Эрдсийн түүхий эд экспортлогч орнуудын хувьд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарах тухайд бэлтгэл тааруу байсан нь өнөөгийн үйл явцаар нотлогдож байна. Мэдээж аль ч улс орон 2009-2012 оны үед зах зээлийн нөхцөл байдал таагүйгээр үргэлжилнэ гэж санаагүй нь лавтай. Гэвч тэдгээр улс орны ирээдүйг угтан харж хийсэн үйлдэл хангалтгүй байсан нь өнөөдөр зутруухан байхын үндэс болж буйг бид өөрсдийнхөө одоо амсч буй туршлагаар мэднэ.
Өөрөөр хэлбэл, Монгол улс маргаашийг сайн тооцоогүйнхээ үр дүнг сайтар амсч буй улс орнуудын нэг яах аргагүй мөн. Түүхий эд нийлүүлэгч олон орон, тэр дундаа Африкийн улс орнууд эдийн засгийн удаашралыг хангалттай амсч буй нь эдийн засгийн ганцхан тулгуур хэзээ ч бат бэх, найдвартай нөхцөл байж чаддаггүйг маш тод томруунаар харуулан өнөөдөр биднийг сургамжилсаар байгаа билээ.
Мозамбик
Африкийн тэргүүлэх өсөлттэй эдийн засагтай улс орноор нэрлэгдэх болсон Мозамбик нь Монгол улсын нэгэн адил эрдэс баялгийн салбарын өсөлтийн буянаар хурдацтай өсөлттэй явж ирсэн улс. Мозамбикийн тухайд Тавантолгой ордтой өрсөлдөхүйц Моатиз коксжих нүүрсний ордтой гэдгээр нь бид сайн мэднэ. Тус улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй өсөлттэйгээр жил бүр 7 хувиас илүү хэмжээгээр өргөжиж ирсэн байна. Мозамбикийн энэхүү өсөлт нь үнэндээ газрын тос болон хийн хайгуулын төслүүдийн үр дүн юм. Мөн тус улс дахь нүүрс, байгалийн хий, алт, фосфат, газрын ховор элемент, үнэт чулуу, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн төсөл болох Мозал зэрэг нь дэлхийн уул уурхайн томоохон тоглогчид болох BHP Billiton, “Рио Тинто”, Вале, Sason, Anadarko, Eskom зэргийн анхаарлыг татах болсон билээ.
Гэвч тус улсад сүүлийн жилүүдэд тохиож буй эрдсийн зах зээлийн уналт эдийн засагт нь маш хүчтэйгээр нөлөөлөх болсон байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мозамбик улс Олон улсын валютын сангаас 286 сая ам.доллар зээлэх шаардлагатай болжээ. Энэ оны эхээр тус улсын эдийн засаг асар хурдацтайгаар доройтож, оны дунд үе гэхэд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж, гадаад валютын нөөц шавхагдаж, инфляц хоёр оронтой тоонд хүрч, донор байгууллагуудын тусламж багасчээ. Тус улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал нэг бол сайжирч, эсвэл бүр дордож мэдэхээр байгааг олон улсын хэвлэлүүд бичиж байна.
Мозамбик улсын тухайд сүүлийн арван жилийн хугацаан дахь геологийн судалгааны дүнд 5.66 их наяд куб метр байгалийн хий, 20 тэрбум тонн нүүрс болон бусад эрдсийн нөөцийг илрүүлээд байгаа юм. 2004-2013 оны хооронд тус улсын уул уурхай, гидрокарбоны салбар нь 14 орчим тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд тохиож буй зах зээлийн уруудах мөчлөгөөс үүдсэн эдийн засгийн хямралаас болж ажлын байрны тоо буурч, олон мянган дотоодын компаниудын ажил үйлчилгээ доройтож буйд тус улсын Засгийн газар санаа зовниж байна. Энэ нь Засгийн газрын татварын орлогод ч нөлөөлж эхлээд байгаа бөгөөд ирээдүйд савлагаатай эрдсийн зах зээлээс хамааралгүй болох аргыг тус улс судалж байна.
Мозамбик улс мөн өрийн хэмжээгээр аюултай түвшинд хүрээд байгаа нь ч эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Өнгөрсөн оны эхээр тус улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийх нь 42 хувьтай тэнцэж байсан бол уг дүн энэ оны эхний улирлын байдлаар бараг 80 хувьд хүрчээ. Түүгээр ч барахгүй Засгийн газрынх нь нууц өр илэрсэн нь “дайран дээр давс үрсэн” хэрэг болов.Тус улсын Засгийн газрын ард иргэд болон ОУВС-аас нууж байсан өрийн хэмжээ дор хаяж 2.3 тэрбум долларт хүрчээ. Энэ нь тус улс руу ОУВС болон барууны орнуудаас үзүүлдэг тусламжийг цуцлах шалтгаан болжээ. Үүний улмаас тус улс энэ сарын эхээр 2016 оны төсөвтөө тодотгол хийж 10%-иар танаад байна.
Тус улсын Засгийн газрын уламжилж байгаагаар улсын нийт өр 11.64 тэрбум бөгөөд үүний дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамаарч буйг онцолжээ. Тус улсын хувьд өрөө төлөх нь богино хугацаанд хүндрэлтэй байх ч өр төлбөрийн хэмжээ хяналтаас гараагүй бөгөөд хүндрэлтэй зүйл байхгүйг Засгийн газрынх нь төлөөлөл онцолжээ.
FocusEconomics байгууллагын үзэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 4.5%, ирэх онд 5.7% байх төлөвтэй байгаа юм.
Өмнөд Африк
Африкийн гурав дахь том эдийн засагтай улс болох Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 31%-ийг экспорт эзэлдэг бөгөөд нийт экспортын 40%-ийг метал, нүүрс эзэлдэг байна. 2014 оны байдлаар нийт экспортын 9.6% нь Хятад руу нийлүүлэгджээ. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний хувьд, тухайлбал экспортолсон нийт төмрийн хүдрийнхээ тал хувийг Хятад руу нийлүүлжээ.
Өмнөд Африкийн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрээд байна. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь өнгөрсөн онд 69%-иар буурч 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү бууралтын шалтгаан нь түүхий эдийн үнийн бууралт, цахилгааны зардлын өсөлт, түүнчлэн түүхий эдийн экспортоос хэт хамаарсан нөхцөл байдлаас үүдсэн болохыг НҮБ-аас гаргасан Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурджээ.
Энэ оны эхний улирлын байдлаар Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт уул уурхайн салбарын уналтаас үүдэн 1.2%-иар хумигдсан байна. Өмнөд Африкийн эдийн засаг энэ онд 0.3%-иар, ирэх онд 1.2%-иар өсөх төлөвтэй байгааг FocusEconomics судалгааны байгууллага мэдээлжээ.
Өмнөд Африкийн хувьд уул уурхай төдийгүй хөдөө аж ахуйн салбар хүндхэн байдалтай байгаа нь эдийн засгийн өсөлт хасах руу орох нөхцөл болжээ.
Тус улсын Сангийн сайд Правин Гордханы тухайд улсын өрийн тухайд нэлээд хянуур зарчим баримталж буй. Одоогийн байдлаар Өмнөд Африкийн өр дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-д хүрчихээд байгаа юм. Энэ сарын дундуур сайд Правин Гордхан эдийн засаг буурсан ч тогтвортой байгааг мэдэгджээ. Гэвч Brexit-ийн асуудлаас үүдэн Өмнөд Африкийн эдийн засагт сайнгүй нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улс нь Британи, Европын холбоотой эдийн засгийн нягт харилцаатай юм.
Ботсвана
Ботсвана улс бол дэлхийн уул уурхайн салбарт очир эрдэнэ олборлолтоороо нэлээд танигдсан билээ. Тус улс дангаараа дэлхийн очир эрдэнэ нийлүүлэлтийн 20%-ийг эзэлдэг. Гэхдээ өнгөрсөн оны байдлаар тус улсын очир эрдэнийн экспорт 38%-иар буурч, 2.4 тэрбум долларт хүрсэн нь сүүлийн 6 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 9.9%-тай гарч байсан бол өнгөрсөн онд 0.3%-иар буурсан байх юм. Эрдэс түүхий эдийн ханшийн уналт тус улсын эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн нь эдийн засгийн үзүүлэлтээс нь харагдаж байна. Ботсванагийн нэг сайн үзүүлэлт нь нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 20%-иас доогуур байгаа явдал юм.
Тус улс нь мөн зэс, алт, никель, нүүрс болон бусад эрдсийн олборлолт явуулдаг. Гэвч зах зээлд зэсийн үнэ сайнгүй байгаагаас үүдэн уурхайнуудын ажиллагаа ямар ч ашиггүй болоод байгаа юм. Төрийн өмчийн BCL компанийнх нь зэсийн олборлолт ашиггүй болоод байгаа ч тус улсын Засгийн газар уурхайн 5000 хүний ажлын байрыг хадгалахын тулд аргагүй эрхэнд ажиллуулсаар байх шийдвэрт хүрчээ. Ер нь Ботсвана гэлтгүй уул уурхайн салбартай хувь заяагаа холбосон бусад улс оронд хүмүүсийн ажлын байрны асуудалд маш эмзэг хандаж, нухацтай авч үздэг.
Үүнээс гадна Монголтой яг адилаар дэд бүтэц, усны асуудал Ботсванагийн уул уурхайн бизнесийн цаашдын хөгжилд тулгамдсан асуудал болж байна.
Ботсванагийн эдийн засаг амаргүй байгаа ч оны эхний улиралд өсөлт 2.8%-тай гарчээ. Энэхүү өсөлтөд зам тээвэр, аялал жуулчлал, санхүү, бизнесийн үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлжээ.
Метал болон газрын тосны үнэ сүүлийн 6 жилийн хугацаанд 50-70%-иар буурсан тухай Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Олон улсын валютын сан Африкийн орнууд макро эдийн засгийн сайн бодлого баримталж, эрдсийн салбараас өөр чиглэлийн салбарыг ч гэсэн хамтад нь хөгжүүлж байж өнөөгийн хүнд нөхцөлөөс гарна гэсэн маш ойлгомжтой энгийн зөвлөмжийг өгч байна. Гэхдээ эдийн засгаа сайжруулах ажлыг гардан хэрэгжүүлэх үед уг зорилт тун амаргүй болох нь улам бүр хүчтэй мэдрэгдэх нь дамжиггүй.
Монгол улсын хувьд эдийн засгаа аврахын тулд яг юу хийж бүтээх ёстой талаар бид дотооддоо тун бага ярьж, бодитой гаргалгааны тухайд хэлэлцэлгүй байсаар байтал 2017 он, 2018 оны бондын өр төлбөр төлөх хугацаатай “үхэр” шиг амгалнаар нүүр тулж ирээд байна. Бондын төлбөрийн өдөр ирэхэд юмс аяндаа шийдэгдэх байлгүй дээ, болно доо гэсэн өнгө аяс мэдрэгдэнэ. Монголбанкны шинэ Ерөнхийлөгч Н. Баяртсайхан томилогдохынхоо өмнөхөн долдугаар сарын 21-нд болсон УИХ-ын чуулганаар өр төлбөрийн хугацааг хойшлуулах хэлцэл хийж магадгүй гэж ярьж байсан. Үнэхээр манай улсад эдийн засгийн хүндрэл, үүний зэрэгцээ өрийн асуудал шийдэл нь ойлгомжгүй, таг гацсан асар том асуудал болсон шиг санагдана.
Монгол зах зээлийн хүнд нөхцөлд эдийн засгийн ухаалаг, хашир бодлоготой болох таатай нөхцөл бүрдсэн ч цаашид цаг алдалгүй энэ ажлыг хийж байж л эргээд хөл дээрээ бат зогссон эдийн засагтай болно.