Цагаан халадтай шидтэнгүүд гэж олон мянган өвчтөнүүд эрүүл саруул болсныхоо даваан дээр дурсан ”шүтнэ”. Өнөөдөр манай нийгэмд өвдөөгүй хүн, эмнэлгийн хаалга татаагүй хүн гэж бараг л байхгүй. Нийгмийн бохир байдал, агаар, хөрс, халдварт өвчин, удам дамжсан өвчлөл гээд гуравхан сая иргэд маань маш өндөр өвчлөлтэй.
Мэдээж өвдөх бүртээ эмч дээр очин яаралтай арга хэмжээ авхуулахыг зорино. Эмийн замбараагүй хэрэглээ, эмчийг үл хүндэтгэх зэргээс шалтгаалан өвчтөнүүдийн хайнга зан зэрэг нь өвчнийг “ялан дийлэх”-эд нь хүндрэл учруулна. Эрүүл саруул иргэн байхын төлөө хүн бүр өдөр тутамдаа анхаарахаас өөр аргагүй болсон энэ үед орчноо эрүүл байлгах нь ч эрүүл мэндэд хамаатай болоод байна.
Дайны талбар мэт эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа өдөр шөнөгүй хагалгаа, мэс ажилбарыг хийж хүний амь аварч байдаг “буянтай” хүмүүс. Үнэндээ эмч байна гэдэг тийм ч сайхан биш байх. Хоногийн 24 цаг хүний бүлээн цусны үнэрт, эм тарианы хүнд нөхцөлд байнгын цустай “ноцолдож” байдаг болохоор. Магадгүй хүн бүхний харж чадахгүй тийм л их цус, нөж, өвдөлтийг мэдрэн өдөр шөнөгүй ажиллаж байгаа хойно. Эмч хүн хатуужилтай байхаас өөр аргагүйд хүрдэг байх.
Тэдний ажил нь хатуужихаас өөрийг сургадаггүй биз. Муу эмч, сайн эмч гэсэн бүлэгт иргэд хуваан үзэх болж. Шинэхэн “халад” өмссөн эмчийн дадлага туршлага муу байдгаас анхан шатны үзлэг оношлогоон дээр ажиллуулдаг байх. Жишээ нь өрхийн эмнэлэг. Өрхийн эмнэлгээс онош анхны байдлаар тодруулж дараа дараагийн шатандаа шинжилгээ, эхо, компьютер, томо график, зэрэг нарийн голомтот өөрчлөлтийг харж шат шатны ахисан эмнэлгээр үйлчлүүлдэг. Харин ч энэ зуунд нэвт зүсэлт /лазер/ хийж хардаг хэд хэдэн аппрат техник гарснаар элдэв голомтот өөрчлөлтийг цаг алдалгүй харах боломжтой болоод байгаа. Үүнд эмч нар ч олноороо бэлтгэгдэн гадаад дотоодод төгсөж байна.
Манай орон элэгний өвчлөл, хавдар, нас баралтаараа Дэлхийд өндөр эрсдэлтэй байгаа ч бидэнд гадаадад доктор хамгаалаад ирсэн зөвхөн элэгний эмнэл зүйгээр сурсан маш олон залуус байна. Гэвч эмч гэхээсээ илүү төрийн зөв бодлого хэрэгтэй. Ийм өвчлөл ихтэй ард түмэндээ зориулан барьсан, босгосон, хийсэн элэгний эмнэлэг нэг ч алга байна. Бид эмч нарийг шүүхээсээ өмнө ажиллах нөхцөл, орчин, чиглэл зэргийг нь тодорхой болговол яасан юм бэ?
Энэ хуулиар өвчтөн “өвчнөө даагаагүй” эсвэл “аврагдах боломжгүй” нас барвал эмчлэгч эмч, үзлэг хийсэн эмч буруудахаар заалттай гэх. Тэгвэл “гэмтэлийн эмнэлэг” эмчгүй болох нь. Учир нь маш олон төрлийн шалтгаанаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж байдаг. Эмч хүргэгдэн ирсэн өвчтөнд гар хүрснийхээ төлөө, амийг нь аврах гэж оролдсоныхоо төлөө шоронгийн хаалга татна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.
“Шоронд очиж хагалгаагаа хийлгэе” мундаг эмч нь тэнд бий гэх дараалал үүсэх биз. Эмч ажилчдаа өмгөөлөн хамгаалахаа байг гэхэд ядаж шоронгийн “эмч” бүү болгооч. Манай шорон сэхээтэн давхрагаар дутаад байна уу?
Б.Саран