Ж.БАТСУУРЬ САЙД ОЛИМПИЙН ТОСГОНД ЗОЧЛОВ
– Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь олимпийн нээлтэд оролцохоор Рио-де-Жанейро хотод ирлээ. Монгол Улсаас Бразил Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа, МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн болон бусад албаны хүмүүс Ж.Батсуурь сайдыг угтаж авсан бөгөөд 31-р зуны олимпийн хүндэт зочноор уригдсан Ж.Батсуурь сайд төлөөлөгчдийн хамт олимпийн тосгон, Монголын багийн төв штабт айлчилж баг тамирчдад амжилт хүссэн юм. Рио 2016 олимпийн наадмын нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 8 сарын 6-ны өглөөний 08:00 цагт эхэлнэ.
– TEAM BOOK ТУН УДАХГҮЙ
Риогийн наадамд оролцож буй Монголын багийн албан ёсны ном хэвлэгдэн гарлаа. Уг номонд Өмнөд Америкт анх удаа зохион байгуулагдаж буй, 31-р зуны олимпод оролцож буй Монголын багийн бүх тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсийн танилцуулга, намтар болон бусад сонирхолтой мэдээллүүд багтсан ажээ. Уг номыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос эмхэлж бэлтгэсэн юм.
– ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГ РИОГ ЗОРИВ
8 сарын 17-нд дэвжээнд гарч зодоглох Монголын эмэгтэй чөлөөт бөхийн баг тамирчид эх орноосоо өнөөдөр мордлоо. Тэднийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын чөлөөт бөхийн холбоо болон гэр бүл, найз нөхөд, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж спортын өндөр амжилт хүссэн юм. Эмэгтэй шигшээ багийг ахлан гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр ажиллах бол дасгалжуулалтын багт Зэвэгийн Дүвчин, Даваажавын Батням, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нар багтаж байгаа юм. Энэ олимпод эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх анх удаа адил тооны жингийн ангилалтайгаар явагдах юм.
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид:
53 кг, Эрдэнэчимэгийн Сумьяа, олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний болон Оюутны Зуны универсиад наадмын мөнгөн медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна.
58 кг, Пүрэвдоржийн Орхон, олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Армийн ДАШТ-ний болон Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна.
63 кг, Соронзонболдын Батцэцэг, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алт, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна.
69 кг, Очирбатын Насанбурмаа, Гавьяат тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Зуны оюутны универсиад наадмын мөнгө, Азийн спортын наадмын мөнгө, азийн аварга шалгаруулах тэмцээниий алт, мөнгө, хошой хүрэл медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна.
– СЭТҮҮЛЧИД АЖИЛДАА ОРЛОО
Зуны 31-р олимпийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос (МССХ) зургаан сэтгүүлч албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна. Gogo агентлагийг төлөөлөн Фото сурвалжлагч Ч.Ганбат, сэтгүүлч У.Бадамцэцэг нар саяхан Рио де Жанейрод газардаж эхний сурвалжлагаа вебсайдтаа байршуулсан бол МССХ-ны ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Отгонбаатар, Б.Бадамгарав нар наадмын сурвалжлах багийг ахалж байгаа юм. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог төлөөлөн сэтгүүлч А.Түмэнбаяр ажиллаж байгаа. Риогийн наадмын MPC буюу Сэтгүүлчдийн үндсэн төв нь 25 мянган сэтгүүлчдийг багтаах чадалтай бөгөөд “Барра олимпийн парк”-т төв хэсэгт байрладаг юм.
МҮОХ