Make up аrtist Б.Алтанзул: Эмэгтэй хүний дотоод сэтгэл нь будгаар илэрч байдаг

1472455887_moum7gvfl6

БНСУ-ын Kинтекс хотноо зохион байгуулсан “HAIRWORLD 2016”  үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Одонгоо захиралтай “Видал” салоны мастер үсчин С.Мөнхнасан ганцаарчилсан үзүүлбэрээр алтан медаль хүртсэн билээ. Түүнчлэн тус салоны make up аrtist нар тайзны нүүр будалтын төрөлд чамгүй амжилт үзүүлж ур чадвараа дэлхийд харуулж чадсан. Ингээд “Видал” салоны  make up аrtist Б.Алтанзултай ярилцлаа.

-Өнгөрсөн хавар Солонгос улсад зохиогдсон  үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд танай хамт олон маш  амжилттай оролцсон шүү дээ. Таны хувьд ямар төрлөөр оролцов. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Алтанзул гэдэг. “Vidal”салонд гурав дахь жилдээ  “Make up аrtist”-аар ажиллаж байна.  Миний хувьд дэлхийн аварга шалгаруулах энэ том тэмцээнд  нүүр будалтын төрлөөр тэр дундаа тайзны нүүр будалтаар анх удаа оролцсон байгаа.  Тайзны нүүр будалтын төрөлд мөн манай салоны гоо сайханч Уянгаа бид хоёр маш өндөр амжилт үзүүлсэн. Нийт 1050 оролцогч өрсөлдсөнөөс энэ төрөлд 38 орноос 14 дүгээр байрт бид хоёр шалгарсан.Дэлхийн хэмжээний энэ том тэмцээний босго мэдээж өндөр. Олон жил ажилласан туршлагатай, мэргэжлийн хүмүүсийн ур чадварын тэмцээн учраас даалгаврын хувьд тийм ч амар хялбар байгаагүй ээ. Энэ тэмцээнээс би маш их зүйлийг олж харсны зэрэгцээ олон зүйлийг сурч мэдэж авсан. Монголын бүх оролцогчид маань сэтгэл зүрх нэгдэж чадсан учраас амжилттай оролцоод ирсэн гэж бодож байгаа.

xexhag95rh

-Манай улсын гоо сайханч болон үсчдийн ур чадвар дэлхийн жишигт хэр ойр явж байна вэ? Та хувьдаа  харьцуулалт хийсэн болов уу?

-Бид тэднээс мэдлэг, мэдрэмж, ур чадварын хувьд дутах зүйлгүй маш ойрхон байсан гэдгийг хэлмээр байна. Ийм учраас Монголоос дэлхийн аварга үсчин төрлөө шүү дээ.

-Монголын үсчин, гоо сайханчдыг олон улсын шүүгчид хэрхэн дүгнэв?

-Олон улсын шүүгчид манай үсчдийг аль хэдийнээ таньдаг, ур чадварыг нь мэддэг  болсон байна лээ. Make up төрөлд өмнө нь нэг хоёр хүн л оролцож байсан бол энэ жилийн дэлхийн аваргад олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон учир тодорхой хэмжээгээр эерэг үнэлэмжийг өгсөн болов уу гэж би хувьдаа ойлгож байгаа.

-Гоё сайхан байна гэдэг тухайн хүнээс багагүй хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг.  Орчин үеийн залуусын энэ талын мэдлэг мэдээлэл ч нэмэгдэж, мэргэжлийн түвшинд харах зэрэг хандлага нь хүртэл өөр болжээ. Яг энэ салбарт ажилладаг хүний хувьд хөгжлийн үе шатыг нь  хэрхэн  харж байна вэ?

-Тийм ээ, таны хэлж байгаагаар текник технологи хөгжих хэрээр охид бүсгүйчүүдийн маань гоо сайхандаа хандах хандлага ч эрс өөрчлөгдсөн. Интернэтээр нүүр будалтын  бичлэг үзэх зэргээр мэдлэг мэдээллээ тэлж байна. Хоёр гурван жилийн өмнө гэхэд нийгмийн хүрээнд багахан ойлголттой байсан бол орчин үеийн залуучууд гоё сайхан харагдах тал дээр ихээхэн анхаардаг болжээ. Өмнө нь энэ талын ойлголт бага байхдаа гудамжаар явж байгаа бүсгүйчүүдийн ихэнх нь өдөр тутамдаа тайзны нүүр будалтаар будчихсан явж байх жишээний. Гэвч өдөр тутамд энэ төрлийн будалт хэрхэвч зохицохгүй. Тайзны будалт нь зайнаас үзэгчдэд харуулахын тулд нүд, хөмсөг, хамрыг илүү тодруулж  буддаг. Үүний талаар ойлголтгүй байснаар хамар өндөрлөгөөг болхи тавьдаг байсан бол одоо харьцангуй багассан. Энэ нь нэг, хоёр хүн ч биш нийгмээрээ зөв ойлголттой болж буйн шинж. Мөн олон чадварлаг нүүр будагч нар төрж байна. Ингэх хэрээр охид бүсгүйчүүддээ зөвлөмж зөвлөгөө өгч, буруу ойлголтыг нь засаж залруулж байгаа учраас зөв ойлголттой болж байгаа гэж хэлж болно. Нөгөө талаас нүүрээ будна гэдэг өөртөө байгаа гоо сайхнаа тодосгож байгаа хэлбэр болохоос огт өөр хүн болох гэсэн ойлголт биш шүү.

-Ази тэр тусмаа Монгол бүсгүйчүүдийн нүүрний хэлбэрт ямар будалт илүүтэй зохих вэ? Европ төрхийн нүүрний хэлбэрт тохирох будалтыг бүсгүйчүүд маань Youtube бичлэгээс үзээд түүнийгээ өөр дээрээ турших  нь тийм ч зохимжгүй болов уу. Мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн хардаг вэ?

-Тийм ээ. Дээр хэлсэнчлэн, техникийн хөгжлийн нөлөөгөөр Youtube-ээс Европуудын будалтыг дуурайдаг үе байсан нь үнэн. Гэтэл Европ, Ази царайны хэлбэр дотроо маш олон. Европ төрх шөвгөр талдаа бол Азийнх дугуй хэлбэртэй. Тиймээс ази нүүрний хэлбэрт шанааг багасгах будалт хийх бол Европ хэлбэрт хацрын хонхорхойг нь дагуулаад сүүдэр тавьж өгдөг. Энэ мэт ойлголтгүй байснаар буруу будалт хийдэг. Манайхан гэрэл, сүүдэр гэдгийг төдийлөн сайн ойлгодоггүй л дээ.

-Гэрэл, сүүдэр гэдэг ойлголтыг энгийнээр тайлбарлавал?

-Гэрэл сүүдрийн аргаар төгс нүүрний хэлбэрийг гаргана гэсэн үг  л дээ. Энд тэнд сургалт явуулж байх үеэр гэрэл сүүдрийг би зөв тавиад эсвэл нүдээ л гоё будаад сурчихмаар байна гэдэг л дээ. Бүсгүйчүүд маань аль нэгийг нь салгаж авч үзээд байдаг. Гэтэл бүх будалт  нийлж уусаж нэгдмэл болж байж төгс нүүр будалт болно. Тиймээс нэгийг нь нөгөөхөөс салгаж хэрхэвч ойлгож болохгүй. Нүүр будалт  хамгийн эхлээд арьс арчилгаанаас эхэлнэ. Нүүрний арьсаа сайн гуужуулж, гүн цэвэрлэгээг маш сайн хийж байх хэрэгтэй. Цэвэрлэгдсэн арьсан дээр будаг ч гоё тогтоно шүү дээ. Охид бүсгүйчүүддээ зөвлөхөд цэвэрлэгээг үндсэн гурван дарааллын дагуу хийдэг гэдгийг мэдээд авчих хэрэгтэй. Эхлээд сүүн шингэнээр цэвэрлэх, дараа нь шингэн савангаар сайтар угаах, эцэст нь гуужуулна. Гуужуулагчаа ширхэгтэй бол долоо хоногт хоёр удаа, ширхэггүй бол нэг өнжөөд гуужуулаад дадчихвал будалт илүү гоё болно.

-Нүүр будалтын хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Суурь хамгийн чухал. Энэ нь суурь тосноос эхэлнэ. Тос кремээ тавихдаа дандаа арьсны ширхгийн дагуу тавих ёстой. Хувь хүн өөрөө эсвэл мэргэжлийн хүнээр суурь будалтаа тавиулсан хоёрын хоорондох ялгаа нь өдрийн туршид харагддаг. Мэргэжлийн хүнийх яагаад өөр байна вэ гэхээр суурийг ширхгийн дагуу тавьдагтай холбоотой. Тэгэхээр сайхан нүүр будалтын гол нууц нь арьс арчилгаа дээр нь нэмээд хэлээд суурь гэж ойлгох хэрэгтэй. Зөв, цэвэрхэн тавигдсан суурь дээр дараа дараагийн будалтууд  ч гоё  тавигдана.

-Төгс нүүрний хэлбэр гэж дээр ярилаа. Ямар нүүрний хэлбэр үүнд багтах вэ?

-Хүн бүхэн өөр өөр нүүрний хэлбэртэй. Дэлхий дээр зургаан төрлийн нүүрний хэлбэр байдаг. Үүн дундаас овал хэлбэрийг төгс нүүрний хэлбэр гэж үздэг. Тухайлбал, Jennifer Lopez-ийн нүүрний хэлбэрийн төгс жишээ. Тэгэхээр тэр төгс нүүрний хэлбэрийг төсөөлөөд гэрэл сүүдрээ тавибал зөв тавьж сурна гэсэн үг. Сүүдэр гэдэг нь илүү юмыг нь хасах харин гэрэл нь хонхойсон хэсгийг нааш татаж өгч харагдуулахыг хэлнэ. Жишээ нь навтгар хамартай хүн навтгар хэсэгтээ гэрэл өгөөд уусгаж будна. Ихэвчлэн гэрлийг Т хэлбэрээр тавьдаг. Гэрэл, сүүдэр тавихад гол анхаарах зүйл нь нүдний үзүүрээс дотогш сүүдрийг  тавьж болохгүй.

-Хамар өндөрлөхөд юуг анхаарах ёстой вэ?

-Үүнд бүтээгдэхүүн хамгийн чухал. Бүтээгдэхүүн гэдэг нь гэрэл сүүдэр. Энэ нь дотроо хуурай болон тосон гэж хоёр төрөл байдаг. Хуурай гэрэл сүүдрийг тайз болон эфирт хэрэглэдэг. Учир нь тайзны  хурц гэрэлд нялбайж харагдуулахаас сэргийлдэг гэсэн үг. Тосон төрөл нь крем шиг бүтэцтэй. Үүнийг өдөр тутмын будалтдаа зөв уусгаад сурчих хэрэгтэй. Буруу тавьчих юм бол муухай харагдуулах ч талтай. Бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд Youtube бичлэгийг дуурайж битгий нүүрээ будаарай. Гэрэл сүүдэр тавихдаа миний дээр хэлсэн зүйлсийг анхаарахад болно. Мөн өнгөний тухайд хэлэхэд мэргэжлийн бус хүмүүс гэрэл сүүдрийг гүн бор өнгөөр тавихад уусгалт нь муу болсны улмаас халтардуулаад байдаг. Иймээс аль болох цайвар бор өнгийг хэрэглэвэл илүү зохистой.

-Борооны дараах мөөг шиг гоо сайхны газрууд гадуур олноор нээгдэж байна. Үүн дундаас бүсгүйчүүд маань зөв газраа сонгож өөрийн гоо сайхнаа даатгуулна гэдэг нэг талаас өвсөн дундаас зүү олох мэт хэцүүхэн сонголт. Энэ тал дээр таны бодол?

-Тийм ээ, олон байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг үгүйсэх аргагүй. Нэг талдаа хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулж байгаа. Гэхдээ аливаа ажилд хүн сэтгэлээсээ хандах ёстой л гэж боддог. Би ч гэсэн үүнийг зарчмаа болгон ажилладаг. Жилийн 365 хоногт  хүний амьдралд сайн, муу юу ч тохиолдож болно. Гэлээ гээд орж ирсэн үйлчлүүлэгчдээ сэтгэл санааны тэр байдлаа битгий гаргаач ээ. Нэгэнт л тухайн мэргэжлийн эзэн нь болсон бол сэтгэлтэй, хариуцлагатай хандаж байгаасай л гэж боддог. Жижиг салонуудыг хараад байхад хүн орж ирэхгүй л бол зүгээр сууж байдаг. Гаднаас ямар ч нүүрний хэлбэр, үс засалттай үйлчлүүлэгч орж ирнэ шүү дээ. Энэ бүхэнд бэлэн байх,  үүний талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Хэдий ажлын туршлага багатай ч гэсэн нэгэнт л энэ ажлыг хийнэ гээд шийдчихсэн л бол өөрийгөө цаг ямагт хөгжүүлээд бусдад зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвартай байгаасай гэж л хэлмээр санагддаг юм.

-Танай салоны бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Би Vidal салонд орж ирээд маш их зүйлийг сурч мэдсэн. Багаар ажиллахын давуу талыг энэ хамт олноосоо л суралцсан.  Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг шиг амь нэгтэй хамт олон. Орчны уур амьсгал ажлын бүтээмжид ч маш ихээр нөлөөлдөг шүү дээ. Түүнчлэн ур чадвартай хамт олныг бүрдүүлж чадсан Одонгоо захиралдаа   баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Дүр төрхөө өөрчлөхийг хүссэн хэний ч өмнө танай салоны үүд хаалга нээлттэй байх. Харин үйлчилгээний үнэ хөлсний тухайд?

-Олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадна тэмцээн уралдаанаас гараад ирчихсэн болохоор хүмүүс манай салоныг  үнэтэй гэж  боддог юм билээ. Гэтэл тийм биш. Бид үйлчлүүлэгчдийнхээ боломж бололцоонд тулгуурласан дундаж үнийн тарифтай. Мастер үсчин, гоо сайханчдын хувьд дунджаас арай дээгүүр.

-Та мэргэжлийнхээ хувьд заавар, үлгэр дуурайлал хэнээс авдаг вэ?

-Энэ салбарт хөл тавихад нөлөөлсөн хүн бол Shillo make up студийн захирал, сургагч багш  Г.Отгонсүрэн багш.  Багш маань гоо сайхны салбарт 20 гаруй жил ажиллаж олон шавь нар төрүүлсэн. Олны танил хүмүүсийн нүүр будалтыг ихэвчлэн хариуцдаг. Багшаасаа ажил мэргэжлээс гадна амьдралд суралцах арга ухааныг хүртэл сурч мэдсэн. Танай сайтаар дамжуулаад Г.Отгонсүрэн багшдаа баярлаж явдгаа уламжилмаар байна.

-Олны танил таны байнгын үйлчлүүлэгчийг нэрлэвэл?

-Зохиолч Шүүдэрцэцэг эгч миний  байнгын үйлчлүүлэгч. Багшийг эзгүй байх үед Б хувилбар нь би болж үлддэг учир олны танил үйлчлүүлэгчид их ирдэг шүү (инээв).

-Үйлчлүүлэгчдээсээ хамгийн их сонсдог үг?

-Цаг сайн барьдаг, үнэнч гэдэг. Үүнд нь их урамшдаг юм. Би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болохоор үйлчлүүлэгчид маань үүнийг олж харсан нь тэр болов уу. Хааяа надад ч гэсэн гутрах үе гарна. Энэ үед үйлчлүүлэгч ороод ирвэл сэтгэл санааны илрэлээ ажилдаа гаргахыг хүсдэггүй. “Тухайн хүн өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө надад зарцуулах гээд орж ирж байхад би хэзээ ч хүндэтгэлгүй хандаж болохгүй” гэж өөртэйгөө ярилцдаг юм. Стресс бухимдалтай хүн орж ирээд гарахдаа “гоё болчихлоо” гээд л инээмсэглээд гарах жишээний. Энэ нь ажлаасаа авч буй кайф юм даа. Сэтгэл зүрхнээсээ ажилдаа хандахаар өөрт тэр нь эргээд л мэдрэгддэг. Янз бүрийн зан ааштай үйлчлүүлэгч орж ирэхийг алийг тэр гэхэв. Ингээд бодохоор мэргэжил маань давхар сэтгэлзүйч байхыг шаарддаг.

-Та мэргэжлийн онцлогоо яривал?

-Энэ мэргэжлээрээ ажлаад явж байгаа хүний хувьд мэргэжлээ өөрийн эрхгүй хайрламаар мэдрэмж төрдөг юм. Би ямар гоё мэргэжилтэй хүн юм бэ гэж бодох ч  үе бишгүй олонтой. Хүнийг гоё болгоод гаргана гэдэг бидний мэргэжлийн гол онцлог. Хэдий гадна төрх нь гоё сайхан байлаа ч дотор сэтгэл нь унтарсан байх юм бол тэр хүн төгс сайхан  харагдахгүй. “Будалтыг хүн дотроосоо амилуулж өгөх хэрэгтэй” гэж  багш маань байнга хэлдэг юм.Амилуулж өгөхийн тулд тэр хүнтэйгээ ярилцана, дотор сэтгэлийг нь мэдэж байж будалтаа хийнэ.

Эмэгтэй хүний дотоод сэтгэл нүүрэн дээр нь  будгаар илэрч гардаг. Даруухан эмэгтэйгээс та ямар өнгөөр уруулаа будах вэ гэж асуухаар час улаан өнгө гэдэг. Тэгэхээр тэр хүний дотоод сэтгэл нь зоригтой, хүчтэй гэсэн илэрхийлэл юм л даа.

Эмэгтэй хүн бүр гоё сайхан явах эрхтэй. Гэхдээ хэтрүүлж биш. Жишээ нь Солонгос эмэгтэйчүүд тэр болгон хурц будалт хийгээд байдаггүй. Манайхан яг үнэндээ өдөр тутмын будалтаа  бүрэн гүйцэд ойлгоогүй л байгаа. Солонгосчууд яагаад тэгж натурал харагдаад байдгийн хамгийн гол нууц нь арьс арчилгаа.

-Энэ намрын өдөр тутмын нүүр будалтын гол чиг хандлага?

-Нүдний хурц биш будалт. Энэ нь натурал өнгийн тень тавиад контураар нүдийг амилуулах будалт давамгайлж байна. Натурал өнгө гэдэгт бор, бор шаргал, боронзон өнгө орно. Хүн бүрийн нүд өөр өөр хэлбэртэй. Ази нүдэнд дээрх натурал өнгүүд илүү тохиромжтой. Контурыг нүднийхээ хэлбэрт тохируулаад цэвэрхэн, зөв тавихгүй л бол муухай харагдуулна. Тухайлбал, гол алдаа нь нүднийхээ дагуу контураа зурсан атлаа үзүүр нь байдаггүй. Эсвэл үзүүр нь бөөрөнхий. Контур үзүүртэй байж л илүү гоёмсог харагдана. Хэрэв үзүүрээ цэвэрхэн гаргаж чадахгүй бол долоовор хурууныхаа хумсаар хойш нь татчихад л шовх үзүүртэй болчихдог. Хойгуураа хэт унжуу нүдэнд контурыг ташуу тавих зэргээр нүдний эффектийг ч засаж будаж болно. Зөвхөн нүдээ дагуулаад л тавих юм бол та нүднийхээ хэлбэрийг л тодотгож байгаа хэрэг. Мөн сормуусны угийг хар харандаагаар зурж өгвөл нүд илүү тодорч харагддаг.

-Эцэст нь охид бүсгүйчүүддээ хандаж зөвлөхөд?

Дахин хэлэхэд, нүүрээ маш сайн гүйцэд цэвэрлэж хэвшээрэй. Тухайн бүтээгдэхүүнээ нүүрэндээ дөнгөж хүргээд л цэвэрлэх биш гүйцэтгэл нь хамгийн чухал. Мөн өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнээ сонгох нь сайхан харагдахын үндэс суурь шүү. Эцэст нь дүр төрхөө өөрчлөхийг хүсвэл манай үүд хаалга та бүхний өмнө нээлттэй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …