Баянзүрх дүүргийн 55 –р тусгай дунд сургууль нь анх 1976 онд Улаанбаатар хотын боловсролын газрын даргын тушаалаар 3 бүлэг 4 багштай байгуулагдаж байсан бол эдүгээ 94 багш, 27 ажилтан ажиллагсад, 1-12 ангийн 39 бүлэгт 460 гаруй сурагчтайгаар 40 дэх жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх , оношлох асуудал дээр шинэ аргыг туршин хэрэгжүүлж, хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд тулгуурлан ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалтаар бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэх, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулан хөгжүүлэх, сургуулийн гадаад дотоод харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр амжилттай ажиллаж ирснээс гадна өдөр өнжүүлэх төв, аутизмын анги, мэдрэмжийн өрөө, сургуулийн урлаг танхим, эмчилгээний биеийн тамирын өрөө, ариун цэврийн өрөөнүүд, гаднах биеийн тамирын талбай болон гадна орчныг тохижуулан үйл ажиллаж байна.
Энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдын бие сэтгэхүйн хөгжлийн онцлогийг харгалзсан хэл засал, хөдөлгөөн засал, ахуй засал, сэтгэл засал зэрэг нөхөн сэргээж, засан сайжруулах онцлог сургалтыг явуулахаас гадна Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, багш нарт мэргэжил- арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус сургуулийн хамт олон түүхт 40 жилийн ойгоо угтаж, хийсэн ажлын хүрээнд гаргасан амжилтуудаас дурдвал:
Нийслэлийн ЕБС-аас шалгарч 2015 оны “Шилдэг тохижилт ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага”-аар шалгарсан .
БЗД-ийн засаг даргатай байгуулсан 2015 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийн үнэлгээгээр 94%- тай “А” үнэлэгдэж, сургуулийн захирал Ч. Ганбилэг 2015 оны ” Шилдэг захирал”-аар шалгарсан.
2016 онд БЗД-ийн “Хүүхдийн хөгжлийг дэмжигч сургууль”- аар шалгарсан.
2016 онд багш Л. Энхжаргал, Д. Мөнх-Эрдэнэ нар БЗД-ийн “Авьяасыг нээн хөгжүүлэгч” шилдэг багшаар тус тус шагнагдав.
Багшийн ажлын үр дүнг индексээр дүгнэх журмын дагуу нийслэлийн засаг даргын захирамжаар багш Д. Болормаа 1500000, Д. Мөнх-Эрдэнэ 1000000 төгрөгөөр шагнагдлаа.
АНУ-ын Лос Анжелос хотноо 2015 онд болсон тусгай олимпийн Хдугаар наадамд 7в ангийн сурагч Ч. Дүүрэнжаргал хөнгөн атлетикийн төрлөөр хүрэл медаль, 8 а ангийн сурагч Б. Ерөөлт ширээний теннисний төрлөөр хүрэл медаль тус тус хүртсэн амжилтуудыг үзүүлжээ.
Тус сургуулийн хамт олон нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэж баярын хурлаа хийж, хүүхэд багш нарын концерт тоглов. Энэ баяраар боловсролын тэргүүний ажилтан- 4 , биеийн тамирын тэргүүний ажилтан-2, соёлын тэргүүний ажилтан-1, БШУЯ-ны “Жуух бичиг”-5, Нийслэл дүүргийн шагналаар 20 гаруй багш нар, Монголын Хүүхдийн ордоны эрдэм алт, эрдэм мөнгө, эрдэм хүрэл-3 сурагч, Монголын Сурагчдын холбооноос 8 сурагч, Хүүхдийн төв номын сангаас 2 сурагч тус тус багш, сурагчид шагнагдсан байна.
Мөн Дауны Холбооны тэргүүн Тусгай Олимпийн Хоронны тэргүүн С. Оюун, БСШУСЯам Төрийн нарийн бичгийн дарга Б. Баярсайхан, БСШУСЯам Хэлтсийн дарга С. Болормаа, Зураг технологи, тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн Г. Амарсанаа, USA8 Виржиниа, Покосон хот, Kiwanis клубын Монголыг хариуцсан комиссын дарга Боб Керлинжер, Japan Hokota JICA сайн дурын ажилтан Сато Сэцүко , Улан- Үдэ 2-р тусгай сургуулийн захирал Виктор Игнатьевич. Воропаев, Улан- Үдэ 2-р тусгай сургуулийн хичээлийн эрхлэгч Альбина Батуевна. Сахаровская, Үдэ 2-р тусгай сургуулийн хичээлийн эрхлэгч Ирина Раднаева. Раднаева, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга Х. Батбаяр, Монголын Аутизмын Холбоо гүйцэтгэх захирал Г. Алтангэрэл, Монголын Дауны холбооны гүйцэтгэх захирал Ч. Эрдэнэчулуун, Монголын Аутизмын Холбоо гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн А. Амарбуян, Дауны холбоо Г. Ариун нар баярын хуралд уригдан ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.