2016 оны УИХ-ын сонгуулийн дүн бүхнийг шоконд оруулав. МАН-аас бусад нь үсгүй хусуулж, нэвт нүдүүлсэн тул тэд гүн шоконд орж ойлгох, мэдэх, дуугарах, хөдлөх, сэрэх, сөрөх гээд бүх мэдрэхүй нь ажиллахгүйд хүрчээ. Ийнхүү ялагдсан тал гомдох болон гомдоллох сөхөөгүй болтлоо, бүр гомдол гаргах боломжгүй болтлоо нүдүүлэв. Үүнийг ялагдал гэхгүй юм бол өөр юуг ялагдал гэх юм бэ?
Хачирхалтай нь ялсан тал нь бас шоконд орсон байдалтай байх юм. Энэ бол суудлын тоо нь элбэгдсэн МАН. Тэд, ямар ч байсан АН-аас илүү суудал авах юм шүү, олонх болохын тулд МАХН-тай хамтрах хэрэгтэй, бас “хар хайрцаг” шиг адгийн юм байхгүй, тэдгээрийг шатаах ёстой хэмээн аргаа барж, зарга хийж явсан нь саяхан. Гэтэл мань нөхөд төсөөлөө ч үгүй олон суудлаа өөрсдөө мэдэлгүй авсандаа шоконд орж баяраа ч хийж чадахгүй нэг хэсэг мэлрэв. МАН-ын нэр дэвшигч дотроос ялна гэж өөрсдөө ч бодоогүй, угаасаа боломжгүй, сонгуульд хэн ялах талаарх олон нийтийн бооцоонд огт байхгүй нөхдүүд хүртэл МАН-ын сонгуулийн “төв штабаас авсан арга хэмжээний буян”-аар ялж орхив. Үүнийг ялалт гэхгүй тэгээд өөр юу гэж нэрлэхэв дээ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах долоо хоногийн турш АН галзуурлын шокноосоо гарч чадаагүй зад архидацгаасан, МАН гайхшралын шокноосоо гарч чадаагүй хэсэг алмайрсан гэж зарим судлаач ярилцах юм билээ. Тэр үнэн дэг ээ.
Сонгогчид, дэмжигчид, судлаачид, ажиглагчид гээд бүгдээрээ л шоконд орж мэл гайхаж, цэл хөхөрсөн хүмүүс байв. “Сонин юм даа” гэхээс цаашгүй байцгаана. Сонгох гэсэн хүн нь гараагүй ч гэсэн АН-ыг дарж авсандаа баярлаж сэтгэл нь жаал тайвширна. Гэхдээ энэ нэг л бишээ. Ингэж байгаад учир нь нэг олдох байлгүй гэж битүүхэндээ нэг юм чагнаж сууцгаана. Тэгэлгүй яахав, ёстой сонин юм болсон юм чинь. Шоконд оруулна гэж үүнийг хэлэхгүй бол өөр юуг хэлэхэв дээ.
Ямар сайндаа сонгуулийн талаар ертөнцийн гурав зохиогдсон байх юм.
Ядуу ард түмний ходоодоор сонгуульд нэг ялна
Баялагт шунагсдын бохир мөнгөөр сонгуульд нэг ялна
Төрөөр тоглогчдын луйвраар сонгуульд нэг ялнаа гэж…
Тэгээд чухам юу болсон юм бэ, энэ жилийн сонгууль? Заль, луйвар, хуйвалдаан нь хэрээс хэтэрсэн сонгууль болсон юм. Түрүүчийн хэдэн сонгуульд илүү заль хийж, овлигогүйтсэн нь ялчихдаг тохиолдол мэр сэр байсан боловч энэ удаагийнх шиг бөөндсөн тохиолдол байгаагүй.
“Хар халзан хонь ч байсан АН-д өгөх байлаа” гэсэн яриа 1996 онд гарч байсан бол “бор халзан хонь ч байсан МАН-нд өгөх байсан юм байна” гэсэн яриа энэ онд гарч байна. Энэ нь нэг талаас аргаа барсан байдал, нөгөө талаас арай ч ингэж болохгүй гэсэн санаагаа илэрхийлж байгаа үг. Харин МАН-ын ялалтыг зөвтгөж байгаа хэрэг яавч биш. Ард түмэн үнэн учир шалтгааныг дуулаад, ойлгож мэдрээд ирэхийн цагт жинхэнэ гамшиг гарч ирнэ. Тэр мэдрэмж удахгүй ирэх учир жанцан бий! Нөхцөл байдал болон үр дүнд эрүүл саруулаар дүн шинжилгээ хийцгээе.
МАНАН: АН эрх барихаараа улс орноор тоглож, ард түмнийг туйлдуулдаг нь үнэн. Энэ бол ард түмний хувьд төсөөлөө ч үгүй, мөн итгэхийн аргагүй үлгэр зүүд шиг боловч бодит амьдрал дээр хэрэгжиж 1996, 2012 онуудад давтагдаад байгаа зүйл. Ард түмэн одоо нэг сайн ойлгож сэтгэл зүрх, ой тойндоо хадаж авсан байх гэж бодож байна. Эд нараас яаж салдаг билээ гэж бараг хүн бүр ярьж байсан. Гэхдээ АН-ыг орлуулагч нь МАН яавч биш байсан юм. Яагаад гэвэл МАН, АН нь МАН-АН хэмээх еэвэнгийн хоёр тал гэдгийг ард түмэн нэгэнт мэддэг болсон билээ. Гэхдээ энэ удаа МАН нь АН-аас ямартай ч олон суудал авах нь тодорхой байсан боловч ийм үр дүн бол бас арай л биш юмаа.
Одоо ард түмний байр суурь, нийгэмд үүссэн байсан нөхцөл байдлын талаар яръя. Энэ бол “МАН-АН-г яасан ч сонгохгүй, харин гуравдахь хүчинд, шинэ хүнд, цэвэр хүнд, нам харгалзахгүй саналаа өгнө” гэсэн давалгаа ард түмний дунд хүчтэй явж байсан нь үнэн юм. Иймээс ард түмэн сонгуулийн дүн “солонгорч” гараасай гэж хүсч байсан. Өөрөөр хэлбэл, АН -+25, МАН -+35, МАХН -+15, бусад нам, бие даагчдад хэдэн суудал оногдоно байх, тэгвэл аятайхан Парламент бүрдэнэ хэмээн бодож төсөөлж байсан. Энэ нь ч бүх төрлийн судалгаагаар тодорхой байсан. Энэ нөхцөлд төр ч тогтвортой, төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж чадна гэж үзэж байлаа. Гэтэл сонгуулийн дүн байнд ч үгүй, банзанд ч үгүй, харин МАН гэдэг мангар том бул хар чулуун дээр тусах нь тэр.
За ийм байдаг юм байж. Одоо энэ удаагийн сонгуулиас авбал зохих сургамжуудаа авч, цаашдын тухай бодох хэрэгтэй болж байна.
Сургамж 1. Бохир мөнгөний уралдаан-Монгол сонгууль. МАН, АН-ын хувьд өнгө, мөнгө, бохир аргаар зодож сонгуульд гарна гэсэн тактиктай байсан бол бусад нь үнэн, зөвөөр өрсөлдөж, шударга ёсны буухиаг Монголын төрд гардуулна хэмээн ойлгож байсан юм. “Жижиг” намууд, бие даагчдын амлалт, мөрийн хөтөлбөр нь амьдралд ойр, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг авчрах боломжтой хувилбарыг тусгасан байлаа. Саяын сонгуулиар үнэнийг хэлэхэд дөрвөн жил хахтлаа, ханатлаа идэж уусан, хулгайлж хүүдийлсэн АН-ынхнаас өөр мөнгөтэй хүн хаана ч алга байлаа шүү дээ. Гэхдээ л итгэл үнэмшил, нийгмийн хариуцлага, эх орноо гэж сэтгэл нь өвдсөндөө сонгууль хэмээх цусгүй дайнд тулалдахаар сэтгэл шулуудсан намууд, нэр дэвшигчид маань өөрсдийн боломж бололцооны хэмжээнд сонгуулийн санхүүжилтээ босгож, чадлынхаа хэмжээгээр хөдөлцгөөсөн.
Гэтэл юу болов? 2016 оны сонгууль “давагдашгүй хүчин зүйл”-ийн дор болж өнгөрөв. Төрийн дансыг улайлгаж ард түмнийхээ хоногийн хоолноос танаж байсан Засгийн газар сонгууль болохоор мөнгөнөөс их юмгүй болов. Сонгогчдод хүчээр шахам гэрт нь мөнгө оруулж өгдөг тийм л аймаар, ичмээр эрээ цээргүй байдлийг сонгуулийн өдрүүдээр үзэв. Гэтэл таминь ээ, АН-аас илүү их мөнгөтэй “нөхөд” бас байдаг юм байна. Нэг үгээр хэлбэл, АН мөнгөөр тоглож байхад, МАН зүгээр л цацаж байв. Тэд мөнгөндөө даатгахын зэрэгцээ заль мэхэндээ найдаж, бас аархаж байв. Тэр нь ч ёсоор болов. Гэхдээ АН-ын таамгаар биш, харин МАН-ын тааллаар болов.
Ихэнх монголчууд орлого, цалингаараа арай ядан амьдралаа авч явж байхад хэсэг бусаг монголчууд нь төрийн сонгуулийг худалдан авах мөнгөтэй болжээ.
Сургамж 2. Төрийн эрх-олигархийн гарт. Энэ удаагийн сонгуулийн хөшигний цаадах тулааны зорилго нь хэдэн том стратегийн ордыг авах, эхлүүлэх асуудал байв. Уг нь эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй, Монгол төрдөө жинхэнээсээ зүтгэх олон сайхан хүмүүс бие дааж болон гуравдахь хүчнийг төлөөлөн өрсөлдсөн юм. Ёстой л нөгөө үзүүштэй барилдаан, сонирхууштай сонгууль болох байсан юм, уг нь. Гэтэл, тэдний давуу тал, төрд хэрэгтэй чанар, мэдлэг боловсрол, дадлага туршлага огт хамаагүй байж ерөнхийдөө нийт өрсөлдөгчдөөс хамгийн дор бөгөөд дорой нь “ялав”. Тэдний төрд хэрэг болохгүй нь хамаагүй харин олигархиудад гай болохгүй гэдэг нь ялагчаар тодрох гол үндэслэл болсон бололтой.
Ийнхүү, төрийн сонгуулийг ард түмэн тодорхойлох бус, олигархиуд шийддэг болжээ.
Сургамж 3. Ардчилсан сонгууль-луйврын иж бүрдэл.Сонгууль гэж ёстой луйврын иж бүрдэл байв. Төрийнхөө жолоог барилцаж, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх гэж олон жил сар үнэнчээр бэлдсэн, хөдөлмөрлөсөн хүмүүсийн ажил талаар болж хичнээн ч хүн хөрөнгө мөнгө, цаг хугацаа, ажил амьдралаараа хохиров доо. Жинхэнээсээ ялагдсан бол хэн гуай ч байсан, юу ч байсан хамаа алга. Гэтэл бохир мөнгө, луйврын аргуудыг ашиглаж нам, эвсэл, нэр дэвшигчдийн авсан саналын үр дүнг үгүй хийж байгаа нь харгислал, дарангуйлал, хүнлэг биш явдал бөгөөд үүнийг эцэс болгохын төлөө цаашид шударга хүн бүр ажиллах ёстой юм. Луйврын иж бүрдэлд юу юу орж байна вэ гэвэл:
-Мэдээж, магнайд нь хар машины булхай, луйвар. Үүнийг ганцхан АН ч хийдэг юм биш, харин МАН тэд нараас бүр ч илүү төгс төгөлдөр хэлбэрээр, улам боловсронгуй болгон хийж чаддагийг энэ сонгууль их тодорхой харууллаа.
-Улсын бүртгэлээр дамжуулан хийдэг сонгогчийн нүүдэл буюу “хүн-царцаа”-ны нүүдэл. Үүнийг угтаа хүний наймааны нэгэн хэлбэр ч гэж үзэх үндэстэй юм. Энэ будлианыг хийхдээ МАН-ыхан онцгой мэргэжиж гаршсан бөгөөд зөвхөн энэ удаа ч биш, урьд урьдын сонгуульд мөн хэрэглэж байсан гэж үзэх олон үндэслэл байна.
-Сонгуулийн можаритор систем. Энэ системээр сонгууль явуулах хуулийг МАН зүтгэж байгаад гаргуулсан, АН тэнэгтэж байгаад дэмжсэн. Угтаа, МАХН-ыг авлах санаатай баталсан хуульд АН давхар өртсөн нь мэхт мэхэндээ унана гэдгийг харуулав. Үнэндээ Монголд ардчиллын сайн сайхан зүйлүүд бараг байхгүй болсон бөгөөд ардчиллыг ингэж цогцлоосноос үгүй нь ч дээр юм байна гэж эрхгүй бодогдоно . Харин Монголд хатуу, буруу, худлаа байгаа ардчиллыг дэлхий дахинд зөв, зөөлөн, сайн байгаа мэтээр сурталчилж байгаа нь даанч харамсалтай.
Товчоор хэлэхэд, Монголын сонгууль гэдэг нь бохир аргын уралдаан болдог зуршил тогтож, ардчилсан сонгуулиар халхавч хийж төрийн эрхийг луйвраар авч, засгийн эрхийг олигархиуд ээлжлэн барьдаг боллоо.
2016 оны сонгууль нь засах аргагүйгээс гадна ойлгох аргагүй ордны хуйвалдаан болсныг ард түмэнд үнэн мөнөөр нь дэлгэн хэлэх нь зүйтэй юм.
-Намын тэргүүн нь намаа ялагдуулахын тулд нөгөө намын сайн эрчүүдтэй нийлдэг байдал дахин давтагдлаа. Энэ нь анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн МАН-ынхан АН-тай хуйвалдаж Н.Энхбаярыг унагаж байсан бол өнөөдөр АН-ыг ялагдуулахын тулд төрийн тэргүүн нь МАН-тай хамтран ажиллав. Урвагчийг цаазал, урвасан хүнийг цаазал хэмээн Богд Чингис хаан маань улс гүрэндээ эмх журмыг тогтоож байсан. Энэ хуулиар өнөөгийн монголчуудыг шүүх гэвэл нэг хэсэг нь, наадах чинь Монголчуудын хууль, манай үндэстэнд хамаагүй гэх юм болов уу?
-Сонгуулийн ийм үр дүн гарахыг Монголд хоёрхон хүн л мэдэж байсан, энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга асан С. Баяр хоёр гэх. Бүх зүйлийг урьдаас бодож боловсруулж, ямар нам сонгуульд ялах, ялуулахын тулд юу хийх, аль намаас хэн хэнийг гаргахыг хүртэл нарийн тооцсон байсан гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чинь АН-ын гишүүн, энэ намын ач буян, тэр олон мянган гишүүдийнх нь хичээл зүтгэлээр өнөөдрийн төрийн өндөрлөгт хүрч, эрх ямба, юу байдгийг эдэлж байгаа байхаа. АН-ынхан энэ хүнийг мөн ч их бөөцийлсөн, их ч итгэл хүлээлгэсэн дээ. Хэнтэй нийлсэн “нохой” ийм болж хувирдаг байна? Алс ирээдүйн юу бодоод ингэхэд хүрэв? АН-ынхан нэг юм бодож байгаа байлгүй.
-АН сонгогдох боломжоо 99 хувь алдсан ч хар машины булхайгаа хэрэглээд дахин гарна гэсэн төлөвлөгөөтэй “ажиллаж” байтал аливаа муу муухай зүйлийг нутагшуулахдаа гарамгай МАН хар машины булхайг ч мөн өөрийн болгож чадсанаар хол тасарч түрүүлэв. АН-аас илүү хар машинтай ажиллаж чаддаг “ухаантнууд” МАН-нд байна гэж хэн санах билээ. Ямар сайндаа сонгуулийн эцсийн дүн бүрэн гараагүй байхад АН-ын дарга З.Энхболд намынхаа ялагдлыг хүлээж мэдэгдэл хийж факталж байхав. Жинхэнэ шоконд орсон хүний зүс царай, үйлдэл. Энэ сонгуулиас гарч байгаа нэг дүгнэлт, сургамж бол “Хар машин” гэгчийг монголын сонгуульд дахин хэзээ ч хэрэглэж болохгүйг харуулсан явдал юм.
-Дэлхий нийтээрээ өнөөдөр можаритор системээр сонгууль явуулахаас улам бүр зайлсхийж байхад хатуу коммунист дэглэмтэй Хятад, Хойт Солонгос, Вьетнам гэх мэт хэдхэн орон энэ системээр сонгуулиа явуулж, дээрээс заасан бодлогоор төрийхөө төлөөллийг бүрдүүлж байгааг бүгд харж л байна. Тэгэхээр манайх ерөнхийдөө хаана, хаашаа явж байгааг энэ жишээн дээр төвөггүйхэн харж болох.
Нөхцөл байдлыг харж ажиглаад, үйл явдал, баримтад үнэлэлт дүгнэлт хийх тусам өөр дүр зураг гарч, байдлыг өөр өнцгөөс харахад хүргэж байна. Иймэрхүү сценариар сонгуулийн үр дүн гарна, гарна ч гэж дээ гаргана гэдгийг Элбэгдоржтонгууд аль эртнээс тооцсон байсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс тооцсон. Тэр жилийн 7-р сарын 1-нд болдог шиг , түүнээс ч илүү ард түмний дургуйцэл, үймээн болно гэдгийг ч харж байсан. Үүнээс ганц аврах юм нь эхний ээлжинд АСЕМ байв. АСЕМ-аар далимдуулж жагсаал цуглаан хийхийг хориглов. Хот, хөдөөгөөс өдий төдий цагдаа, хүчнийхнийг нууцаар татаж, болзошгүй үймээн хөдөлгөөний үед ард түмнийхээ эсрэг хөдөлгөхөөр бэлтгэл сургуулилтад хамруулж, хүчний байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Сонгууль сайхан боллоо, ард түмэн сонголтоо зөв хийлээ гэсэн хиймэл сурталчилгааг хийж, илүү дуугаргахгүй байх арга хэмжээ авахаа мэдэлгүй яахав, тэд.
Хүнд сэдвээр, хэцүү үнэнийг ярьж чилээсэн уншигчидтайгаа хэдэн харьцуулал хийж, тархины хөнгөн дасгал хийцгээе. Хэн нь хүчиндэгч, хэн нь хүчиндүүлэгч вэ?
Луйвар булхай гэдэг ямар ч хүнийг “хүчээр” гаргадгийг харуулав. Төр түших эр чадал нь бүрдсэн, төрийн төдийгүй ард түмний талархлыг хүлээсэн зарим хүмүүс тохиолдлын гэмээр нэгэнд тахимаа өгөхөд хүргэж байх юм. Жишээ нь: Аймаг орон нутагтаа хийсэн юмтай, нэр хүндтэй, олон жил нутаг усныхаа төлөө зүтгэсэн, ардын үгээр хэлвэл дошин дээрээ байж, тойргоо олон жил усалсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг аймгийнхан нь сонгоогүй юм гэнэ, тэгээд нөгөөг нь сонгосон юм гэнэ. Ёстой нөгөө үгүй л байхгүй юу.
Дарханд өрсөлдсөн МАХН-ын ЕНБД, улс төрийн чадал, чансаа, туршлага гээд бүх талаараа жигдэрсэн Ж.Сүхбаатар гарах нь баараггүй байсан бөгөөд түүнийг төрд байвал зохих хүний нэг тул ялаасай гэж зөвхөн намынхан нь бус нийт олон хүлээж байсан юм. Гэтэл тийм юм болсонгүй. Ийм жишээ олон бий. Ингээд гарах ёсгүй олон хүн хүчээр гарсныг нь бодохоор “хүчиндүүлсэн” юм шиг, гэтэл хүн хохироогоод гараад ирснийг нь бодохоор “хүчиндсэн” ч юм шиг.
За даа тэгээд олон хэцүү хүмүүсээс бүрдсэн төрийн хууль тогтоох байгууллага яаж шуу ажиллах юм бол доо. Төр түмнээ байгугай өөрийгөө аваад явах чадваргүй “гишүүд” мөн ч олон байна даа. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг төрийн тархи болсон УИХ гэдэг байгууллагад дуучин, жүжигчин, зурагчин, тамирчин, барилдаанч, нанчилдаанч, яруу найрагч, сэтгүүлч, бүр эрхэлсэн тодорхой ажилгүй байсан хүмүүс орж ирээд суучих юм. Уг нь хуульч, эдийн засагч, төрийн бодлогыг тодорхойлоход хэрэгтэй мэргэжлийн хүмүүсээс голчлон бүрдсэн эх орны шилдгүүдийн баг байх ёстой юмсан. Хуучин бас хэцүү тохиолдлууд байх нь байдаг байсаан. Гэхдээ арай ч ийм байгаагүй юм шүү. УИХ-д аз, эзийн аль алинаар нь гарч ирсэн хүмүүсийг яанаа гэж өмнөөс нь ичихээс илүүтэй, эд нараар удирдуулах Монгол төр, монголын ард түмний хувь заяаг л яанаа хэмээн айж, түгшиж байна даа.
За яахав, юм нэгээр дуусахгүй, үнэн хэзээ ч ялах тавилантай гэдгээр энэ удаа өөрийн сэтгэгдлээ өндөрлөе. Харин цалин нэмнэ, татварын дарамтгүй байлгана, зээлийн хүүг бууруулна, мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ, уруудсан улсаа босгоно гэх мэт олон зүйлээр ард түмнийг урхидсан МАН-ын амлалт, ажлын бариа, зөрүүний тухай дараагийн удаа ард түмэнтэйгээ санал солилцох болно.
Ц.Шаравдорж /Монгол Улсын гавьяат хуульч/