Б.Насанбаяр:Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш зогсооно гэж байхгүй юм байна лээ

Screenshot_5_500x500(1)

БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.

-Б.Насанбаяр доктор хамгаалсан гэдэг содон сонсогдлоо. Энэ их ажлыг хэзээ амжуулчихав?

-2009 оноос хойш боловсролтой холбоотой судалгаанууд хийсэн л дээ. Түүнээс өмнө ч Эрдэнэтэд ажиллаж амьдарч байхдаа нийгмийн төлөвшил, хүмүүсийн харилцаа хандлага, боловсролын хэрэгцээний талаар судалгаанууд хийж байсан. Яагаад улсын төсвийн 20 хувь, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зараад байхад боловсрол үр дүнтэй болж чадахгүй байгаа юм бэ гэсэн асуулт надад байсан. 2012 онд Боловсролын их сургуулийн докторантурт элссэн. Тэр үед өмнө нь арваад жил хийсэн судалгаа, ажлын чиг үүрэг ч давхацсан.

2012 оны ес, аравдугаар сард үнэндээ шөнө хоёр цаг унтаж чадахгүй байсан. Өнөөг хүртэл боловсролын салбарт явж ирсэн тэр бүх бичиг баримтууд хийгдсэн ажил, түүнд хийсэн судалгаа, дүгнэлтүүдтэй нэг бүрчлэн танилцаж, тэндээс юуг авч сайжруулах, юу чухал юм бэ гэдгийг үзэж системчилсэн. Тэр дагуу одоогийн бичиг баримтуудын үндэслэлүүд гарсан л даа. Миний докторын ажил “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн онол арга зүй, үндсэн чиг хандлага” гэсэн сэдэвтэй учраас хийж байсан ажил, судалгааны ажил холбоотой гэсэн үг.

-Та докторын судалгааны ажлаараа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ, ямар дүгнэлтэд хүрэв?

-Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Хүүхэд бүрийг хөгжүүлэх онолын үндэс нь олон улсад ч байсан. Монгол эрдэмтэд ч мэддэг. Харилцан үйлчлэлийн онол гэж хэлээд байгаа юм. Хүүхэд идэвхтэй, орчин идэвхтэй, харилцан хамаарал нь жигд байж хүүхэд илүү хөгжинө гэдэг онолыг дэлхий нийтийн эрдэмтэд болон манай эрдэмтэд нотолж баталсан асар олон судалгаа бий. Онол нь зөв хэрнээ яагаад хүүхэд байгаа боломжоороо хөгжиж чадахгүй байна гэдэг гол асуудал. Судалгааны эцсийн дүгнэлт нь юу гэхээр зөвхөн багш заадаг биш, хүүхэд яаж оролцдог байх вэ, эцэг эх яаж оролцдог байх вэ, мэргэжлийн байгууллагууд, боловсролын газрууд, олон нийт яаж оролцох вэ гэдэгт хариулт өгсөн. Ардчилсан нийгмийн гол үндэс нь оролцоо шүү дээ. Харилцан үйлчлэл гэдэг маань оролцоо. Тийм учраас Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжсэн гарцаагүй хийгдэх ёстой менежмэнтийн загварыг гаргаж ирсэн гэсэн үг. Сайд жил бүр албан даалгавар гаргасан. Сайдын албан даалгаварт боловсролын газрын дарга, мэргэжилтэн, захирал, менежер юу хийх, багш, эцэг эх юу хийх талаар нэг бүрчлэн зааж үүрэгжүүлсэн юм. Хүүхдийн төлөө ажиллах ёстой бүх хүн үүргээ гүйцэтгээд эхлэхээр хүүхэд аяндаа хөгжөөд эхэлнэ гэсэн үг. Гарцаагүй хийгдэх ёстой тэр бүх менежмэнтийн загварыг л гаргаж тавьсан хэрэг.

-Ямар ч багштай уулзахад “Хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа” л гэдэг. Боловсролын салбарт өрнөсөн шинэчлэл ямар ч байсан шинжлэх ухааны үндэстэй байжээ?

-Хүний хөгжил гэдэг шинжлэх ухааны үндэстэй байхаас аргагүй. Байшин барихад хүртэл маш нарийн технологитой шүү дээ. Хүнийг хөгжүүлэх гэдэг маш нарийн технологи, зохион байгуулалттай байх ёстой. Тэгэх ёстой гэдэг бодлого гараад л бүх юм сайжирчихгүй. Хамгийн гол нь манлайлал. Өнгөрсөн дөрвөн жилд ажилласан Л.Гантөмөр сайдын манлайлал асар чухал байсан. Багш бүр ажилдаа эзэн болж, “Нээрэн бид чинь ийм чухал үүрэгтэй хүмүүс юм байна” гэж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн тэр мэдрэмж бол энэ бодлого судалгаа, онолын үндсийг амьдралд хэрэгжүүлэх гол хүчин зүйлс байсан.

-Б.Насанбаяр гэдэг хүн ажлаа өглөө гээд шуугиантай мэдээлэл хийчихсэн. Нөгөө хүн маань хөөрхий золиос болчихов уу, одоо гэртээ гомдолтой сууж байгаа байх даа гэж олон хүн бодсон байх?

-Тухайн үед би нүүр хуудастаа бичсэн л дээ. Би хувь хүнийхээ хувьд хийсэн алдаа гэм буруу байхгүй. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг боловсролын салбар нь ямар нэг шашин сурталчилсан юм байхгүй. Би гэм буруугүй гээд сууж болох байсан. Хэвлэлийн хурал хийхээс өмнөх хэд хоногт юу болоод байгааг би судалж үзсэн л дээ. Асар их хүч хаяж, зохион байгуулалттай хийж буй зүйл байсан. Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш үерийг зогсооно гэж байхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тийм учраас хэвлэлийн хурал хийсэн. Хурлын дараа ирэхэд төрийн нарийн бичгийн дарга маань “Хэн нэг хүн элдвээр хэлсний төлөө төрийн ажлыг өгөөд явдаг юм биш. Тийм учраас ойрын үеийн чухал ажлуудаа хий” гэсэн. Хориод хоног гол ажлуудаа цэгцэлсэн. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг хэрвээ гүтгэсэн, доромжилсон, буруутгасан бол төр нь хамгаалах үүрэгтэй. Тийм учраас төрийн нарийн бичгийн дарга маань “Чи ямар ч байсан ээлжийн амралтаа ав” гэсэн. Түүний дараа бүтээлийн чөлөөгөө бас авсан. Хоёр сарын хугацаанд албан ёсоор ажиллаагүй. Хоёр сарын дараа буцаад ажилдаа ор гэсэн тушаал гарсан. Тэгээд одоо ажлаа хийгээд явж байна.

-Юунд их харамссан гэхээр, төрийн албан хаагчийг “мүүнчин” гэх мэт нэр цол өгч, хэсэг хүн дайрч давшилсны төлөө ажлаа өгнө гэдэг буруу жишиг. Дараагийн хүнийг ч ийм маягаар зайлуулж болох нь байна шүү дээ?

