Цуу яриа 1. Хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг сайн сахивал өвчнүүд устдаг, иймээс вакцин хийлгэх шаардлагагүй. БУРУУ
Бодит баримт 1: Хэрвээ дархлаажуулалтын хөтөлбөрийг зогсоовол вакцинжуулж сэргийлдэг халдварт өвчнүүд дахин дэгдэнэ. Эрүүл ахуйн сайн дадлыг хэвшүүлэх, гараа тогтмол угаах, цэвэр усхэрэглэх нь халдварт өвчнөөс хүмүүсийг хамгаалахад туслах боловч бид хичнээн цэвэрхэн байснаас үл хамааран олон халдварт өвчин тархдаг байна. Хэрвээ хүмүүс вакцин хийлгээгүй бол дэлхий дахинд устах шатандаа байгаа халдварт саа (полиомиелит), улаанбурхан зэрэг өвчнүүд маш хурдан хугацаанд дахин дэгдэх магадлалтай.
Цуу яриа 2. Вакцинууд бидний мэдэхгүй олон төрлийн гэмтлийг үүсгэдэг, удаан хугацаанд илрэх гаж нөлөөтэй, бүр үхэлд ч хүргэж болзошгүй. БУРУУ
Бодит баримт 2: Вакцинууд аюулгүй. Ихэнх тохиолдолд вакцин хийлгэсний дараа хэсэг газарт хөндүүрлэх эсвэл бага зэрэг халуурах гэх мэт түр зуур, богино хугацаанд илрэх урвалууд ажиглагддаг. Ноцтой гаж нөлөө илрэх нь маш ховор тохиолддог ба тохиолдол бүрийг бүртгэж, шалган судалдаг. Вакцины уршгаар гэхээсээ илүү вакцинжуулалт бүхий халдварт өвчнөөр өвчилж ноцтой үр дагавар гарах эрсдэл өндөр байдаг. Жишээ нь: халдварт саа өвчин саажилт үүсгэдэг, улаанбурхан өвчин энцефалит буюу тархины үрэвсэл үүсгэдэг, сохрох шалтгаан болдог бол зарим вакцинжуулалт бүхий халдварт өвчнүүд үхэлд ч хүргэж болзошгүй.
Цуу яриа 3. Сахуу-татран-хөхүүл ханиадын эсрэг гуравт вакцин болон халдварт саагийн эсрэг вакцинууд нь нярайн гэнэтийн үхлийн хам шинжийн шалтгаан болдог. БУРУУ
Бодит баримт 3: Вакцин болон нярайн гэнэтийн үхлийн хам шинжийн (SIDS – Sudden infant death syndrome)хооронд учир шалтгааны ямар ч холбоо байхгүй, харин эдгээр вакциныг хүүхдэд “нярайн гэнэтийн үхлийн хам шинж” тохиолдож болзошгүй үед тарьдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хам шинж нь вакцин тарьдаг үетэй давхцдаг ба Вакцин хийлгэсэн, хийлгээгүй аль ч тохиолдолд хэрэв энэ өвчин тусах магадлалтай байсан бол гарах байсан. Эдгээр дөрвөн өвчин нь амь насанд аюултай өвчин бөгөөд энэ вакциныг хийлгээгүй хүүхэд насан туршдаа тахир дутуу болох эсвэл үхэх эрсдэлтэй гэдгийг сайн ойлгох нь чухал юм.
Цуу яриа 4: Дархлаажуулалт бүхий зарим халдварт өвчнүүд манай улсад бараг устсан тул вакцин хийлгэх шаардлагагүй. БУРУУ
Бодит баримт 4: Вакцинжуулалтын үр дүнд урьдчилан сэргийлдэг халдварт өвчнүүд олон оронд ховор тохиолдож байгаа хэдий ч өвчин үүсгэгч бичил биетнүүд дэлхийн зарим хэсэгт оршин байсаар байна. Эдгээр өвчин үүсгэгчид нь газарзүйн байрлалаа өөрчилж, улс дамнан аялж дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүсийг халдварлахлуулах боломжтой. Жишээ нь: 2005 оноос хойш Баруун Европын Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Испани, Швейцар болон Их Британи улсуудад дархлаажуулалтанд хамрагдаагүй хүн амын дунд улаанбурхны дэгдэлтүүд гарч байсан. Ийм учраас вакцин хийлгэх гол хоёр шалтгаан бол өөрийгөө хамгаалах, эргэн тойрны хүмүүсээ хамгаалах юм.
Цуу яриа 5: Хүүхэд насанд тохиолддог, дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөр өвдөх нь амьдралд нь тохиолддог азгүй явдал юм. БУРУУ
Бодит баримт 5: Вакцин хийлгэж урьдчилан сэргийлж болох өвчин нь хүн бүрийн амьдралд тохиолдох үйл явдал биш. Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг халдварт өвчнүүдийн үр дагавар хүүхэд, насанд хүрэгчдэд аль алинд маш аюултай ба уушгины хатгаа, энцефалит, хараагүй болох, суулгалт, чихний үрэвсэл, улаануудын шалтгаант ургийн гажгийн хам шинж зэрэг хүндрэлүүдээс гадна үхэлд хүргэх аюултай. Энэ бүх өвчин эмгэгээс вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой. Вакцин хийлгээгүй хүүхдүүд эдгээр халдварт өвчинд илүү өртөмхий болно.
