Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо өндөр зэрэглэлийн тамирчид, боловсон хүчин бэлтгэх зорилгын хүрээнд Тайвань Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны гэрээний дагуу өнгөрөгч 2-р сард бакалаврын зэрэгт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцахаар 5 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчид Тайвань улсыг зорьсон билээ.
Эдгээр 7 тамирчин нь өсвөр үе, залуучуудын тэмцээнээс шалгаран Монгол Улсын өсвөрийн шигшээ багт багтан Олон Улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан өсөх ирээдүйтэй тамирчид юм.
Тайвань Улсын Шинжлэх Ухаан технологийн их сургуульд Сагсан бөмбөгийн тэтгэлэгтэйгээр суралцаж буй манай оюутнууд сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэж эхэлжээ. Сургуулийнхаа нэрийн өмнөөс “Ching Nien Cup-2016” тэмцээнд оролцож 4 хожил байгуулан шилдэг 4-т шалгараад байгаа бас нэгэн баярт мэдээ ирлээ.
Энэхүү тэмцээнд Тайваний мэргэжлийн лигийн 2 тамирчин нэг багт орж тоглох боломжтойгоороо онцлогтой аж. Манай тамирчдын хувьд багийн гол цөм тоглогчдоор тоглож байгаа ба шилдэг 4-т үлдэх нугалааны чухал тоглолтын 4-р үед Мэргэжлийн лигийн тамирчин нь бэртэл аван талбайг чөлөөлсөн хүнд тоглолтонд Монгол тоглогчид багаа хожилд хүргэхэд үүргээ сайн гүйцэтгэж 2 оноогоор хожил байгуулж чаджээ.