Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-19-ний өдрүүдэд болсонтой холбоотойгоор аймгийн Боловсрол соёлын газрын СХШҮ-ний мэргэжилтэн Д.Соёлмаатай ярилцлаа.
Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил хэдэн сурагч ЭЕШ өгсөн бэ?
- Элсэлтийн ерөнхий шалгалтанд 1434 шалгуулагч бүртгүүлснээс 1411 нь шалгалтанд орсон. Давхардсан тоогоор 5387 шалгуулагч шалгалтанд орохоор бүртгүүлснээс 97,3 хувь нь буюу 5243 хүн шалгалтанд хамрагдсан.
Хэдэн судлагдахуунаар, судлагдахуун тус бүрээр хэд хэдэн сурагч шалгалт өгөв? Ер нь ямар хичээлээр дийлэнх сурагчид шалгалт өгсөн бэ?
- Ер нь бол монгол хэл, математикийн хичээлээр дийлэнх хувь нь шалгалт өгдөг. Энэ жилийн хувьд 11 судлагдахуунаар ЭЕШ-ыг авсан. Нийт шалгалтанд орсон шалгуулагчдын 84,2 хувь нь математик, 70,4 хувь нь нийгмийн ухаан, 70,6 хувь нь англи хэлний хичээлийг сонгон бүртгүүлж шалгалт өгсөн байна.
Энэ жил электрон тоног төхөөрөмж, хянах камеруудыг бүх анги танхимуудад тавьсан гэж сонссон. Үүний ач холбогдол?
- БҮТ-ээс шалгалт авдаг анги танхимуудын камерийг шинэчлэн, бүх ангид сонсох төхөөрөмж тавьсан. Шалгалт эхлэх, дуусах болон шалгалтын явц камерт бичиж хадгалагдсан бөгөөд шалгалтын явцыг комисс камераар хяналт тавьж ажилласан.
Шалгалтанд орж байгаа шалгуулагчын гар утсыг металл илрүүлэгчээр шалгаж шалгалтын байранд сүлжээ сарниулагч төхөөрөмжийг тавьж ажиллуулсан.
Элсэлтийн ерөнхий шалгалтын комиссоор ямар хүмүүс ажилласан бэ?
- Шалгалтыг зохион байгуулах багийн ахлагч, сэдэв хариуцагчаар БҮТ-ээс томилогдон ирсэн комиссын гишүүд, хянагч багш нарын ахлагчаар би ажилласан. Мөн шалгалтын зохион байгуулагчаар сургалтын менежер, БСГ-ын мэргэжилтэн зургаан хүн, хянагч багшаар ЕБС-иудын 66 багш ажилласан.
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог?
- ЭЕШ-ын хариултын хуудсыг харандаагаар бөглөж, буруу бөглөсөн хариугаа шалгуулагчид засах боломжтой болсон. Мөн ЭЕШ-ын дүн гарсны дараа монгол хэл бичгийн шалгалтын ба ЭЕШ-ын батламж гэсэн хоёр батламж нэг шалгуулагчид ирнэ. Монгол хэл бичгийн шалгалтанд 400-аас дээш оноо авснаар ЭЕШ-ын батламж хүчинтэй болж тухайн шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхтэй болно.
Шалгалтын хариу хэзээ гарах вэ? Хүүхдүүд ямар хаягаар хариугаа үзэх боломжтой вэ? Мөн батламжаа хэрхэн авах вэ?
- Шалгалтын дүн 2016 оны долоодугаар сарын 1-ний өдөр гарна. Шалгуулагчид eec.mn хаягаар орж шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулан дүн оноогоо харж болно. Мөн www.eec.mn вэб сайт дээр шалгуулагчдын онооны жагсаалт бүлэг бүрээр тавигдана.
2016 оны долоодугаар сарын 2-оос эхлэн батламж тараагдана. 2016 онд ЕБС төгссөн шалгуулагчид сургуулиараа дамжуулан, 2016 оноос өмнө ЕБС, МСҮТ төгссөн шалгуулагчид БСГ-аас ирж батламжаа авна.
Хуваарь олголт хэзээ явагдах вэ?
- Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн их дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх үйл ажиллагаа хуваарийн дагуу бүртгэл болон ур чадварын шалгалтын бүртгэл долоодугаар сарын 4-ны өдөр, ур чадварын шалгалт долоодугаар сарын 5-ны өдөр, онооны жагсаалтыг мөн 5-ны өдөр 18:00 цагт гаргана. Харин хуваарь сонголт долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд болно.
Мөн 2016 онд ЕБС төгссөн шалгуулагчдаас гадна 2014, 2015 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд өндөр оноотой аль нэг батламжаа сонгон бүртгүүлж болно. Их дээд сургуульд оюутан элсүүлэх журам, хуваарь олголт, хөтөлбөрийн бүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.cmuc.edu.mn вэб сайтаар орж авах боломжтой.
Баярлалаа.
М.Гүнжилхам
Darkhan .gov.mn