Улс төрийн намуудын үзэл баримтлалын талаар Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа.
-Та Либериал үзлийг нилээд шүүмжилдэг. Нийгэмд ямар байдал үүсгэдэг болоод шүүмжлэх болов?
-Либериал үзэл, шинэ либериал үзэл 40 жил оршин тогтноод нуран унасан. Лебириал үзэл дэлхийд одоо байхгүй болсон. Үүгээр халхавч хийж амьдарч буй хэсэг бүлэг хүмүүс л байна. 2012 оны Давосын дэлхийн эдийн засгийн форум дээр шинэ либериализм сүйрсэн гэдгийг зарласан. Хуучин социалист лагерт байсан орнууд либериализмд шилжсэнээр бүхий л бүтээн байгуулалт, өмч хөрөнгөө устгаад дууссан. Эдгээр улс орнуудын улс төр нь олигархиудын гарт орж, авилгал, шударга бус байдал хэрээс хэтрэн, эдийн засаг нь залилан, хулгай дээрэмд идэгдэн, нийгмийн бодлого бүрэн устсан.
Либериализмын чимээгүй тахал олон улс орныг сульдааж, гүн ангал руу алгуурхан живүүлсээр байна. Хүн төрөлхтөн либериализмыг үзэн ядаж, амьдралдаа итгэх итгэлгүй болж байна.
-Эдийн засгийн хувьд ямар хор уршиг учруулдаг вэ?
-Либериализмын уршгаар баян хоосны ялгаа, өлсгөлөн, ядуурал, гуйланчлал, дайн, өвчин өдрөөс өдөрт хүрээгээ тэлж хүн төрөлхтөн эдгээрийн өмнө хүчин мөхөсдөж байна. Монгол орон 1990 оноос ардчилалд шилжихтэй хамт либериализмын замаар замнасан. Бид ардчиллыг либериализмтай хольж хутган, ардчиллыг либериализмаар төлөөлүүлэн ойлгосноор төөрөгдөлд орох цаашлаад үгүйрэн хоосрох эхлэлээ тавьсан юм.
Ардчилал бол либериализм биш. Либериализмын уршгаар улс орны тусгаар тогтнол алдагдаж, эх оронч сэтгэл үнэгүйдэж, үндэстний аюулгүй байдал үгүй болж, эдийн засаг бүхэлдээ луйврын сүлжээнд орон, улс орныг хамарсан хямрал, ядуурал газар аван инфляци, банкны хүү зэргээс үүдэлтэй сүйрлүүд гардаг.
Дэндүү либерал байснаар улс оронд томоохон хэмжээний хямрал болдгийг 1930, 2008 оны АНУ-ын санхүү, эдийн засгийн хямрал гэрчилдэг.
-Ардчилал жинхэнэ утгаараа явж байгаа эсэхэд танай нам эсэргүүцэл илэрхийлдэг. Ардчилал гэж чухам юм вэ?
-Гараанаасаа хадуурсан Ардчилал Монголын нийгмийг илд далд түйвээж байна. Дураараа авирлагчидын золиос ард түмэн болж байна. Ардчиллын онолд ард түмнээ хуурч, мэхэлж эрх мэдэлд хүрээд авилга авч, хулгай дээрэм хийж, олигархи луйварчин бол гэж ерөөсөө ч заагаагүй. Ардчилал хүмүүнлэг ёсыг, шударга байхыг, эрх чөлөөг, тэнцүү эрхийг тунхагладаг болохоос дураа дагасан дураараа авирлагчдын бузар булхайгаа далдалдаг тийм бохир зүйл биш. Эх нутагтаа нүд үзүүрлэгдсэн Монголын иргэн харийн оронд бас л нүд үзүүрлэгдэж хувь заяандаа гомдоно.
-Ардчилсан нам Либериал үзэлтэй биздээ?
-Ардчилсан намын хагарал бутрал, нэгдлийн явцадаа үзэл баримтлалгүй болсон. Хэрвээ либериал үзэлтэй юм бол тэр нь нуран унасаныг би түрүүнд хэлсэн. Х. Тэмжүүжин “Манай намд улаан коммунист ч бий, либериал ч бий, социал демократ ч бий, консерватив үзэлтэй ч бий, үндэсхэрэг үзэлтэй хүмүүс ч бий” гэж хэлсэн нь үзэл баримтлалгүй нам гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй, нам биш эрх ашиг хөөсөн бүлэг хүмүүсийн бөөгнөрөл гэж ойлгогдохоор байна.
Мөн Н.Алтанхуяг “Баруун, зүүн гэж юу байдаг юм би лав мэдэхгүй” хэлсэн нь Ардчилсан нам үзэл баримтлалгүй гэдгийн баталгаа юм. Үзэл баримтлалгүй нам улс эх орныг ингэж авч явна гэж итгэл төрөхөөр бодлого гаргаж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ.
-Ардчилсан намын “Монгол хүн -2020” тэгээд ямар үзэл баримтлалд тулгуурласан хөтөлбөр вэ?
Ард түмнээс асуусан хөтөлбөр гэж нийгмийн тархийг угаасан л болохоос нам тойрсон гишүүдээсээ зохион байгуулалттайгаар авсан судлагаа шүү дээ. Аливаа улс төрийн хүчин ард түмнийг авч явдаг ухаанаа мэддэг байх ёстой болохоос биш бид юу хийх вэ? Бид мэдэхгүй байна та хэлээд өгөөч гээд явдаггүй байх. Энэ бол улс эх орныг авч явах тархи байхгүй байна гэсэн үг.
Монгол хүн-2020 хөтөлбөр бол ард түмний хүсэн хүлээсэн хөтөлбөр биш. Улс эх орны идээдүйг тодорхойлох хөтөлбөр биш. Ард түмэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг уншаад ойлгож байгаа. Зүүний чиглэлийн үзэл баримтлалын асуудлууд ихэнх нь орсон байгаа.
Улс орныг яаж авч явахаа мэдэхгүй нам байж болохгүй. Нөгөө талаас үзэл баримтлал байхгүй учраас ийм хямралд орж байгаа юм.
-Үзэл баримтлалгүй бол нам биш болох уу?
-Намыг амьд байлгадаг, тодорхойлдог гол зүйл бол үзэл баримтлал болохоос биш. Бүгд улаан дээлтэй байж болохгүй биздээ. Үзэл баримтлал нь нуран унасан, үзэл баримтлалгүй, үзэл баримтлалаасаа ухарсан намууд нам биш. Үзэл баримтлал байхгүй бол бодлого гарахгүй шдээ. Ард түмэнд юу гээд бичээд, юу гээд амлачихвал санал өгөх бол гэсэн горьдлогын улс төрөөсөө салах цаг болсон. Зүүн нь зүүнийхээ, баруун нь барууныхаа үзлийн мөн чанарыг мэдэж байж улс эрх орныг авч явах бодлого гаргах ёстой.
-Баруун зүүнээ тайлбарлаж өгөөч.
-Ер нь бол барууны үзэл дотор хэт баруун гэж бий тэр нь нацист, фашист намууд орно. Баруунд бол ийм намууд байна. Тэд тодорхой суудалд байнга сонгогддог. Барууны намд консерватив намууд оршдог.
Зүүний үзэл дотор хэт зүүн гэж бий тэр нь коммунист намууд ордог. Зүүний намд социал демократ үзэлтэй намууд ордог. Зүүний үзэлтэй нам бол улс эх орны дотоод асуудлыг шийддэг үзэл. Харин барууны үзэлтэй нам бол энэ улс үндэстэн дэлхийн улс гүрнүүдтэй хэрхэн харилцах, ямар бодлого явуулах гээд томоохон асуудалд анхаарлаа хандуулдаг үзэл.
Зүүний үзэлтэй нам бол ажилгүйдлын тухай, ядуурлын тухай, халамжийн бодлогын тухай ярих ёстой.
-Улс төрийн намуудын тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэж байна гэсэн яриа гарах боллоо.
-Үзэл баримтлал тодорхойлохгүй намыг бүртгэхгүй. Үзэл баримтлал ижил намуудыг бүртгэхгүй байх ёстой. Хатуу гишүүнчлэлийг зогсоох ёстой. Итгэл үнэмшлээрээ намдаа элссэн байх ёстой. Улс төрийн намуудын санхүүжилт бол ил тод байх гэсэн зарчмыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Намуудын үйл ажиллагааг явуулах байраар хангах зардал, ажилчдын цалингийн зардал, мөрийн хөтөлбөр боловсруулах ажил, иргэний улс төрийн болосвролыг дээшлүүлэх ажил гэх мэт урсгал зардлуудыг төрөөс нэгэн адил гаргаж өгдөг байх хэрэгтэй. Бусад төрлийн санхүүжилтийг татвар, хандиваар шийдэх хэрэгтэй. Үр дүнгийн санхүүжилтын хэмжээг багасгах ёстой. Ингэж байж Ардчилсан нийгмийн тэгш байх, шударга байх зарчимд дөхөж очно.
Санхүүжилтын дээрх асуудлуудыг зөв шийдэж чадвал намуудыг хөрөнгө оруулагчдын нөлөөлөлд орохоос сэргийлэх, авлигын мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, ямар нэгэн явцуу ашиг сонирхлоос улс төрийг хамгаалах, хараат бус байдлыг нэмэгдүүлэх гэм мэт асуудал шийдвэрлэгдэнэ. Ийм зарчимын байр суурьтай байна. Энэ саналуудыг боловсруулж хүргүүлсэн байгаа.
М.Норовсүрэн
Эх сурвалж: Өглөөний сонин