Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн өмч хөрөнгийг хувьдаа завшихыг авлига гэж хэлэхгүй юм бол өөр юуг авлига гэж хэлэх вэ?
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүний найз нөхөд, дүүргийн ИТХ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг хууль зөрчсөн, дүүргийн өмч хөрөнгийг үр дүнгүй шамшигдуулсан, хувьдаа хөрөнгө мөнгө завшсан асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт нотолгоотойгоор олон нийтэд мэдээлдэг ч хууль хяналтын байгууллага тэр бүр шалгаж, үнэн мөнийг тогтоодоггүй байдал газар авсаар, эцэс сүүлдээ “бурхангүй газрын бумба галзуурав” гэгчийн үлгэрээр Налайх дүүргийн удирдлагуудын хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрчээ.
Өнгөрсөн жил Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн нэр бүхий албан тушаалтнуудад АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч энэ хэрэг тэгсгээд замхарсан бол авлига эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн “үйлдэл” улам даамжирсан байна. Товчхондоо нийслэлээс алслагдсан Налайх дүүрэгт хууль ёс уланд гишгэгдэж, төрийн нэрийг барьсан эрх мэдэлтнүүдийн “хулгай дээрэм ил цагаандаа” гарчээ.
Тэдэнд хууль ёсыг сахих, хариуцлагатай ажиллах, иргэд олон нийтийг бодох сөхөө алга. Зөвхөн өөрсдөө хэрхэн хөлжих, төрийн хөрөнгийг яаж зувчуулах, албан тушаалаа урвуулан хэрхэн ашиг олох үйл хэрэгт л толгой тархиа ажиллуулж байх шиг.
Ингэж хэлэх нь учиртай. Өнгөрсөн дөрвөн жилд Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Одонхүү, Оч.Ганболд, М.Өсөхбаяр, М.Дашхүү нарын иргэдийнхээ нүдэн дээр баяжсан, Налайхын иргэдийн ядуурсан байдал тэнгэр газар шиг ялгаатай байгааг Налайхын дүүргийн захын иргэн хэлэх юм билээ.
Ямар сайндаа л “идэж уух, ханаж цадахыг мэддэггүй Болдбаатартангууд” гэх яриа Налайхын иргэдийн дунд гарах вэ дээ.
Төр засгийн зүгээс иргэдийн амьжиргаанд тус нэмэр үзүүлэх, тэдний эрхэлж байгаа өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих зорилгоор жилийн 7 хувийн хүүтэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэгчидэд олгодог. Гэтэл иргэдийн гар дээр очиж, тэдний амьжиргаанд тус нэмэр болох ёстой төрөөс үзүүлж байгаа хөнгөлттэй нөхцөлтэй зээл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийг Налайх дүүргийн Засаг дарга тэргүүтэй цөөн хэдэн хүн албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хүү, төрсөн дүү, эхнэрийнхээ нэр дээр шилжүүлэн авсан мэдээллийг баримт түшин уншигчиддаа хүргэе.
2013 оны 04-р сард буюу одоогоос яг 3 жилийн өмнө Налайх дүүргийн иргэдийн дундаас жижиг дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах дэд комиссыг Засаг дарга Х.Болдбаатараар ахлуулан байгуулжээ. Тус комисс 2013 оны 04 сарын 17-ний өдөр хуралдсан Төсөл сонгон шалгаруулах хурлаараа дараах чиглэл, нэр бүхий төслүүдийг дэмжин зээл олгосон байна.
2013 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөр шалгарсан доорх жагсаалтанд нэр нь орсон улаан өнгөөр хүрээлсэн хүмүүст анхаарлаа хандуулна уу.
Жагсаалтын 1-рт нэр нь дурьдагдсан “Налайх -Эрүүл хүнс” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр 15.000.000 төгрөгийн зээл авсан Б.Арданаханд гэгч нь Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Тулгын эхнэр нь ажээ. А.Тулгын хувьд 2012 онд МАН-аас сонгогдон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон боловч 2012 онд эцсээр АН-ынхантай “түрийвч” нэгдэхээр болж, МАН-аас гарч АН-д орсон нэгэн ажээ.
Жагсаалтын 4-рт нэр нь дурьдагдан Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ хэмээн 36 сая төгрөгийн зээл авсан Ш.Ганбаатар гэгч нь Дүүргийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга, АН-ын гишүүн Бадамцэцэгийн нөхөр юм.
Жагсаалтын 6-рт Гахайн аж ахуй эрхлэхээр төсөл бичиж зээлд хамрагдсан Одсүрэн нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Налайхын дулааны станцийн дарга М.Өсөхбаярын эхнэр ажээ. Тэрээр 45.000 сая төгрөгийн зээл авсан байна.
Жагсаалтын 13-т: Налайх дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга н.Энхтуул өөрийн нөхөр Н.Ганбатын нэр дээр оёдлын үйлдвэр байгуулна хэмээн 35 сая төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч өдгөө оёдлын үйлдвэр байгуулах газарт нь Цайны газар ажиллаж байдаг гэнэ.
Жагсаалтын 15-рт нэр дурьдагсан, “Мөс үйлдвэрлэнэ” /мөс үйлдвэрлэдэг үү, хэдэн хөлдөөгч аваад болчих биш үү/ хэмээн 65 сая төгрөгийн зээл авсан Б.Энхтөр бол Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарын төрсөн хүү нь юм.
