг. Түүнийг одоохондоо шууд хэтэрчихсэн байна гэж хэлэхэд хэцүү. ДНБ-ий тоо гараагүй байгаа учраас тодорхой хэлэх боломжгүй.
-2016 оны төсвийг батлахдаа долларын ханшийг 2030 байхаар тооцсон. Гэтэл одоо долларын ханш 2050-д хүрчихсэн байна. Долларын ханш чангараад, төгрөгийн ханш сулраад байгаа энэ үед Төв банк мөнгө ихээр хэвлэж байна гээд байгаа шүү дээ. Үнэхээр мөнгө хэвлэж нийлүүлээд байгаа юм уу?
-Сүүлийн 18 сарыг аваад үзвэл ханш бол 12 хувиар суларчихсан байгаа. Энэхүү ханшийн сулралт нь тооцоолоогүй зүйл бий болчихлоо гэхэд хэцүү. Яагаад гэхээр хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, үнэ тогтворжуулах хөтөлбөр болоод ипотекийн зээл хоёроор 2013-2015 онуудад мөнгөний нийлүүлэлт өссөн. Тэгэхээр эдийн засагт нийлүүлэгдэж байгаа төгрөгийн хэмжээ өссөн гэсэн үг. Нөгөө талаас яг үүнтэй зэрэгцээд гадаадын шууд хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллараас 0.5 тэрбум хүрэхгүй төвшинд болж буурсан.
Энэ бол 2006 оны төвшин. Өөрөөр хэлбэл, энэ нь эдийн засаг нэлээд унтамхай үеийн хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр эдийн засагт нийлүүлэгдэж байсан ам.доллар багасаад, түүнтэй харьцаж байсан төгрөгийн суурь өсчихөөр ханш өсөхөөс өөр аргагүй. Нэг ам.долларт оногдож байгаа төгрөг их болоод байна шүү дээ. Мөнгө хэвлэнэ гэдэг ойлголтыг тодруулах хэрэгтэй байх. Хэвлэнэ гэдэг нь албан ёсны үг хэллэг биш л дээ. Мөнгө олон янзын хэлбэртэй. Бидний гол анхаарлаа хандуулдаг мөнгө бол нөөц мөнгө. Нөөц мөнгө нь хөрвөх чадвар хамгийн өндөр байдаг. Та бидний халаасанд, кассанд, харилцах дансанд байгаа мөнгийг нөөц мөнгө гэдэг. Нөөц мөнгөний өсөлтийг аваад үзвэл сүүлийн үед өсөлт нь маш их саарчихсан байгаа. Хэрвээ өссөн бол мөнгө хэвлэлээ гэж ярьж болно. Нөөц мөнгийг нийлүүлж байгаа ганц субъект нь Төв банк. Нөөц мөнгө өсгөх хоёрхон арга зам бий.
Нэгдүгээрт нь эдийн засаг дээр байгаа валютыг Төв банк худалдан авсан тохиолдолд нөөц мөнгө өснө. Өөрөөр хэлбэл, банкууд дээр байсан долларыг Монголбанк худалдаж авахдаа оронд нь төгрөгөө өгнө шүү дээ. Ийм байдлаар нөөц мөнгө өсч болно. Харин, төв банк валют нийлүүллээ гэвэл нөөц мөнгө буурна. Хоёрдугаар арга нь Монголбанк төгрөгөөр зээл өгөх, бонд худалдаж авах замаар нөөц мөнгийг шууд өсгөж болно. Тэгэхээр ерөөсөө мөнгө хэвлэх арга гэдэг чинь ийм л хоёр хэлбэртэй байдаг.
-Хүмүүс болохоор мөнгөн дэвсгэрт хэвлэж авчраад л эргэлтэд оруулдаг гэж ойлгодог?
-Мөнгөн дэвсгэрт мөнгөний нэг л хэлбэр гэдгийг би оюутнууддаа байнга хэлдэг юм. Харилцах дансанд байгаа мөнгө, дэвсгэрт хоёр яг адилхан. Дэвсгэртийг шинэчилдэг, хэвлэдэг асуудал бол цэвэр үйл ажиллагааны, зохион байгуулалтын шинжтэй л асуудал. Нөөц мөнгийг өсгөж, бууруулж байгаа чинь харин мөнгөний бодлого гэж ойлгох хэрэгтэй.
-Сая Засгийн газар журам гаргаад ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувь болгож бууруулсан. Мөн малчны зээлийн хүүг бууруулсан. Энэ зайлшгүй хийгдэх ёстой ажил байсан уу. Эсвэл сонгууль угтсан шоу байв уу?
-Найман хувьтай ипотекийн зээл бол татаастай зээл шүү дээ. Тав болгож байна гэдэг чинь татаасаа ихэсгэж байна л гэсэн үг. Яагаад татаастай вэ гэхээр найман хувийн зээл гарахаас өмнө моргейжийн зээл 15 хувьтай байсан. Түүнийг найм хүртэл бууруулж байна гэдэг чинь тийм хэмжээний татаасыг Монголбанкнаас өгсөн байна гэсэн үг.
-Тэгэхээр байр худалдаж авахад нь зориулж, иргэдэд Монголбанкнаас зөрүүг банкуудад өгч байна гэсэн үг үү?
-Шууд бэлэн мөнгөөр өгч байгаа татаас биш л дээ. Хөнгөлөлттэй зээл иргэдэд өгч байгаа гэдэг утгаараа татаас гэж хэлж байгаа. Найм байж байгаад тав болно гэдэг нь таван хувийн зээлд хамрагдаж байгаа хүмүүст илүү хөнгөлөлт үзүүлж байна л гэсэн үг. Энд нэг хэлэх зүйл гэвэл найман хувьд хамрагдаж байгаа 80 гаруй мянган өрх байгаа. Монгол Улс 800 мянган өрхтэй гэвэл нийт өрхийн 10 орчим хувь гэсэн үг.
-Гэтэл орон сууцны зээлийн хүүг таван хувь болгосон нь эргээд сөрөг нөлөө үзүүлнэ. Банкны салбарыг дампууруулна гэж зарим эдийн засагчид үзээд байгаа шүү дээ?
-Найман хувь санамсаргүй тоо биш. Ерөнхийдөө 4+4 буюу төв банкнаас дөрвөн хувьтай зээлийг арилжааны банкуудад өгч байгаа. Банкуудыг найман хувьтай орон сууцны зээл өгөхөд нь зориулж гэсэн үг л дээ. Тодорхой хэмжээний эрсдэлийг банк өөрөө даана. Давсан эрсдлийг Төв банк даана л гэсэн үг. Хүүг нь тав болчихоор арилжааны банкууд нөгөө нэмж байгаа дөрвөн хувиа бууруулах ёстой болчихно. Эрсдэл нь буураагүй байхад банкуудын өгөөжийг бууруулах ёстой гэсэн үг. Тэгэхээр банкууд оролцох идэвх муутай байгаа хэрэг л дээ. Малчны зээлийн хувьд бол харьцангуй жижигхэн хөтөлбөр л дөө. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилт яаж хийгдэх нь ойлгомжгүй байгаа. Малын индексжүүлсэн даатгал гэж байгаа. Даатгалд хамрагдсан малчдын хувьд бол банкуудад учрах эрсдлийг бууруулж байгаа гэсэн үг.
-Анх улсын төсвийг баталж байх үед эдийн засгийн шинэ тэнцвэрийн талаар ярьж байсан. Тэгэхдээ төсвийн алдагдлаас болоод энэ шинэ тэнцвэрийн асуудал хэрэгжих боломжгүй болчихов уу гэж харагдаад байна. Форумын үеэр ч энэ асуудал яригдаж байсан?
-Тэгэхээр эхлээд шинэ тэнцвэр гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Монголбанкны шинэ тэнцвэр гэж зарласан бодлогын гол агуулга нь бид уул уурхайд дулдуйдсан эдийн засагтай байсан. Харин одоо бол тэр тогтолцоо өөрчлөгдсөн учраас мөнгөний бодлого дагаад өөрчлөгдөх ёстой гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, өндөр халалттай эдийн засаг байхгүй болж, илүү аажуу процесс руу орсон шүү гэдгийг л хэлж байгаа санаа. Шинэ тэнцвэр гэж цоо шинэ зүйл гараад ирлээ гэж ойлгож болохгүй. Шинэ тэнцвэр гэдэг зүйлийн агуулга нь тийм л энгийн. Уул уурхайн өмнөх үеийн тогтвортой, тэнцвэртэй, хөдөө аж ахуй давамгайлсан үеийн тэнцвэр байсан шүү дээ. Тэр үеийнх шиг биш юм аа гэхэд уул уурхай, хөдөө аж ахуй хоёр нэлээд тэнцүү баланстай эдийн засгийн тогтолцоо руу орж байна гэсэн л санаа юм. Түүнээс биш бүр цоо шинэ зүйл биш, ойлгомжгүй байдалд оруулах зүйл биш гэсэн үг. Нөгөө талаас төсвийн зарлагын өсөлт өндөр хэвээр хадгалагдах боломжгүй болж байгааг анхааруулсан.
-Төв банкны барьж байгаа бодлого дундаж давхаргынхныг илүүтэй дэмжиж байгаа гэж яригддаг?
-Монголбанкны гол зорилго нь инфляцийг нам төвшинд барихад оршдог. Өөрөөр хэлбэл, бүх хүмүүсийг үнийн өсөлтөөс хамгаалах зорилготой гэсэн үг. Мөнгөний бодлого нь аливаа нэг нийгмийн давхаргыг дэмждэг арга хэрэгсэл биш.
-Инфляци нэг оронтой тоонд хүрч, 2.9 боллоо. Энэ яг бодит бууралт мөн үү?
-Бид бол статистикаас гаргаж байгаа тоонд тулгуурлах ёстой. ҮСХ маш өндөр төвшинд ажилладаг, тоон мэдээлэлд боловсруулалт хийдэг өндөр төвшний байгууллага. Харин яагаад нэг оронтой тоонд орчихов гэдэг асуудал нь эдийн засгийн асуудал. Мэдээж мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буурч байгаа, одоо бүр хасах руугаа орчихсон байгаа. Тэгэхээр мөнгө хумигдаж байна гэсэн үг. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө татарч байна. Энэ бол эдийн засгийн идэвхжил суларч байгаагийн л шинж. Иргэдийн худалдан авах чадвар буурсан эсвэл худалдан авах сонирхолгүй болсонтой холбоотой. Орлогодоо хязгаарлагдсан, хүлээлтийн байдалд шилжсэн гэсэн үг.
-Гадны банкийг оруулж ирэх нь хэр зөв асуудал вэ. Хэрвээ гадны банк ороод ирвэл бага хүүтэй зээл өгөөд, дотоодын банкны салбар дампуурахад ойрхон байна гэх зэргээр ярьж байгаа. Үнэхээр ийм байдалд хүрэх юм уу?
-Гадаадын банк Монголд салбараа байгуулвал мэдээж хямд эх үүсвэртэй гадаад валют орж ирнэ. Жишээлбэл, Хятадын банк орж ирлээ гэж бодоход юаниар эсвэл долларын эх үүсвэртэй банк л орж ирнэ. Тэгэхээр салбар байгуулагдлаа гэхэд юань эсвэл доллароор зээл олгоно. Төгрөгөөр хадгаламж авч болно л доо. Тэгэхээр тэд манай арилжааны банкуудтай өрсөлдөөд валютаар зээл өгнө гэсэн үг.
-Эдийн засгийн хүндрэл хэр хугацаанд үргэлжлэх бол. 2017 онд нөхцөл байдал ийм хэвээрээ байх уу. Ерөнхий таамаглал байна уу. Улстөржилт бас их байх шиг?
-Алт, зэс, нүүрсний үнэ ямар байх вэ, төсвийн бодлого хэр дарамт багатай байх вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг хэр их татаж чадах вэ гэх зэрэг асуудлуудаас шалтгаална. Тэгэхээр маш олон хүчин зүйлээс хамаарах тул нөхцөл байдлыг таамаглахад. Ерөнхийдөө таамаглал гэвэл 2016, 2017 онууд идэвхжил султай байхаар л харагдаж байна. Манайх шиг хөгжиж байгаа улсад угаасаа улстөржилт явагддаг. Монгол ганцаараа улстөржиж, бужигнаад байгаа ч юм биш. Гэтэл гадны хөрөнгө оруулагчид чинь маш олон оронд ажиллаж, туршлага хуримтлуулчихсан байдаг болохоор ганц, хоёр улстөрчид асуудал үүсгэсний төлөө дайжаад, орж ирэхгүй байна гэж бодож байгаа бол утгагүй зүйл. Хамгийн гол нь энэ улс орж ирсэн хөрөнгө оруулах орчин нь тогтвортой, бодлого нь ойлгомжтой байхыг л хүсч байгаа.
Эх сурвалж: www.mminfo.mn