Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 10 орчим хувиар, үйлчилгээний салбар 3.4 орчим хувиар тус тус өсөхөөр байгаа нь голлон нөлөөлж байна. Харин 2016 онд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурахаар хүлээгдэж байгаа тул тус салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээргүй байна.
Дэлхийн зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн бууралттай холбоотойгоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр экспортын хэмжээ 2015 онтой харьцуулахад 14.4 хувиар буурахаар байгаа бол эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор импортын хэмжээ 2015 оноос 12.5 хувиар буурахаар байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2 хувийн, нийт зарлага 91.0 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -8.1 хувьд хүрээд байна.
Түүнчлэн, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
Төсвийн орлогын ийнхүү буурахад татварын бус орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнийн бууралт, импортын бууралт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны төвшин, борлуулалт, төлбөрийн чадвар муудсан зэрэг гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас нөлөөлсөн байна. Тодруулбал, эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын бууралтаас шалтгаалан 220.3 тэрбум төгрөгөөр, импортын бууралтаас хамаарч 485.1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогын бууралт 641.3 тэрбум төгрөгөөр, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 323.0 тэрбум төгрөгөөр тус тус орлого буурахаар байна.
Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас оны эхний хагаст гаргасан ихээхэн хөрөнгийн эх үүсвэр шаардагдсан шийдвэрүүд, гадаад, дотоод бусад хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагыг бий болголоо. Хэрэв УИХ, Засгийн газар Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдөж, хуулийг дээдлэх зарчмаа бусад ашиг сонирхлоос дээгүүрт баримтлан ажиллаж ирсэн бол өнөөгийн төсөв, санхүүгийн нэн хүндрэлтэй нөхцөлд байдалд хүргэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталлаа. Үүнд:
-Төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад, дотоод зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх;
-УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу яам, агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөвт тусгах;
-Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах;
-Төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин, хөлсийг түр хугацаагаар бууруулах;
-Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд, урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх;
-Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгаатай, харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах;
-Нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах;
-Тэтгэврийн сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр зайлшгүй хийгдэх зохицуулалтын арга хэмжээг авч эхлэх;
-Шинээр батлагдсан бөгөөд төсвөөс зардал нэмж шаардагдах зарим хууль, тогтоомжийг бүхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжилтийг хойшлуулах, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зарчмыг баримтлах;
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа зарим барилга байгууламжийн санхүүжилтийг хойшлуулах зэрэг болно.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээл 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал4,397.2тэрбум төгрөг буюу ДНБ-ний 18.2 хувьтай тэнцэхээр тооцож тусгалаа.
Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний 18.2 хувьтай тэнцэхээр байгаа ньТөсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудыг өнөөгийн тодорхойлсон түвшинд мөрдөж, хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5 хувиас, 2017 онд 17 хувиас, 2018 онд 15 хувиас, 2019 онд 13 хувиас, 2020 онд 9 хувиас, 2021 онд 7 хувиас, 2022 онд 5 хувиас, 2023 онд 3 хувиас, 2024 оноос 2 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Түүнчлэн Засгийн газрын өрийн зохистой түвшинг дахин тодорхойлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан ДНБ-ий 55 хувийг давахаар байгаа тул өрийн тусгай шаардлагыг Засгийн газрын өрийн зохистой түвшин болох ДНБ-ий 60 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна. Өрийн тусгай шаардлагыг хангахын тулд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулахаар холбогдох өөрчлөлтийг боловсруулав.
Дээр дурдсан төсвийн орлого, зарлагын болон өрийн зохистой харьцааг өөрчлөн тогтоосноор оны эцэст өндөр түвшинд хүрч болзошгүй байгаа төсвийн алдагдлыг бууруулах, цаашид шинээр өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдэж, макро эдийн засгийн тогтворжилтыг хангах эн тэргүүний, зайлшгүй нөхцөл хангагдах юм.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан бусад холбогдох 28 хууль, Улсын Их Хурлын нэр бүхий 3 тогтоолд өөрчлөлт оруулахаар, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан УИХ-ын нэг тогтоолд өөрчлөлт оруулахаар тус тус өргөн барьлаа.
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах бусад хуулиуд, Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.