Цэргийн 032 дугаар ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол нь цоорхой хүүхдүүдийн үзлэгийг өчигдрөөс үнэ төлбөргүй хийж эхэллээ. Үзлэгийн дараа зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Энэ талаарх мэдээллийг 91997268 утсанд холбогдож авах боломжтой юм байна. “The salvation army” хүмүүнлэгийн байгууллага БНСУ-ын Данвон эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хойш жил бүр 5-10, нийт 61 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийгээд байгаа аж. Дашрамд дурдахад, орчин үед зүрхний олон гажгийг мэс ажилбараар анагааж чаддаг болсон билээ. Зүрхний гажгаас урьдчилан сэргийлэх арга хараахан бий болоогүй ч системийн үйл ажиллагааны доголдол, алдагдлыг цаг тухайд нь таних боломж олгодог арга байдаг гэнэ. Тухайлбал 40-өөс дээш насныхан өөрсдийгөө цоо эрүүл гэж бодож байсан ч жилдээ ганц удаа ч болов зүрхний бичлэг хийлгэж байх ёстой ажээ.
эх сурвалж: unen.mn