-Буруу жишиг тогтоохгүйн тулд л төрийн нарийн бичгийн даргын зөвлөгөөний дагуу явсан. Өөрийгөө бодох юм бол амь биш заяа биш гэж орхино. Сая долдугаар сарын 12-нд цэнгэлдэх давалгааллаа шүү дээ. Бичлэг дээр харсаар байтал Р.Пүрэвдагвын тохой түрүүлээд газар хүрсэн байгаа биз дээ. Тийм байхад цэнгэлдэх даяараа давалгаалахад олон хүн Р.Пүрэвдагвыг дэмжиж байгаа учраас хөлийн цэц түүний талд шийдвэр гаргаж, дахиж барилдуулах болсон. Тэгэхэд шарх сэдэрсэн. Телевиз үзэж байхдаа нулимс асгараад, чичрээд байсан. Хүн сүрэг дайрч байгаа юм шиг давалгаалахад шийдвэр гаргах ёстой хүмүүс нь тэрийг яагаад дагадаг юм бэ. Бичлэг байхад баримтыг биш олны шуугианыг дагадаг энэ хандлага өөрчлөгдөх ёстой. Тэр үед би тайвширчихсан, даваад гарчихсан гэж бодож байсан чинь “Биеийн шарх эдгэдэг, сэтгэлийн шарх эдгэдэггүй” гэж үнэн юм билээ. Дөрөв, таван сар фэйсбүүкт ороогүй байсан хүн чинь утсаа асаагаад, чичрээд юм бичээд байгаа юм чинь. Хүний эрх, нийгмийн үнэт зүйл зөрчигдөж байгааг хараад дуугүй байж чадахгүй болчихсон юм байна гэж өөрийгөө оношилсон. Юун дээр сэтгэл өвдсөн гэхээр, хүний эрхийг хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргахад маань “Манайд хамаарах асуудал биш ээ” гэж хариу өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахад 45 хоногийн дараа “Тэр хүний чинь хаяг нь олдохгүй байна” гээд миний нэхэмжлэлийг буцааж байсан. Шүүх нь, ХЭҮК нь олны шуугианыг дагаж байгаад үнэхээр эмзэглэсэн. Хүний эрхийн төлөө ажиллах ёстой юм байна гэж бодогдсон.

-Яагаад Б.Насанбаяр гэдэг хүнийг онилсон юм бол. Ийм том дайралтын хувьд яамны газрын даргын суудал арай л жолдох юм шиг?

-Манай сайдын хувьд аль ч талаасаа харсан ирээдүйд нөлөө бүхий лидер байхаар хүн. Том хүний хажууд байна гэдэг төдий чинээ эрсдэл хүлээдэг юм байна. Газрын дарга гэдэг сайд биш, УИХ-ын гишүүн биш шүү дээ. Газрын даргыг золигт гаргана гэдэг тодорхой зорилготой гэдэг нь харагдаж байгаа. Бай нь биш ч, золиос нь би байсан.

-Ингэхэд Мүүн гэдэг асуудал яаж боссон бэ?

– Мүүний шашин гэдэг нь ямар байгууллага юм, яасан ийсэн гэхээсээ би Монгол Улсад зөвшөөрөлтэй төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Тэр ТББ гэр бүл, эрх чөлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байсан. Хэн нэгэн намайг шахаж “Чи энэ байгууллагад оч” гэж хэлээгүй. Ерээд оны эхэн үед нийгэмд тодорхойгүй зүйлс их байсан. Миний хувьд “Энэ нийгэм хаашаа явах юм. Би яаж илүү зөв амьдрах вэ” гэж боддог байлаа. Монголд байгаа бүх л шашныг судалж үзсэн. Тэр үеийн залуус хийж бүтээх, юм судлах, сонирхох асар их эрмэлзэлтэй байсан. Маш олон газар очиж, байж болох бүх хүнтэй уулзаж, судалж үзсэн. Миний хувьд ч Дейл Карнегийн клубт очдог байсан. Төрийн бус байгууллагуудад очиж, яриа хөөрөө хийдэг. Туул голыг цэвэрлэхэд олон удаа оролцсон. ДОХ-ын эсрэг өдрийн жагсаалд ч оролцож байлаа. Эрдэнэтэд тавдугаар сарын 31-ний өдөр хүмүүст тамхины хор хөнөөлийг яаж ойлгуулах вэ гээд өчнөөн ажил хийгээд явж л байсан “Энэ нийгэм өөрчлөгдөх ёстой. Монгол Улс хөгжих ёстой” гэсэн сэдэл тэмүүллээр тийм зүйл ярьж байгаа залуустай нэгдэж нийлж байв. Зөв зүйл, сайн сайхан зүйлийг хайж тэнд байсан залуу хүн бүрийг өнгөрсөн түүхээр нь буруутгана гэвэл аймаар харгис зүйл.

-Та үнэхээр Мүүний үзэлтэн байлаа гэхэд тэр нь таныг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй шүү дээ. Хэн нэгнийг гарал, үүсэл шашин шүтлэг, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд Үндсэн хуульдаа заасан байдаг. Ингэхэд хүнд өдрүүдэд таныг өмгөөлж үг хэлсэн хүн хэр олон байв?

– Намайг өмөөрөөд үг хэлэхээр мүүнчин болчих гээд түвэгтэй нөхцөл байдал байсан л даа. Ц.Оюунгэрэл гишүүн хамгийн түрүүнд “Хэзээ ч ийм юманд бууж өгч болохгүй” гэж зөвлөж байсан. Б.Лхагвасүрэн гуай телевизээр маш тодорхой юм бас ярьсан. Цөөхөн тийм хүн байсан. Чой хамбад би “Танд үнэхээр баярлалаа” гэж сүүлд хэлсэн. Угаасаа ч Чой хамбад золгодог, ханддаг байсан. Ийглийн нэвтрүүлэгт орж байхдаа Чой хамба “Тэр чинь над дээр ирдэг л хүүхэд шүү дээ” гэж хэлснийхээ төлөө бас хэдэн өдөр элдвээр хэлүүлсэн. Хүний эрх гэдэг бусдын эрхийг зөрчихгүй байхаас эхэлдэг. Ардчилал, хүний эрхийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгцээг энэ бүхэн мэдрүүлсэн. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд хүний эрх зөрчигдөж байвал арай баярладаг юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Яагаад гэхээр хүний эрх зөрчигдөж байгаа кейсээр энд тэндээс төсөл авч, өөрсдийгөө тэжээж тэтгэж амьдардаг юм биш биз дээ гэх бодол төрж байлаа. Олон улсын хүний эрхийн байгууллагын хүн ирж уулзаад “Яг энэ түүхийг олон улсад гаргах ёстой. Наймдугаар сард НҮБ-ын хүний эрхийн залуучуудын хурал болно. Энд ирээч” гэж урьсан. Б.Насанбаяр гэдэг хүнийг дайрч давшлахаас илүү энэ салбарыг дайрч, хэн дуртай нь ирээд юу дуртайгаа ярьж байгаа нь хамгийн хүнд байлаа. Намайг хэвлэлийн хурал хийхэд сэтгүүлчид дүүрэн байсан. Маргааш нь эрдэмтэд сүнстэй бодлого гэж юу болох талаар тайлбарлахад хэн ч сонирхохгүй байна шүү дээ. Үнэн мөнийг олох гэж биш Б.Насанбаяр гэдэг хүнээр дамжуулж шуугиан тарих нь гол байжээ.

-Сайн талаас нь харвал Б.Насанбаяр гэдэг хүнийг нийгэм бүхлээрээ танихаар боллоо. Та цаашдаа юу хийхээр бодож байна даа?

-2003 оноос хойш би зорилгоо боломжоороо арав арван жилээр тодорхойлж ирсэн юм. 2003 онд боловсролын салбарт ажиллана гэж байсан. Тохироо нь ч бүрдсэн. 2020 он хүртэл энэ судалгааны ажил, боловсролын салбарын ажил дээрээ төвлөрнө. 2020 оноос хойш дөч гарчихна. Хүүхдүүд маань ч том болчихно. Миний хувьд 2020 оноос цаашаа юу хийвэл илүү боломжтой вэ гэдгээ төлөвлөж харж байна л даа. Өнөөдөртөө илүү тодорхой юм хэлж мэдэхгүй байна.

-Та ахлах ангийн сургалтын хөтөлбөр кредит системд шилжиж байгаа гэж байсан. Ахлах ангийн сурагчдад илүү сонголт хийх боломж гарах нь гэж бодож байлаа. Харин одоо засаг солигдчихоор энэ бүх шинэчлэлийг үргэлжлүүлэх болов уу гэдэг хүлээлт хэн бүхэнд байна?

-Монгол Улсын төрийн санах ой гэдэг төрийн бодлого, хуулиуд юм. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогоо 2015 онд УИХ баталсан. НҮБ 2030 он хүртэл дэлхий нийтээр дагаж мөрдөх тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлсон. Түүний дагуу Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан юм. Энд манай салбарын хүрэх үр дүн, зорилтууд, хийх ёстой ажлууд тодорхойлогдсон байгаа. Энэ ерөнхий гол суурь хандлага, зарчмууд батлагдсан. Түүнийхээ дагуу хийгдэх ёстой ажлууд хийгдээд явж байгаа. Ахлах анги буюу бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр батлагдсан. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг хөтөлбөр, суралцахуйн удирдамж нь хэвлэгдээд багш нарынхаа гар дээр очиход бэлэн болсон. Энэ хөтөлбөрийг бүтэн хоёр жилийн турш туршиж, сайжруулаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Кембриж, ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөхүүдээр хөндлөнгийн мониторинг үнэлгээ дүгнэлтүүдээ хийлгэчихсэн. Үндэсний эрдэмтэд маань тэр бүхнийг үндэслээд монгол хүн яаж хөгжих вэ гэдэг бүх загвар, бодлого чиглэлээ гаргаад баталсан байна. Энд салбар зөвхөн 12 жилийн тогтолцоонд шилжих гэж зургаан жил зарцуулсан шүү дээ. Угаасаа л өмнөх хийсэн зүйлүүдээ сайжруулаад явж байгаа учраас хүүхэд бүрийг хөгжүүлэхгүй гэж хэлэхгүй байх. Хүүхэд өөрөө мэргэжлийн чиг баримжаагаа олж авдаг, түүндээ суурилж хөгждөг. Үүнд зориулж гүнзгийгийн хөтөлбөр гэдгийг анх удаа монгол эрдэмтэд боловсруулж баталж гаргаж байна. Математикийн гүнзгий гэхээр их сургуульд үздэг хичээлийг түрүүлж үзэж байснаас биш ерөнхий боловсролын сургуульд математикийн гүнзгийрүүлсэн хичээл дээр юу үзэх вэ гэдгийг анх удаа яам баталсан. Энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

-Та шөнө орой болтол яаман дээрээ ажиллаад сууж байдаг хүн. Яаж ингэж юм бүхэнд хүртээмжтэй байдаг юм бол гэж заримдаа гайхдаг байсан л даа. Яах гэж тэгтлээ зүтгэв дээ гэх бодол төрөх юм уу?

-Харамсах сэтгэл төрдөггүй. Нэгдүгээр ангиасаа эхлээд багш болно гэж боддог байв. Манай ээж сумын эмч учраас өдөр шөнө ялгаагүй дуудлага ирсэн үед явдаг. Багш ээжтэй хүүхдүүд гоё юм аа. Ээж нь гэртээ байдаг юм байна гэж боддог байлаа. Аав жолооч, ээж эмч. Гэртээ байх нь ховор учраас гэрийнхээ бүх ажлыг багаасаа зохицуулж сурсан. Нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ багш болох хүсэл маань өөрчлөгдөөгүй. Хүсэл эрмэлзлийнхээ дагуу салбартаа ажиллаж байгаа. Миний хийж байгаа зүйл хүүхэд, багш дээр хэрхэн очих вэ. Яавал багш ажлаа аз жаргалтай хийх вэ. Яавал хүүхэд илүү хөгжих вэ гэдгийг бодож ажилладаг. Би гурван ангид дөрвөн жил дараалан очиж хичээл дээр нь суусан. Очих болгонд хүүхдийн нүд гэрэлтэж, гайхамшигтай өөрчлөгдөж байгааг харахад кайфтай, гайхамшигтай санагддаг. Би энэ дөрвөн жилд өөрөө маш их хөгжсөн. Асар олон зүйлийг маш богино хугацаанд хийж, ачаалал авах тусмаа миний нуугдмал, далд байсан чадварууд ил гарч байлаа. MIT-тай гэрээ хийсэн гээд нэг өгүүлбэрээр хэлчихэж байгаа ч түүний төлөө хоёр жил ажилласан шүү дээ. Мянган инженерийн төсөл маш богино хугацаанд хэрэгжсэн. УИХ дээр энэ төсөл батлагдаж байхад урьдчилсан байдлаар албыг нь байгуулаад, бэлтгэл ажил нь явсан. Төр гэдэг зүйлийн цаана Монгол Улсын төлөө зүтгэж явсан үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийг тээж явдаг. Нэг удаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад асуудлаа танилцуулж байсан чинь харж харж байснаа “Л.Гантөмөр сайд, Б.Насанбаяр дарга хоёр ёстой их хүсэл мөрөөдөлтэй сайхан хүмүүс шүү” гэсэн юм. Хэдийгээр тоглоом шоглоомоор хэлсэн ч гэсэн дулаахан санагддаг. Хөөрхий, ядаж л хүсэл мөрөөдөлтэйг нь харсан хүн байна шүү дээ.

-Хэцүү өдрүүдийг гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?

– Манай нөхрийн оронд өөрийгөө тавиад үзвэл ямар байх нь ойлгомжтой л доо. Наад зах нь хамт ажилладаг хүмүүсээс эхлээд, ах дүү хамаатан садан гэж байна. Хүн чинь газар дээр гон бие гозон толгой биш шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь миний эхнэр хэн юм, юу хийгээд явдаг юм. Ажлын төлөө яаж зүтгэж явдгийг нөхөр маань мэдэж байгаа. АТГ-аас манай нөхрийн данс, хүүхдүүдийн хадгаламж, эцэг эх, ах дүү, хамаатан садныг шалгасан. Гэм хийгээгүй мөртлөө шалгуулна гэдэг нэг талаар түвэгтэй мөртлөө үнэхээр зөв шударга амьдарч байсан гэдэг шалгалтын дүн гарахад “Дүн тавиуллаа даа” гэж бодогддог юм билээ. Арав гаруй жилийн турш харилцах ганц данстай, хадгаламжийн цөөхөн төгрөгтэй байсан байна. Амралттай, чөлөөтэй өдрүүддээ ч би өмнө нь ажиллаж байсан шигээ л ажилласан. Нэг ч өдөр гэртээ зүгээр суугаагүй л дээ. Тэр хугацаанд би Харвардын онлайн сургалтад хамрагдлаа. Ээж маань намайг тээж байх үедээ хүнд өвчтэй байсан. Ямар ч байсан энэ өвчний ард гарч, хүүхдээ төрүүлнэ гэж ээж маань өдөр бүр тэмцсэн учраас тэмцэгч, даван туулагч шинж чанар төрөлхөөсөө надад заяасан юм байна гэж боддог. Нэг аймаар юм нь хүн бүр муу хэлээд байхаар энэ хүнд юу ч гэж хэлж болно гэж хүмүүс боддог. Нэг хоолны газар орсон ч хажуугийн өрөөнд Б.Насанбаяр гээд хүмүүс миний тухай ярьж байдаг. Тэр болгонд хатуужил тэвчээр суусан даа.

-Юунаас эрч хүч авдаг вэ?

-Хэцүү үедээ дуртай номоо уншдаг. Харвардад санал болгодог “Bill George True North” гэдэг ном хэсэгтээ ширээний ном байсан. Тэр номд юунаас болоод удирдагч бүтэлгүйтдэг. Яаж түүнийгээ давж гардаг, үймээн шуугианы үед хэрхэх тухай өгүүлдэг. Дэлхийд алдартай олон хүн өөрийнхөө амьдралын асуудлыг шийдэх гэж яваад хүн төрөлхтний асуудлыг шийдсэн түүх байсан. Нийгэм яаж ч өөрчлөгдсөн тухайн хүн тууштай, алтан гадас шиг байх тухай ном. Ямар ч хүнд ажилтай үедээ дуу сонсдог. Бурхан шиг хань, гурван хүүхдээсээ хамгийн их эрч хүч авна. Том охин маань “Ээж ээ, тэр Мүүн гэдэг чинь юу юм бэ” гэж асуух үе надад хамгийн хэцүү байсан. Тэр үед хүүхэд, нөхөртэйгөө гадуур хамт явахгүй байхыг хичээж байсан. Миний хүүхэд гадуурхагдах вий дээ гэж эмээж байв. Миний хүүхдүүд энэ нийгэмд амьдарна. Тийм учраас энэ нийгмээ илүү сайхан болгохын төлөө чадахаараа тэмцэнэ, амьдарна, ажиллана.

Эх сурвалж:dnn.mn

Б. Янжмаа

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …