Төсвийн алдагдлын тоо зөрүүтэйн дээр, аль ч утгаараа түгшүүрийн харанга дэлдэж эхлээд байна. Тухайлбал оныэхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байна. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10,3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5,1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21,1 хувийг давахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсвийн алдагдал төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэхээр байна. Арван их наядын орлого тооцоолчихоод тав нь орлого болж орж ирээд бусад нь яах нь тодорхойгүй ч орж ирнэ гэсэн байдлаар мэдээллээ зөөллөж өгөөд байгаа байдал эндээс харагдлаа. Тэгэхээр бид бараг таван их наядын алдагдалд сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй болж байгаа биз.
Энэалдааг засах амаргүй. Гэвч сонгогчид 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гаргасан учраас МАН-ыг сонгосон. Үүний нэгэн адил хандивлагчид, гадаадын хөрөнгө оруулагчид ч гэсэн ийм л итгэлээр энэ их хэмжээний өртэй улс орны Төрийн сайд болгонтой уулзаж санал тавьж яваа болов уу.
Туршлагатай сайдуудыг төрд “байршуулсан”-ын хүчинд тэд хандивлагчид, хөрөнгө оруулагчдын өмнө ч барьц алдахгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалт хийе гэхээр алгаа тосох бус, өмнөх төсөл хөтөлбөрүүдээ амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж дуусган, улс орныхоо нэр хүндийг аврах байр суурийг баримталж буй нь уулзалтын мэдээнүүдээс харагдах боллоо. Мөн санхүүжилт авах чухал хэдий ч зарцуулалтын төлөвлөгөө, хэрэгжилт үүнээс ч чухал гэсэн байр суурь баримталж байгаа нь Ж.Эрдэнбатын Засгийн газрын “нэрийн хуудас”, гол имиж болж байгаад талархууштай.
Статистикийн дүн мэдээ, хэн хэн нь алдаж онож байсан Засгийн газруудын дүнгээс илүүтэй Монголбанкны зүгээс үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээж буй нь ажиглагдаж байна. Тэдний мэдээллээс сэргэлт олж харахыг хичээж буй ард түмэн нь бий. Харин яавал сэргэхин тухайд Монголбанкны Мөнгний бодлогын газрын захирал хэлэхдээ “Манай олборлох үйлдвэрлэлийн экспорт биет хэмжээний хувьд өсч, үнэ буурахыг дагаад мөнгөн дүн нь багасаад байсан. Ингэж үнэ буурах нь зогсвол экспортын мөнгөн орлого нэмэгдэж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” гэсэн.
Хэдийгээр өрийн хэмжээ өндөр ч инфляцийг нам дор, тогтвортой түвшинд хүлээлгэж өгсөнд талархууштай. Гэхдээ ам.долларын ханшийн өсөлт санаа зовоож байгаа нь үнэн билээ.
“Төсвийн алдагдал удаан хугацаанд их байхаар алдагдал нь нэмэгдээд байдаг. Алдагдалтай байх нь санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдсэн өртөг үйлдвэрлэдэг бодит сектороос илүүтэй улсын төсөв хэрэглээд байгаа тул хүү бууруулах чиглэлд ажиллаж байгаа мөнгөний бодлогыг үр дүнгүй болгодог. Төсвийн алдагдлыг яаж шийдэх нь ойлгомжгүй байх тусам макро эдийн засгийн тодорхойгүй байдал өсч үүнийг дагаад хадгаламжийн хугацаа, ханш гэх зэрэг тодорхойгүй байдлыг их мэдэрдэг үзүүлэлтүүд тогтворгүй болно. Ер нь төлбөрийн тэнцэл, төсөв алдагдалтай үед мөнгөний бодлогын үр дүн тооцоолж байсан түвшинд хүрэхгүй байх гол нөхцөл болно” хэмээн Монголбанкны газрын дарга ярьжээ. Тэгэхээр эмчилгээг хурдан хийхгүй бол “хорт хавдар” туссаныг нь мэдээд байгаа хэрнээ оношлохгүй байгаа эмчийн хариуцлагатай ижилсгэхээр байна. Тиймээс ч УИХ ээлжит бус чуулганаа яаралтай хуралдуулж төсвийн тодотголоо хийх хэрэгтэй болж байна.
Энэ бүхний эцэст “маш хүнд төсөв орхисон. Гэхдээ энэ бол хямрал биш, хүндрэл. Энэ зэргийн хүндрэлийг давж гарах хүчин чадал Ж.Эрдэнэбатын Засгийн газарт бий. Үүнийг дотооддоо төдийгүй гадаадад мэдрээд байгаа нь анзаарагдаж байна. Энэ бол боломж. Гэхдээ хүндрэл даамжирвал яах вэ. Даамжрахаас нь өмнө хаанаас уршигтайг нь бодож ард түмэн хүлээж чадах уу гэдэгт асуудал бий.
А.Сүрэн
Zaluu.com