Бензиний үнэ хямдрах үндэслэл муутай Монгол орны хувьд хүрээлэн буй орчинд хор багатай “ногоон” автомашин бодлоготоо бус, бензиний хэмнэлт нь Prius худалдаж авахын гол утга учир болдог. Honda Insight гэх мэт зөвхөн зэрэгцээ юм уу, цувраа зарчмаар ажилладаг гибридтэй харьцуулахад Prius нь зөвхөн дотоод шаталтын, эсвэл цахилгаан хөдөлгүүрээр, эс бөгөөс хоёулангаар нь зэрэг ажиллах чадвартайнхаа ачаар бензин зарцуулалтын хувьд үнэмлэхүй бага үзүүлэлттэй. Үүн дээр цахим удирдлагатай тоормосны системийн ачаар хурд хасах үед үүсдэг эрчим хүчийг зай хураагуурт байнга нөөцөлж явдаг.
Гуравдугаар үеийн Prius нь өмнөх үеийн загвараас юугаараа илүү вэ? Юун түрүүнд зүтгэх хүчний нийт чадал сайжирч, шатахууны хэмнэлт илүү болсон. Аткинсоны циклээр ажилладаг 1.8 литрийн дөрвөн цилиндрт цувраа хөдөлгүүр 98 морины хүчтэй (Хоёрдугаар үеийн загвар 1.5 литрийн 76 морины хүч бүхий хөдөлгүүртэй!). Оттогийн циклээр ажилладаг ердийн дан дотоод шаталтын хөдөлгүүрийн асах үеийн гарааны эргэлт өндөр байдгаас хүч ихтэй ч шатахуун “идэлт” өндөрсдөг. Харин гибрид машинд ашигладаг Аткинсоны циклтэй хөдөлгүүрийн гарааны эргэлт сул байдаг нь шатахуун хэмнэх бас нэг арга болж өгдөг. Уг хөдөлгүүрийн “дутуу хүчийг” цахилгаан хөдөлгүүр нь нөхдөг байна.
Хэрэглэгчдийн үнэлгээгээр шатахуун зарцуулалт 100 километрт дунджаар 6.5-8.5 литр
Хөргөлтийн шингэн шахах цахилгаан шахуурга болон хөдөлгүүрээс ялгарах утааг дахин эргэлтэд оруулах систем ашигласны дүнд ашигт үйлийн коэффициент нь ердийн хөдөлгүүрээс сайжирчээ. Гуравдугаар үеийн Prius-ийн 1.8 литрийн хөдөлгүүрт ямар ч ремень дамжуурга байдаггүйн ачаар хийц илүү найдвартай болсон байна.
Мөн кузовын хийцэд бэхжүүлсэн хөнгөн цагааны хайлш ашигласан нь машины жинг багасгаж, дүнд нь шатахуун зарцуулалт давхар буурах бас нэг арга болдог. Хөдөлгүүр, хурдны хайрцаг, трансмисс буюу хүч дамжуулах төхөөрөмжийн нийт жин хоёрдугаар үеийн загвараас багассаны ачаар torque буюу мушгих хүчний алдагдал 20 хувиар багасчээ.
Автомашиныг EV, Power, Eco гэсэн гурван горимд жолоодож болно. EV буюу цэвэр цахилгаан горимд шилжүүлэх нөхцөлд бага хурдтайгаар ердөө 1.5 километрийн зай туулах боломжтой. Учир нь хурд ихсэх тохиолдолд автоматаар дотоод шаталтын хөдөлгүүр ажиллаж эхэлдэг. Power горимд хааз мэдрэг болж, хурд авах чадвар сайжирдаг ч дагалдан бензин зарцуулалт ихсэнэ. Харин Eco горимд шатахуун идэлт үнэмлэхүй багасна.
Гуравдугаар үеийн Prius- ийн шатахуун зарцуулалт үйлдвэрлэгчийнхээ үзүүлэлтээр 100 километрт дунджаар 4.7 литр. Бодит нөхцөл буюу хэрэглэгчдийн үнэлгээгээр уг үзүүлэлт дунджаар 6.5-8.5 литрт хэлбэлздэг нь өрсөлдөх дан дотоод шаталтын хөдөлгүүрт загварынхаас хавьгүй бага байгаа юм.
Хоёрдугаар үеийн Prius- ийн арын дугуйд drum буюу барабан хийцэт тоормос ашигладаг нь дискэн тоормостой харьцуулахад барьцах чадвар сул. Ялангуяа норсон тохиолдолд зуурахаа больдог гэмтэй. Харин гуравдугаар үеийн загвар зөвхөн дискэн тоормостой болсноор хурд хасах үеийн зууралт эрс сайжирсан байна.
Хоёрдугаар үеийн загварт ашигласан кузовны аэродинамик эсэргүүцэл нь баргийн машинд байдаггүй гоц буюу 0.25 гэсэн үзүүлэлттэй. Уг амжилтыг хадгалах зорилгоор гуравдугаар үеийн загварын кузовын хийцэд зориуд ноцтой өөрчлөлт оруулалгүй, жижиг нугалаа хийцтэйгээр шинэчилсэн нь бат бөх байдлыг сайжруулах үндэс болжээ.
Гуравдугаар үеийн Prius өмнөх үеийн загваруудын нэгэн адил хойд цул дамнуурган тэнхлэгтэй. Энэ нь уг машинд дурлагчдын гомдоллодог өөр нэгэн өө болдог. Хямд үнийн загварт ашигладаг хамаарах, дамнуурган тэнхлэг нь үл хамаарах тэнхлэгтэй харьцуулахад илүү бат бөх, сайн талтай ч энхэл донхол бүхий зам дээр машины явдлыг хатуу, тохьгүй болгодог дутагдалтай.
Эх сурвалж: Zaluu.com