Иргэдэд тэр бүр олддоггүй жижиг дунд үйлдвэрийн зээлийг албан тушаалтны хүүхэд “мөс үйлдвэрлэнэ” хэмээн 65 саяаар нь авч болоод байгааг шударга ёс, тэгш байдлын дагуу сонгогдон шалгарсан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл гэдэгт уншигч та эргэлзэхгүй итгэж чадах уу…
Хамгийн сонирхолтой нь албан тушаалтнууд авсан зээлээ эргүүлж төлсөн эсэх нь эргэлзээтэй. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлсэн энгийн иргэд авсан зээлдээ дөрөөлөн аж ахуйгаа амжилттай эрхэлэн явуулж, зээлээ хугацаанд төлж, амьжиргаагаа дээшлүүлж чаддаг бол “хуурамч” төсөл бичиж зээл авсан албан тушаалтнууд аж ахуйн үйл ажиллагаа нь “дампуурсан” нэрээр авсан зээлээ зүгээр л “идчихдэг” байна.
Асуудал ингээд дуусчихсан уу гэвэл хараахан үгүй юм.
Засаг төрөөс 2014 онд мөн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор дүүрэгт хөрөнгө хувиарлажээ. Үүнийг нь аанай л өмнөх аргаараа Болдбаатартангууд завшсан байна.
2014 оны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэээл олгососон комиссын шийдвэрийн 3-р жагсалтанд Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын төрсөн дүү Х.Отгонбаатар гэгч Гахайн аж ахуй эрхлэх нэрээр 70 сая төгрөгийн хөнгөлттэй зээл авсан байна.
Тэгвэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Эрдэнэбат өөрийн эхнэр Д.Аззаяагийн нэр дээр нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээний төв байгуулах нэрээр 70.0 сая төгрөгийн зээл авчээ.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч энгийн иргэд аж ахуй, үйлдвэрлэлээ явуулахын тулд зээл хөөцөлдөн хэдэн өдрөөр албан тушаалтны үүдийг сахидаг бол Налайх дүүргийн албан тушаалтнууд ЖДҮ-ийн зээлийг өөр хоорондоо наймаа хийж байгаа мэт ийнхүү төсвийн хөрөнгийг үр дүнгүй шамшигдуулж байна. Тэдний энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, Сонирхолын зөрчлийн тухай хууль, Худалдан авах ажиллагааны тухай хууль тэргүүтэй олон хуулийг зөрчөөд зогсохгүй, үгсэн хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашиглаж авлигийн шинжтэй үйлдэл гаргасан гэдгээрээ Эрүүгийн хууль зөрчсөн, Төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, төсөвт хор хохирол учруулсан гэдгээрээ ял зэм хүртэхүйц хэмжээний гэмт хэрэг болоод байгаа нь хууль гадарладаг хэн хүнд ойлгомжтой харагдаж байна.
Гэтэл нөхцөл байдал нэгэнт ийм атал АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн цагдаагийн газар одоо болтол эл асуудлыг нухацтай шалгахгүй байгаа нь юуны учир вэ?
АТГ-ын зүгээс УИХ-ын гишүүн тэргүүтэй томоохон улс төрчдийн үйлдсэн авлигын шинжтэй хэрэгт гол анхаарлаа хандуулаад дунд дэмжээний төрийн түшмэд, албан тушаалтны авлигын шинжтэй хэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж, нягтлан шалгахгүй байгаа нь нэг талаас АТГ-ыг “өндөр албан тушаалтан”-ы захиалгаар ажилладаг гэж иргэдэд хардахад хүргэж байгаа бол нөгөө АТГ ямар шалгаж, тогтоодог биш гэсэн үл тоосон байдлаар төрийн дунд шатны захиргааны албан тушаалтнууд “ихэд” оодорч, хууль зөрчих үйлдэл нь ил цагаандаа гарлаа.
Ёстой нөгөө “намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэгчийн үлгэр Налайх дүүргийн удирдлагуудад биелэлээ олж байх шиг.
Албан тушаалтнуудын эрх мэдлээ ашиглан өөрийн дүү, хүү, эхнэр, хамаатан садангаа олгосон олон сая төгрөгийн зээл очих ёстой хүндээ очиж, үр дүнгээ өгсөн бол тэр чинээгээр иргэдийн амьжиргаанд нэмэр болж, дүүргийн хөгжилд нэмэр болох байсан бизээ. Харамсалтай нь ихээхэн хэмжээний төсвийн хөрөнгө эрх мэдэлтний гарын салаагаар урсан алга болжээ. Дарга аав нь хүүдээ, дүүдээ, эхнэртээ, хамаатандаа төсвийн хөрөнгөөс хууль зөрчин олгуулж байгаа эл үйлдлийг авлига гэж үзэхгүй юм бол юуг авлига гэж хэлэх вэ?
Товчхондоо Налайх дүүргийг хөгжүүлнэ гэж иргэд сонгогчидод амлалт өгч, тэдний итгэлийг хүлээж сонгогдсон албан тушаалтнууд эргээд Налайх дүүргийнхээ хөгжлийн чөдөр тушаа болж, дүүрэгт хэрэгжих ёстой төсвийн хөрөнгийг “хулгайлахын” чинээ хэн санах билээ.
Ц.Мөнх