Монголын оюутны их наадмын хаалтын ажиллагаа болно

Oyutni_Sportiin_naadam 100 орчим их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуучууд оролцсон Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас спортын Төв ордны “А” зааланд болно.

Хаалтын ёслолд наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны Сайд Л.Гантөмөр болон ЗБХ-ны гишүүд, их, дээд сургуульудын захирал, багш нар болон бусад албаны хүмүүс оролцох юм.

Наадмын шигшээ тэмцээнүүд цана, тэшүүр, шатар, волейбол, сагсан бөмбөг, жүдо, гандбол, бокс, заалны хөл бөмбөг, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, модон бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик гэсэн спортын 15 төрлөөр өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас энэ сарын сарын 12-ны өдрийг хүртэл эх орон даяар амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадмын шигшээ тэмцээнүүдэд нийслэл, хөдөө орон нутгийн 62 их, дээд сургууль, коллежиудаас шалгарсан 2276 оюутан тамирчид өрсөлдсөн юм.
Универсиад наадам зөвхөн үндэсний хэмжээнд явагдаад зогсохгүй гадаад орнуудад суралцаж байгаа Монгол оюутан залуучуудын дунд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын 3-н төрлөөр явагдсан юм. Тухайлбал Москва хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс энэ сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд “Европийн бүсийн оюутны спортын наадам”-д 20 багийн 322 тамирчин, Бээжин хотноо 2013 оны 4 сарын 26-28-ны өдрүүдэд “Азийн бүсийн оюутны спортын наадам”-д 5 улсын 176 тамирчин тус тус өрсөлдөж бүсийн наадмыг Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-д ЭСЯ-тай хамтран зохион байгуулжээ.

Наадмын нэгдсэн дүнг баг онооны системээр гаргахад

1. Г.Лхагвасүрэн захиралтай Үндэсний биеийн тамирын дээд сургууль 44,5 оноогоор тэргүүн байранд,

2. Н.Батбаяр захиралтай Шинжлэх ухаан технологийн их сургууль 54 оноогоор хоёрдугаар байранд,

3. Б.Жадамбаа захиралтай Монгол улсын Боловсролын их сургууль 66 оноогоор гуравдугаар байранд,

4. хошууч генерал Я.Чойжамц захиралтай Батлан хамгаалахын их сургууль 72,5 оноогоор дөрөвдүгээр байрт,

5. гавьяат тамирчин Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль 98,5 оноогоор тавдугаар байрт,

6. Т.Хэрүүга захиралтай Хөдөө аж ахуйн их сургууль 172,5 оноогоор зургаадугаар байранд тус тус эхний зургадугаар байрт шалгарч, цом, медаль, өргөмжлөл 4,0-15,0 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэхээр болсон байна.

Түүнчлэн наадмыг амжилттай зохион байгуулахад оролцсон хөдөө орон нутгийн 3 их, дээд сургууль, анхан шатны тэмцээнээ сайн явуулсан 3 их, дээд сургууль, тэмцээнүүдийг идэвхтэй сайтар зохион байгуулсан спортын төрлийн 4 холбоо, 10 гаруй байгууллага, оюутан тамирчид, хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарт их наадмын тусгай шагнал, өргөмжлөлөөр шагнахаар болжээ.

Хаалтын ажиллагааны эцэст ОХУ-ын Казань хотноо 2013 оны 7 дугаар сар 6-17-ны өдрүүдэд болох дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадамд оролцох Монголын оюутан тамирчдын төлөөлөгч нарт УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар Монгол улсын төрийн далбааг гардуулах юм. Төрийн далбааг их наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн ахлагч ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, “Универсиад-2011” оны их наадмын мөнгөн медальт, ОУХМастер, ШУТИС-ийн оюутан Н.Баяраад нарт албан ёсоор гардуулж өгөх юм. Монголын баг тамирчид “Казань-2013” наадамд спортын 15 төрлөөр 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор үндэсний “Универсиад” наадмаас эрхээ авсан ажээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …