Дэлхийн хамгийн халуун хийгээд хүнд нөхцөлтэй ажил

Этиоп улсын давсны уурхайн ажилчдад атаархах хэрэггүй. Юу гэвэл тэд өдөрт 6,5 ам.долларын дундаж хөлстэйгээр Цельсийн нэмэх 50 градуст ажиллахад хүрдэг байна. Энэ нь дэлхийн хамгийн халуун нөхцөлтэй ажлын байр юм. Давсны уурхайнууд Афарын хотгорт байдаг бөгөөд 155 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзэлнэ. Хамгийн нам дор цэгт эдгээр уурхай далайн түвшнээс доош 90 гаруй метрт байдаг байна. Мэргэжлийн зураач, зураглаач Жоэл Сантос манай гарагийн энэ нутгийн хахир хатуу ч гэсэн үзэсгэлэнтэй сайхан байдлыг зураглахаар энэхүү үнэхээрийн халуун газарт очжээ.

“Би давсны уурхайчдын ажил, амьдралын тухай өгүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Тэд дэлхийн хамгийн халуун газарт ажиллаж, сард 100-200 еврогоос илүүгүй цалин хөлс авдаг байна. Тэдний амьдрал үнэхээрийн хэцүү. Манай гарагийн хамгийн хүнд ажлын байрны нэг биз ээ” гэж зурагчин ярьжээ.
Данакилийн хотгор, ялангуяа Афдера нуурын эргэн тойрны газар нутаг нь Этиопийн бүх давсыг олборлодог газар юм. Хоёр мянга орчим нэг бөхтэй тэмээ, олон мянган илжиг өдөр бүр энд ирж, эндээс 80 километрт орших Бархале сууринд дөрвөлжилсөн давс хүргэдэг байна.

Уурхайчид Цельсийн нэмэх 50 градусаас багагүй халуунд байнга хөдөлмөрлөж, нар чанх дээр ирдэг оргил халуунаас өрсөн хар үүрээр ажилдаа гардаг аж.
“Агаар нь маш хуурай учир, цөлд ямар нэг тодорхой үнэр байдаггүй. Гэсэн ч, зарим усанд автсан хэсэгт хэрвээ газар руу тонгойж үнэрлэвэл, давсархаг анхилам үнэрийг мэдэрч болно” гэж зурагчин ярьжээ.

“Этиоп улсад ийм хотгор газар байдгийг олон хүн мэддэггүй. Хатуу ширүүн нөхцөл өөрийн гэсэн хосгүй үзэсгэлэнтэй бөгөөд гэрэл зургууд уурхайчдад өдөр бүр тулгарч байдаг тэр зүйлийгулам тод томруун болгож, өнөөг хүртэл танигдаагүй энэ үзэсгэлэнтэй гэмээр байдлын нөгөө талыг нээн харуулж байна” гэж Сантос ярьжээ.

Эндээс жил бүр 1,3 сая орчим тонн давс олборлодог байна. Энд давс олборлохоор албан ёсоор бүртгэгдсэн 750 хүн ажилладаг ажээ.

Хүнд хэцүү нөхцөлтэй энэ нутаг идэвхитэй галт уулс, муухай үнэртэй хүхэр-устөрөгчийн халуун булагууд, хар өнгөтэй лавын зурвасууд болон давсны талстаар хучигдсан нуур цөөрмүүдтэй.
Урьд нь энэ нутагт дөрвөлжилсөн давсыг валют болгон ашиглаж байсан ч, одоо дэлхийн бусад газрын адил үүний оронд мөнгө иржээ. Нутгийн афар омгийн хүн ам Данакилийн хотгорт хатуу монопольт эрхээ тогтоож, давсаа чандлан хамгаалдаг байна. Давсны худалдаачин бүр эндээс явахынхаа өмнө давсны татвар хураагчийн урцны дэргэд саатаж, жингийн цувааныхаа тэмээ, илжиг болон луусны төлбөрийг хийх ёстой.
“Зураг авч байхдаа би олон зүйлийг ойлгосон. Ялангуяа иймтуйлын хэцүү нөхцөлд амьдардаг өвөрмөц хүмүүстэй танилцахдаа таатай байж билээ. Өөрийгөө хэн гэдгийг ойлгож, юмс үзэгдлийг өөрөөр харах боломж надад олдсон юм” гэж зурагчин ярьжээ.

С.Инда

Эх сурвалж: Bataar.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …