Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал

download-1Ургийн хөгжил зогсох буюу өсөлтгүй жирэмслэлт сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн санаа бодлыг чилээж эхэлжээ. Монгол Улсад таван жирэмслэлт тутмын нэг нь өсөлтгүй байгаа талаар “Happy family” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Д.Энхжаргал онцолж байна. Өсөлтгүй жирэмслэлт өмнө нь ховор тохиолддог байсан бол сүүлийн гурван жил эрс нэмэгдэж одоо хэвийн үзэгдэл мэт болоод байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн боловч жирэмсний эрт үед өсөлт нь зогссоныг өсөлтгүй жирэмслэлт гэдэг байна. Өөрөөр хэлбэл, үр хөврөл анх бүрэлдэн тогтохдоо л амьдрах чадамжгүй гэсэн үг ажээ. Энэ нь жирэмсний эхний гурван сарын хугацаанд түлхүү тохиолддог бөгөөд ихэвчлэн хэсэг хугацааны дараа өөрөө зулбадаг байна. Өсөлтгүй жирэмслэлт стресс, агаарын бохирдол, нийгмийн байдал, зохисгүй хүнсний хэрэглээ, бэлгийн замын халдварт өвчин, үрэвсэл зэрэг маш олон шалтгааны улмаас бий болдог ч үүний гол шалтгаан нь үр хөндөлт гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, үр хөндөлт олон удаа хийлгэх, хожуу жирэмслэлт ихээхэн нөлөөлж байгаа аж. Өсөлтгүй жирэмслэлт гэсэн оноштой эмэгтэйчүүдийн ихэнх нь 2-3 удаа үр хөндүүлсэн байдгаас 27-28 долоо хоногтой жирэмсний өсөлт зогсох тохиолдол гардаг байна. Өөрөөр хэлбэл, олон удаа үр хөндөлт хийлгэсэн, үрэвсэлт өвчнөөр өвчилсөн хүний умайн хана үр хөврөлийг хүлээж авах, түүнийг тэжээх орчин болж чаддаггүй аж. Тиймээс ихсээс тэжээл авч чадахгүй болсон ураг өсөлтгүй болдог байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эрсдэлтэй жирэмслэлт судлалын тасгийн эрхлэгч С.Сүнжидмаа “Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлтийн тоо өсч байгаа нь олон шалтгаантай ч үүнд хүсээгүй жирэмслэлт голлон нөлөөлж байна. Тодруулбал, зулбуулах эмийг дур мэдэж хэрэглэснээс ураг зулбахгүй дотроо өсөлтгүй болсон шалтгаантай хүн олон ирж байна” гэв. ЭХЭМҮТ-ийнхөн 2012 онд 517 хүнд өсөлтгүй жирэмслэлт гэдэг оношийг тавьжээ. 2013 онд 300 хүнд ийм онош тавьсан байна. Харин энэ оны судалгаа мэдээлэл одоогоор алга. Манай улсад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон эмнэлэг байдаг ч улсын хэмжээнд өсөлтгүй жирэмслэлтийн талаар нэгдсэн судалгаа байдаггүй аж. Эхний гурван сард ураг өсөлтгүй болсон тохиолдолд Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт, гурван сараас дээш хугацаан дахийг Дутуу тээлт судлалын тасаг хүлээн авдаг байна. Сүүлийн үед Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт ирэх өсөлтгүй жирэмслэлтийн тоо эрс нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, өдөрт 2-3, зарим өдөр 4-5 хүн өсөлтгүй жирэмслэлт гэх оноштойгоор ирэх тохиолдол бий гэнэ. Тус төвийн Эрсдэлтэй жирэмслэлт судлалын тасгийн эрхлэгч С.Сүнжидмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

С.СҮНЖИДМАА: ОХИД БҮСГҮЙЧҮҮД ӨСӨЛТГҮЙ ЖИРЭМСЛЭЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙДАГ

-Өсөлтгүй жирэмслэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Өсөлтгүй жирэмслэлт эхийн эрүүл мэнд, нийгэм, биологи, стресс, бэлгийн замын халдварт өвчин, үрэвсэл зэрэг олон шалтгааны улмаас бий болдог. Тиймээс тухайн нөхцөлд үүнээс болсон өсөлтгүй жирэмслэлт гэж тогтооход хэцүү. Ээжүүд хамгийн түрүүнд өөрийн эрүүл мэнддээ анхаарч, эх эрүүл байж эрүүл хүүхэд төрнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Эх ямар нэгэн байдлаар өвчтэй, ургийг цаашид тээх боломжгүй тохиолдолд хүүхэд өсөлтгүй болж, жирэмслэлт зулбах хүртэлх хэмжээнд хүрэхийг өсөлтгүй жирэмслэлт гэж нэрлэдэг. Амьдралын боломж тааруу, хэрэглэж байгаа хүнс нь эрүүл бус байгаагаас их шалтгаалж байна. Мөн өвлийн улиралд агаарын бохирдол нөлөөлж байгааг эмч нар үгүйсгэдэггүй. Гэхдээ агаарын бохирдлоос болж байна гэсэн судалгаа байхгүй учир шууд нөлөөлж байна гэхэд хэцүү. Үр хүүхэдтэй болно гэдэг ганц ээж, эмнэлгийн байгууллагын хариуцлага биш. Тухайн гэр бүл эрүүл хүүхэдтэй болох, эсэх нь гэр бүлийн хариуцлага. Тиймээс ээж болох бэлтгэлийг охин байхаас нь хийх ёстой. Мөн гэр бүл төлөвлөлт хийхдээ эхнэр, нөхөр хоорондоо ярилцаж, хэзээ хүүхэдтэй болох талаар төлөвлөх хэрэгтэй. Тэгээд жирэмсэн болохоосоо өмнө хоёулаа шинжилгээ өгч, үнэхээр эрүүл байгаа тохиолдолд өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Өсөлтгүй жирэмслэлтийн үед тохиолдох гол хүндрэл нь юу вэ?

-Жирэмсэн болсон л бол эмчийн хяналтад орох шаардлагатай. Хам гийн гол нь эхний гурван сартайд мэргэжлийн эмчид үзүүлж шаардлагатай бүх шинжилгээг өгч өсөлтгүй болохоос сэргийлэх ёстой. Хэрэв шинжилгээгээр өөрчлөлттэй гарвал эмч нь эмчилгээ хийж арга хэмжээгээ аваад явна. Гэтэл ихэнх ээжүүд жирэмсэн болчихоод эмчийн хяналтад ордоггүй. Мөн шинжилгээ өгөхгүй явж байгаад өсөлтгүй болж, бүх юм өнгөрсний дараа эмнэлэгт ханддаг. Мэдээж эмч нар бага хугацаанд нь оношилж эмчлэх, хүндэрсэн үед нь эмчлэх өөр шүү дээ. Өсөлтгүй жирэмслэлтийн гол хүндрэл нь цус алдалт. Цус бүлэгнэлтийн системд өөрчлөлт оруулдаг. Тэгэхээр их хэмжээний цус алдалттай шокийн байдалтай ирэх тохиолдол олон байна.

-Өсөлтгүй жирэмслэлт ямар сөрөг нөлөөтэй вэ. Дахин жирэмслэх боломжтой юу?

-Дахин жирэмслэх боломжтой. Гэхдээ тухайн эхийн хэвлийд байгаа хүүхэд цаашаа өсөхгүй болсон учир ихэвчлэн жирэмслэлтийг тасалдаг. Зарим тохиолдолд өөрөө зулбаж, цус алдаж гардаг. Мөн өсөлтгүй гэдгийг нь эрт мэдэж, эмнэлэгт хэвтүүлж, эмчилж, бэлдэж байгаад жирэмслэлтийг тасалдаг. Харин эхний гурван сартай буюу 12 долоо хоногоос дотогш өсөлтгүй жирэмслэлт байвал умайн хөндийг багажаар соруулж цэвэрлэдэг. Хэрэв 12 долоо хоногоос дээш хугацаатай тохиолдолд эмнэлэгт эмийн үр зулбуулах аргаар шийдвэрлэдэг. Ер нь умайн хөндийг цэвэрлэнэ гэдэг умайн дотор хананд гэмтэл учруулж байна гэсэн үг. Тиймээс эргээд тухайн ээж жирэмслэхгүй байх магадлал бий. Тухайлбал, умайн хананд хэр их гэмтэл учруулсан гэдгээсээ шалтгаалж, тэр нь эргэн нөхөн төлжих процесс хэр явж байгаагаас шалтгаалж хоёр дахь үргүйдэл ч болох тал бий.

-Охид, бүсгүйчүүд өсөлтгүй жирэмслэлтийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Манайд ирж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь өсөлтгүй жирэмслэлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Тэр битгий хэл жирэмсний болон төрөх тухай ойлголтгүй байна. Тухайлбал, жирэмслэлт гэж юу вэ. Жирэмсний эхний, дунд, сүүлийн гурван сард юуг анхаарах ёстой. Энэ хугацаанд хэвлий дэх хүүхдэдээ ямар анхаарал халамж тавих ёстой талаар ямар ч ойлголтгүй. Хүүхдээ 10 сар тэгээд төрөх хугацаа нь болоод төрж байгаа ээжүүд ч төрөх тухай ойлголтгүй байх тохиолдол элбэг байдаг. Гэхдээ бүгдийг жирэмсэн эмэгтэй рүү чихэж болохгүй. Манай анхан шатны байгууллага ачааллаасаа хамаарч тухайн ээжид гүйцэд мэдээлэл өгч чадахгүй байна.

Өсөлтгүй жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн нас болон төрөл-тийн тооноос хамаарахгүйгээр тохиолддог байна. С.Сүнжидмаа эмчийн хэлснээр охид бүсгүйчүүд энэ талаар мэдээлэлгүй байдаг нь эрсдэлд хүргэж байна. Тиймээс өсөлтгүй жирэмслэлтийг бий болгодог бас нэг шалтгааныг анхааруулж байна. ТORCH (“Т”-ток соплазм, “О”-салхинцэцэг, тэмбүү, сүрьеэ, ДОХ-ын болон парво вирусийн халдвар, “R”-Rubella буюу улаанууд, С-цитомегаловирус, “Н”-херпес вирус)-ийн халдвар мөн нөлөөлдөг байна. Эдгээр нь вирусээр үүсдэг халдвар аж. Тухайлбал, цито мегаловирус нь хүний шүлс, цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сүүнд байдаг аж. Амьсгалын замаар, шээс бэлгийн тогтолцооны эрхтэн, хөхний сүүгээр болон төрөх үед ихсээр халдвар дамждаг байна. Нэгэнт халдварласан вирус хүний биед насан турш хадгалагдах учир эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэх үед ч халдвар дамжих аюултай гэнэ. Тиймээс жирэмслэхийг хүсч байгаа болон жирэмсэн эхчүүд шинжлүүлж, вирусийн идэвхжлээ бууруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай аж. Эл вирусийг тээгч олон хүн Монголд байдаг байна. Мөн улаанууд вирусийн халдвар нь агаар дуслын замаар болон эхээс урагт ихсээр дамждаг. Жирэмсний эхний гурван сард өвчилбөл урагт гажиг үүсч, улмаар өсөлтгүй болдог байна. 2000-аад оны эхээр эл халдварын улмаас олон жирэмслэлтийг эмчилгээний аргаар тасалж байжээ.

М.Энхцэцэг

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …