Монгол Улсад маань АСЕМ-ын уулзалт маш амжилттай зохион байгуулагдлаа. Хүн болгон л ам сайтай байна. Таны өөрийн сэтгэгдлийг сонирхвол.
Ази-Европын Дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулахад Монгол Улсын иргэн бүр эрвийх дэрвийхээрээ оролцлоо гэж бодож, баярлаж, бахархаж байна. Богино хугацаанд үлдэцтэй бүтээн байгуулалтууд хийгдэж, олон бэрхшээлийг давж, төр, хувийн сектор, олон нийтийн байгууллага, иргэд бүгд хамтын хүчээр улс эх орныхоо нэрийг дэлхий дахинд тодоос тод цуурайтууллаа.
АСЕМ-ын гол уулзалт болон түүний өмнөх олон цуврал хурал, арга хэмжээнүүдийг зохион байгуулах нүсэр бэлтгэл ажилд сэтгэл зүрхээрээ, оюун ухаанаараа, бие чадлаараа хүчин зүтгэсэн бүх байгууллага, компани, хамт олон, хувь хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
АСЕМ-ын уулзалтаар ирсэн төр, засгийн тэргүүн болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчид, сэтгүүлчид уулзалт өндөр түвшинд зохион байгуулагдсан, бэлтгэл ажлыг сайн хангасныг онцлон Монголчууд бид бүхэнд баярласан, талархсанаа илэрхийлэн буцсан. Уулзалтын дараа ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын нэр дээр талархлын захидал олон ирсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зохион байгуулсан талархлын хүлээн авалт дээр Та “Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа одох вэ” гэж хэлснээ дэлгэрүүлбэл,
-Энэ ишлэл их өргөн утгатай. Монгол Улс баялаг, баатарлаг түүхтэй, агуу их соёлтой, хүн ард нь найрсаг, зочломтгой гэдгийг уулзалтад оролцсон гадаадын хүн болгон сэтгэл зүрхээрээ мэдэрсэн гэж найдаж байна. Олон улсын ийм том арга хэмжээг зохион байгуулж чаддаг юм байна гэдгийг нүдээрээ үзсэн гэж ойлгож байна. Монголд эргэн ирэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах явдал цаашид идэвхэжнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-АСЕМ-ын уулзалт өндөр зардлаар хийгдсэн хэмээн их шуугилаа. Энэ талаар тодруулахгүй юу.
-АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон бусад дагалдах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой бүтээн байгуулалт, сургалт, ажил үйлчилгээнд улсаас төсөвт нийт 21 орчим тэрбум төгрөг төсөвлөснөөс 19 орчмыг нь зарцуулсан дүнтэй гарлаа. Манай хувийн хэвшлийн олон компани өөрсдөө санаачилга, хөрөнгө гарган АСЕМыг амжилттай зохион байгуулахад их хувь нэмэр орууллаа.
Моннис компани гэхэд л уулзалтын төлөөлөгчдөд үйлчлэх 250 гаруй авто машин өөрийн хөрөнгөөр оруулж ирэн хэрэглүүлснээс гадна олон хувь хүмүүс өөрийн авто машинаа хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж тусалсан. MCS компани маш бага хугацаанд АСЕМ виллаг барьж төлөөлөгчдийг байрлуулж, хурлын том гэртээ нэг өдрийн хуралдааныг зохион байгууллаа.
Цагаан шонхор компани Чингисийн хүрээ жуулчны бааздаа засвар хийж, Монгол наадам зохион байгуулах боломжийг бүрдүүлж өглөө. ХХБ төлөөлөгчдийн унааны түрээсийг дааж, бензин импортлогч компаниуд автомашин, автобусны бензиний зарим хэсгийг хариуцсан зэрэг гараа сунгасан олон зүйл байлаа. Үүнээс гадна олон байгууллага, компани техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх, үнэ төлбөргүй түр хэрэглүүлэх зэргээр бэлтгэл ажилд маш их нэмэр болон ажилласанд талархаад баршгүй.
-АСЕМ-ыг зохион байгуулахад гадаадын улсуудын тусламж, дэмжлэг тодорхой үүрэг гүйцэтгэсэн байх. Энэ талаар та юу хэлэх бол?
– АСЕМ – ын түншүүд техникийн буцалтгүй тусламж үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулж өгөх, өндөр чадвар, туршлагатай мэргэжилтэн зөвлөхөөр удаан хугацаагаар ажиллуулах зэргээр идэвхитэй хамтран ажиллалаа.
Нийслэл, Цагдаагийн Ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Их Тэнгэр цогцолбор зэрэг байгууллагууд техникийн тусламжийн үрээр үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр чанаржуулж чадлаа.
АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн чиглэл, үүргийн дагуу байгуулагдсан гадаадын тусламж хариуцсан ажлын хэсэг АСЕМын уулзалтын үеэр ашигласан тавилга, тоног төхөөрөмжийг хураан авч хуулийн хүрээнд хямдралтай үнээр зарж борлуулан орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж эхлээд байна. Гадаадын техникийн тусламжаар орж ирсэн зарим тоног төхөөрөмж, тухайлбал 60 ширхэг агааржуулагчийг эмнэлгүүддээ хандив болгон Эрүүл мэндийн яаманд шилжүүллээ.
-Та удахгүй манай хөрш БНХАУ-д Элчин сайдаар ажиллах болсон гэж Ерөнхийлөгч хэлсэн. Энэ талаар?
-Манай урд их хөрш БНХАУ-тай харилцах харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зэргийн ач холбогдолтой. Өнөөгийн дэлхий дахинд улс төр, эдийн засгийн тэргүүлэх гүрний нэг болоод буй БНХАУ-д эх орноо төлөөлөн Элчин сайд гэсэн эрхэм нэр хүндтэй ажилд тохоон томилогдон ажиллах болсондоо баяртай байна. Энэ бол нэр төрийн хэрэг. Хөрш хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бататган өргөжүүлэхийн төлөө хичээж ажиллах болно.
Ярилцлагын төгсгөлд тэрбээр
АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний 11 дэхь чуулган уулзалт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод өндөр түвшинд болж өнгөрлөө. Дэлхийн түвшиний сонорт таалагдтал энэхүү 11-р уулзалт бэлийн чулууг уулын оройд эрдэнэ болтол цацруулж чадсан.
Дэлхийн сонорт таалагдсан дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Монгол орон 50 гаруй орны төрийн тэргүүн, ерөнхий сайдуудыг өөрийн нийслэл Улаанбаатартаа найрсаг сайхнаар хүлээн авлаа.
Монгол улсын нэр хүнд дөрвөн далай таван тивийн сонорт таалагдаж улсын маань нэр хүнд Эзэн богд Чингис хааны алдар сууг дэлхий нийтээр бишрүүлж чадлаа. Дээд хэмжээний уулзалтаар ирсэн бүх орны зочин гийчид Мөнх тэнгэрийн орны гайхамшигт суу билгийг биширч Хубилай хаанаас хойш хуралдаагүй Их хуралдайг МОНГОЛ ГЭРТ хуралдуулж чадлаа.
Дэлхийд ганцхан Монгол уламжлалын Эрийн гурван наадам, урлаг соёлын арга хэмжээ, нүүдэлчин Монголын соёл иргэншлийг нүдээр үзэж сэтгэлээ баясгасан зочид төлөөлөгчдийн зүрх сэтгэлд хүрч таалагдсан том арга хэмжээ боллоо.
Олон орны зочид гийчдийн сэтгэлд хүрч мартагдахын аргагүй өндөр хэмжээний уулзалт зохион байгуулсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид аргагүй л энэ цагийг эзэлсэн Монгол улсын төрийн тэргүүн юм байна гэдэгт биширлээ.
АСЕМ-ийн ажлын зөвлөл баг бүрэлдэхүүнд туйлын их талархаж Монголоороо омогшлоо. Монгол улсын маань нэр хүнд тив дэлхийд цуурайтуулсан дэлхийн том арга хэмжээг зохион байгуулж чадсаныг хараад самсаа шархиран бахархлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
МУГЖ Гэндэнпилийн Явгаан