Цуу яриа 6: Хүүхдэд нэгээс илүү вакциныг нэг дор хийхэд хортой гаж нөлөө илрэх эрсдэлийг нэмэгдүүлж дархлааны системд хэт их ачаалал үүсгэдэг. БУРУУ
Бодит баримт 6: Нэг дор олон вакцин хийх нь хүүхдийн дархлааны системд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болох нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийн дархлааны систем өдөр бүр хэдэн зуун гадны биеттэй тэмцэж байдаг. Хоол идэхэд хүртэл хүний биед гадны антигенүүд нэвтэрдэг ба хүний ам, хамрын хөндийд олон төрлийн бактери амьдардаг. Хүүхэд ханиад, ангина тусах үед вакцин тариулахаас илүү олон гадны антигены өртөлтөнд ордог. Гуравт, тавт вакцин нь олон өвчнөөс нэгэн зэрэг сэргийлдэг вакцин ба ингэснээр эмнэлэгт очих давтамж багасч, цаг болон мөнгө хэмнэхээс гадна товлолт вакциныг цаг тухайд нь хийлгэх магадлалыг нэмэгдүүлж, хүүхдийг олон удаагийн хатгалтааас чөлөөлж байгаа юм.
Цуу яриа 7: Томуу бол энгийн нэгэн өвчин, томуугийн вакцин үр дүн багатай. БУРУУ
Бодит баримт 7: Томуу бол энгийн нэгэн өвчнөөс илүү аюултай ба дэлхий дээр жил бүр 300-500 мянган хүн томуугийн улмаас нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, бие сул настай хүмүүс, багтраа эсвэл зүрхний өвчин гэх мэт суурь өвчтэй хүмүүс халдвар авч нас барах эрсдэлтэй байдаг.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалтанд хамрагдах бас нэгэн шалтгаан бол дөнгөж төрсөн хүүхдээ хамгаалах явдал юм (одоогийн байдлаар 6 хүртэлх сартай хүүхдэд хийдэг томуугийн вакцин байхгүй). Ихэнх томуугийн вакцинууд тухайн улиралд дэгдэж байгаа хамгийн нийтлэг 3 хэв шинжийн вирүсийн эсрэг дархлааг тогтоодог. Вакцинжуулалт нь томуугийн хүнд хэлбэрээр өвчлөх, бусдад халдаах эрсдлийг бууруулах хамгийн сайн арга юм. Томуугаас урьдчилан сэргийлснээр эм тарианд мөнгө зарахгүй, хичээл ажлаасаа завсардахгүй байх боломжтой.
Цуу яриа 8: Вакцин хийлгэж байснаас тухайн өвчнөөр өвчилж дархлаагаа тогтоосон нь дээр байдаг. БУРУУ
Бодит баримт 8: Вакцин хүний биед орсноор жинхэнэ өвчний үед үүсэх дархлааны хариу урвалтай ижил хариу урвалыг үүсгэж байдаг ч энэ үед хүн өвчлөхгүй, дархлаажуулалтанд хамрагдсан хүнд тухайн өвчний үед гарч болох байсан ямар нэгэн эрсдэл учрахгүй. Харин вакцин хийлгэхийн оронд жинхэнэ өвчнөөр нь өвдвөл илүү их эрсдэлтэй. Тухайлбал: хемофилюс инфлюензагийн вирүсээр үүсгэгддэг оюуны хомсдолтой болох, улаанууд өвчний төрөлхийн гажигтай болох, хепатит В-ийн улмаас элэгний хавдартай болох эсвэл улаанбурхан өвчнөөр нас барах магадлалтай байдаг.
Цуу яриа 9: Вакцинд хүний биед хортой мөнгөн ус агуулагдаж байдаг. БУРУУ
Бодит баримт 9: Тиомерсал нь вакцины хадгалах хугацааг уртасгахын тулд өргөнөөр хэрэглэдэг мөнгөн ус агуулсан органик нэгдэл юм. Вакцинд хэрэглэгддэг хэмжээний тиомерсалийн агууламж хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэг талаар судалгаа байхгүй.
Цуу яриа 10: Вакцин нь хүүхдийг аутизмтай болгодог. БУРУУ
Бодит баримт 10: 1998 онд хийгдсэн нэгэн судалгаанд улаанбурхан-гахайн хавдар-улаануудын (УГУ) эсрэг вакцин ба аутизм нь хоорондоо хамааралтай байж болзошгүй талаар таамаг дэвшүүлсэн байсан ч сүүлд тэрхүү судалгаа хуурамч болох нь тогтоогдсон. Судалгааны дүнг нийтэлсэн сэтгүүл нийтлэлийг татан буулгасан боловч харамсалтай нь хүн ам аль хэдийнээ айдаст автсан байсан. Үүний дүнд дархлаажуулалтын хамралт буурч өвчний дэгдэлт дахин гарч байжээ. Аутизм ба УГУ вакцины хоорондын хамаарлыг баталсан судалгаа одоогоор байхгүй.
Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн