ХБНГУ-ын Франкфурт хотноо 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (ОУЦТК буюу IEC)-ийн 80 дугаар Ерөнхий хуралдаанд СХЗГ –ын дарга Г.Гантөмөр тэргүүтэй, Монгол улсын Үндэсний цахилгаан техникийн хорооны төлөөлөгчид болох Монгол Улсын Шадар Сайдын Стандартын асуудал эрхэлсэн зөвлөх С.Янжинсүрэн, Үндэсний Цахилгаан техникийн хорооны нарийн бичгийн дарга Г.Батцэнгэл, Гадаад харилцааны ажилтан Б.Батзул нар ОУЦТК-ийн Хамтрагч Плас /Affiliate Plus/ гишүүний статустайгаар амжилттай оролцлоо.
Энэ удаагийн Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (ОУЦТК буюу IEC)-ийн 80 дугаар Ерөнхий хуралдаан нь “Мэдээллийн холбоог сайжруулах, Стандартчиллын шинэчлэл” уриан доор зохион байгуулагдсан бөгөөд 90 гаруй орны 2500 орчим мэргэжилтнүүд оролцсон.
“Хамтрагч гишүүн орнуудын форум”-ын үеэр Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн “Цэвэр эрчим хүч” санал санаачилга, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд ОУЦТК-ийн үүрэг оролцоо, хөгжиж буй орнуудад эрчим хүчний хүртээмжийг дээшлүүлэх, стандартчиллын үүрэг роль, оролцоо сэдвээр илтгэлүүд тавигдлаа.
Хуралдааны үеэр Үндэсний цахилгаан техникийн хорооны гишүүд Европын стандартын хорооны Ерөнхийлөгч хатагтай Елена Сантьяго, ХБНГУ-ын Цахилгаан техникийн хорооны Ментор ноён Бретц, Физик техникийн хүрээлэнгийн гадаад харилцааны газрын дарга хатагтай Штольдтой болон мэргэжилтнүүдтэй хоёр Улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон уулзалтууд амжилттай болон өнгөрсөн.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил зүйн газар нь Европын Стандартын хорооны “Түншлэгч гишүүн буюу Companion Standardization Body” –гишүүнчлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар тус хорооны анхны Түншлэгч гишүүн болон, Европын стандартыг нэвтрүүлэх нутагшуулах, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх гол суурь нь болох чухал үйл явдал боллоо.