Гэвш Жамба Тинлей: Эдгээр таван дүрмийг чанд мөрдвөл сэтгэлээ номхруулахыг хүсэхгүй байсан ч сэтгэл чинь аяндаа номхрох болно гэдгийг би амалж чадна.
1. Эхний дүрэм. Бусдын хэрэгт бүү оролц.
Бид бусдын үйлдэлд илүүтэй анхаардаг, оролцдог маш том алдаа дутагдал байдаг. Энэ бидний хэрэг биш. Хэрвээ бусад хүн амжилттай байвал атаархана. Асуудалтай байгааг нь мэдвэл сэтгэл тайвширна. Ингэх нь маш хор хөнөөлтэй. Энэ бол хамгийн эхний анхаарах асуудал. Хэзээ ч битгий бусдын хэрэгт оролц, анхаар. Энэ хандлага таны өөрийнхөө оюун ухааныг ялан дийлэхэд саад болно. Тэгэхээр одоо “би бусдын юу хийж байгаад огтхон ч анхаарахгүй” гэж өөртөө амлах хэрэгтэй. Ингэж чадвал эрч хүч чинь зөвхөн өөрийнхөө оюун ухааныг номхруулахад чиглэн ашиглагдах болно. Маш тустай арга. Бусад хүмүүст нөлөөлөх гэж битгий хичээ, бусдад таалагдахыг ч битгий хичээ. Энэ бүхэн ямар ч утга учиргүй. Номд харшилна. Чи юу вэ, хэн бэ гэдэг чухал болохоос бусад хүмүүс юу гэж хэлэх, юу гэж бодох огтхон ч чухал биш. Ингэснээр та өөрийнхөө оюун ухаантай ажиллах маш их цагтай болно. Ингэхгүй бол та нөгөө л нэг ахуй үесийн амьдралын жижиг сажиг асуудлуудын араас хөөцөлдсөөр хамаг цагаа барж, өөрийнхөө оюун ухаантай ажиллах цаггүй болно. Бусдын сэтгэлийг татах гэж хичээх гэх зэрэг нь ямар ч хэрэггүй зүйл. Энэ бол буруу үзэл, том алдаа, шатрын нүүдэл. Өөртөө үнэнчээр амлах хэрэгтэй “Би бусдын хэрэгт оролцохгүй” гэж. Ингэсэн даруй таны сэтгэл оюун ухаан ямар нэг түвшинд амар амгаланг мэдэрч, нигүүлсэлээр дүүрэх болно. “Би бол хамгийн нам дор хүн, миний оюун ухаан төөрөгдөл мунхралаар нэрвэгдэн өвдсөн, би үүнийг эмчлэхийг хичээн ажиллах хэрэгтэй учраас бусдын хэрэгт оролцох өөр зүйлсэд анхаарах гэх мэтээр үрэх цаг надад байхгүй” гэх сэтгэлийг өөртөө үүсгэ.
2. Хоёрдугаар дүрэм. Үргэлж өөрийнхөө бие, хэл, сэтгэлийг сэрэмжилэн ажигла.
Би амлая, та ч бас амлаарай. Өөрийнхөө бие, хэл, сэтгэлийг сэрэмжилэн ажиглана гэж. Энэ маш чухал. Ирээдүйд амарлин ахуйн бясалгалд ахихад энэ хамгийн гол, үндсэн суурь болж өгнө. Амарлин ахуйн бясалгалд мэргэшихийн тулд анхаарал төвлөрөл дээд түвшинд байх хэрэгтэй. Анхаарал төвлөрөл үгүйгээр амарлин ахуйн бясалгал хийх боломжгүй. Одоогийн байгаа анхаарал төвлөрөлөөрөө та бүхэн хичнээн жил бясалгал хийгээд ч амарлин ахуйн түвшинд хүрч чадахгүй. Хамгийн эхлээд анхаарал төвлөрөлөө сайжруулж, хүчтэй болгох хэрэгтэй. Анхаарал төвлөрөл бол уяа гэсэн үг. Зааныг уяж тогтоосны дараа номхруулна. Анхаарал төвлөрөлийг өндөр түвшинд хөгжүүлсэнээр өөрийн оюун ухааны галзуу зааныг номхруулах боломжтой болно. Амарлин ахуйн бясалгал хийж эхлэхээсээ өмнө өдөр тутмын амьдралдаа анхаарал төвлөрөлөө хөгжүүлж, ирээдүйд амарлин ахуйн бясалгал хийж эхлэхэд түүнийг бэлтгэх хэрэгтэй. Мөн түүнчилэн бие, хэл, сэтгэлийн үйлдээ сонор сэрэмжтэй хандаж эхэлсэнээр таны ёс зүй, зан төлөв чинь цэвэр ариун болно. Ёс зүй гэдэг бол бие, хэл, сэтгэлээ сул зөнд нь орхиод бусдад хорлолтой зүйл хийхээс бидний сэргийлж байдаг. Оюун ухаанд чинь бусдад хорлолтой сэтгэл үүсэх л юм бол үгүй ээ ингэж болохгүй гээд зогсоож байх хэрэгтэй. Энэ бол номыг дадуулахуй.
3. Гуравдугаар дүрэм. Аз жаргалтай байх, асуудлаа шийдэхийн тулд хэзээ ч битгий муу сэтгэлийг ашигла.
Энэ бол бидний хийдэг хамгийн том алдаа бөгөөд үүгээр уршигдаж бидний асуудлууд үүсдэг. Муу сэтгэлийг үүсэх шалтгаан нөхцөл, түүний хор хөнөөлийг ухамсарлан хэдийгээр аз жаргал олж, асуудлаа шийдэхэд чинь хэрэгтэй байсан ч түүнийг бүү ашигла. Өөрийгөө муу сэтгэлийг хэрэглэх өвчнөөр өвдсөн, архинд донтдог шиг л автсан гэж хүлээн зөвшөөрөөрэй. Сансарын хүрдэнд байгаа амьтан бүр эхнээсээ төгсгөл хүртэл бүгд л аз жаргалтай байж, асуудлыг шийдэхийн тулд муу сэтгэлээ ашиглаж сурсан. Энэ нь бидэнд хортойг мэдсээр байж муу сэтгэлдээ дөрөөлж аливааг үйлддэг. Хэдийгээр энэ бидний сэтгэл, оюун ухаанд хор хөнөөлтэйг мэдсээр байж л үйлддэг. Тэгэхээр бид муу сэтгэлийг урьдал болгодог зуршилтай, нэг ёсондоо өвчтэй болчихсон. Хамгийн эхлээд номын шимийг хүртэх өндөр түвшний хүлээлт, найдвар тээгээд хэрэггүй. Амарлин ахуй буюу шаматхагийн тухай бодохоос өмнө энэ муу сэтгэлээ яаж дарж сурах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Эхэндээ амарлин ахуй бясалгалд ахиж дэвшинэ гэж бүү бод, оюун ухаанаасаа муу сэтгэлийг үлдэн хөөх тухай л бод. Муу сэтгэл, нисванисаар өдөөгдсөн сэтгэлтэй байж амарлин ахуйг хөгжүүлж, тарнийн бясалгал хийнэ гэдэг үнэхээр инээдэмтэй хэрэг. Тэгэхээр одоо та өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Өөрийнхөө оюун ухаанаас муу сэтгэлийг үлдэн хөөнө гэж өөртөө маш итгэлтэйгээр хэлж, хүчтэй сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Муу сэтгэлээ багасгаж чадсан тэр үед таны амьдрал аз жаргалд хаалгаа нээх болно гэдгийг би амалж байна. Би бясалгалын өндөр түвшинд хүрсэн хүн биш ч муу сэтгэлээ багасгаснаар танд ийм зүйл тохиолдоно гэдгийг би хэлж чадна. Муу сэтгэлийн донтолтоо эмчилсэн цагт та жирийн хүн болно. Архинаас гарсан хүн донтолтоос өмнө ямар хүн байснаа эргэн санадаг шиг та эмчлэгдэх болно. Бие эрүүлжиж, сэтгэл амар амгалан болж аз жаргалыг мэдрэх болно. Энэ бол ёс зүйг дадуулахуй. Ёс зүй, сахил санваар гэдэг лам хуваргуудын асуудал биш хэн оюун санаагаа муу сэтгэлээс цэвэрлэж чадна, хэн оюун санаанаасаа муу сэтгэлд донтох донтолтыг авч хаяж чадна түүнд хамаатай асуудал. Шантидэва гэгээний айлдсан номд тулгуурлан би хэлж байгаа юм. Шантидэва гэгээн юу гэж айлдсан гэхээр “Хэрвээ оюун ухаанаа сэрэмжилэн хянахгүй юм бол тэр олон ёс суртахуун, сахил санваарын хэрэг хаана гарах вэ” гэж айлдсан. Сэтгэлээ юунаас хамгаалах вэ? Мунхрал төөрөгдөлөөс хамгаална. Энэ бол хамгийн дээд ёс суртахуун. Үүний дараа хэн нэгэн сөрөг зүйл хэлэхэд танд тэр нь жорлонгийн үнэр шиг санагддаг болно. Та сөрөг бодол агуулахыг хүсэхгүй. Хэн нэгэн бусдыг муулахад та сонирхохгүй. Энэрэл нигүүлсэлийн тухай санахад таны оюун ухаан аз жаргалаар дүүрэх болно. Бие болон хэлээрээ мууг үйлдэж, хэлэхгүй бол таны сэтгэл санаа маш тайван амгалан болно. Нигүүлсэнгүй сэтгэл билэг билгүүнтэй хосолбол таныг шаналгахын оронд таны сэтгэл, оюун ухааныг харин ч хүчтэй болгодог. Хэзээ ч битгий муу сэтгэлээ ашигла, муу сэтгэлд донтсон тэр сэтгэлээ өөрийнхөө оюун ухаанаас авч хая. Энэ маш чухал.
4. Дөрөвдүгээр дүрэм. Би болон бусад хүн бүгдээрээ адилхан чухал гэж бод.
Энэ бол сайхан сэтгэлийг тулах маш чухал багана. Энэ бол бодь сэтгэлийг тулах багана. Бусдыг өөрөөсөө илүү цэнэтэй гэж бодох хэрэгтэй. Гэхдээ энэ маш хэцүү. Тийм хэдий боловч бусад болон би адилхан чухал гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одооноос эхлээд би чухал хэмээн бодохын оронд би болон бусад адилхан чухал гэж бодож, хандаж сураарай. Сэтгэлийн ийм эерэг хандлагатай болоход таны сайхан сэтгэл өдөр ирэх тусам хөгжсөөр байх болно.
5. Тавдугаар дүрэм. Хэзээ ч бүү шантар, дахин дахин оролдсоор бай.
Юунд хичээх вэ? Дээрх дөрвөн дүрмийг байнга биелүүлэхийг хичээ. Дахин дахин оролд, эдгээр нь тийм амархан дүрмүүд биш ч гэсэн хичээсээр байх юм бол нэг л өдөр дүрмүүд нь байнгын болж таны амьдралд биелэлээ олно. Эдгээр таван дүрмийг та бүхнийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг та бүхнээс би хүсч байна, ялангуяа бясалгалын курсын үеэр. Эдгээр дүрмүүдийг цаасан дээр бичээд, мөргөл залбиралынхаа хамт өдөр бүр харж байвал энэ маш их тустай шүү.
Түлхүүр үгзөвлөгөө
Санал болгох мэдээ
Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө
Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …