Ахлах дэслэгч агсан А.А.Прохоренког ОХУ-ын баатар цолоор нэхэн шагналаа

13001270_623596634454554_1692772260390393900_n2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган, “ОХУ-ын Баатар цол”-оор ахлах дэслэгч Александр Александрович Прохоренког нэхэн шагнав. Тэрбээр 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Сири Улсын Хомс муж дахь Тадмор суурингийн орчимд байлдааны ажиллагаанд оролцож тусгай үүрэг гүйцэтгэж яваад дайсны давуу хүчинд бүслэгдэн улмаар “өөр дээрээ гал дуудаж” баатарлагаар амь үрэгдсэн юм.
2015 оны 9 дүгээр сарын 30-нд Сирийн Арабын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын хүсэлтээр тус улсад ОХУ-ын Агаар-сансарын цэргийн ажиллагаа эхэлж “Исламын Улс” террорист бүлэглэлд хүчтэй цохилт өгч, тулааны талбарт эрс эргэлт гаргасныг бид мэднэ. Оросын цэргийн агаарын дайралт нь АНУ-ын тэргүүлсэн улс орнуудаас нэг жил 3 сараар хоцорч эхэлсэн ч богино хугацаанд тэдэнтэй харьцуулбал хамаагүй илүү үр дүнтэй, идэвхитэй явагдсан юм.

Сирид үүрэг гүйцэтгэж буй оросын нисэх хүчний бүлэглэл нийтдээ 9000 гаруй байлдааны нислэг үйлдэж, дайсны 2000 гаруй амьд хүч, бусад байлдааны техник, зэвсэг хэрэгсэл устгасан. Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд дайсанд эзлэгдсэн 400 гаруй суурин газар бүхий 10000 км/кв талбайг чөлөөлсөн нь тус улсын нутаг дэвсгэрийн 5 хувьтай тэнцэх хэмжээний газар нутаг болсон юм.
Нисэх хүчний цохилтыг ингэж үр дүнтэй явуулахад маш өндөр хэмжээнд бэлтгэгдэж, тусгай радиостанцаар хангагдсан “Бай заагч/ тагнуулчид” газар дээр ажиллаж байгаа тухай миний бие өмнө нь бичиж байсан. Тэдний үүрэг нь дайсны амьд хүч, хуягт техник, удирдлагын байр зэргийг ирүүлээд байгаа газрынх нь солбилцолыг өөрийн удирдлагын төв рүүгээ дамжуулах, зарим тохиолдолд байлдааны нисэх онгоцны нисгэгчтэй шууд холбоонд орж, “бай”-г зааж өгөх явдал юм. Харин тухайн үед ахлах дэслэгч А.А.Прохоренко нь Сирийн Хомс мужид яг ийм “цель заагч”-аар ажиллаж, тусгай үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд түүний байрлалыг дайснууд ирүүлж бүслэхэд нь “өөрийн байрлал дээрээ гал дуудаж” дайснуудтай хамт амь үрэгдсэн юм.

“Өөрөө дээрээ гал дуудах” гэдэг нь тухайн цэргийн алба хаагч дайсанд бүслэгдэж, гарах ямар ч гарцгүй болсон тохиолдолд өөрийн цэргийн их буу, нисэх онгоцны бөмбөгдөлт, пуужингийн цохилтыг радиостанцаар өөрийн байгаа байрлал дээрээ дуудаж дайсантайгаа хамт амь үрэгдэх явдлыг хэлдэг.
Аугаа эх орны дайны үед зөвлөлтийн цэргийн тагнуулчид, артиллерийн буудлага засварлагч/заагчид “өөр дээрээ гал дуудаж” баатарлагаар амь үрэгдэх тохиолдол гарч байсан. Харин орчин үед ийм тохиолдол гарсан нь орос офицерын эр зориг, баатарлаг үйлсийг олон улсын түвшинд харуулж чадсан онцгой тохиолдол гэж бодож байна.
ОХУ-ын Баатар А.А.Прохоренко нь 1990 оны 6 дугаар сарын 22-нд Оренбург мужийн Тюльганскийд ажилчны гэр бүлд мэндэлжээ. Эцэг нь тракторчин, эх нь орон нутгийн захиргаанд ажилладаг байв. Тэрбээр 2007 онд дунд сургууль төгсөөд Оренбург дахь зенит-пуужингийн дээд сургуульд элсэн оржээ. Үүний дараа анги, салбарт ажиллаж байгаад Смоленск хот дахь “Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академи”-д суралцаж онц дүнтэй төгссөн мундаг мэдлэгтэй залуу байлаа. Оренбург хотын захиргаа, өөрийн хотоос төрж гарсан залуу баатрынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж тус хотын нэг гудамжийг А.А.Прохоренкогийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Мөн удахгүй түүний эхнэр Екатерина амаржиж хүүхэдтэй болох гэнэ.

Р.Энхболд

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …