Монгол Улс, Канад Улсын батлан хамгаалах хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Олон нийттэй харилцах ажиллагаа” сэдэвт сургалт семинари Улаанбаатар хотод энэ сарын 24-нд эхэллээ. Канад Улсын Үндэсний Батлан хамгаалах яамны Цэргийн сургалт хамтын ажиллагааны газраас анх удаа зохион байгуулж буй тус сургалт семинарт оролцож буй алба хаагчид төр засгийн бодлогыг төрийн байгууллагад сурталчилах, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах үндсэн зорилготой. Дэлхийн улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэн Энхийг эрхэмлэсэн олон тулгуурт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүний нэгэн тод илэрхийлэл нь манай улсад жил бүр зохион байгуулагдаж ирсэн “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан дадлага сургуульд Канад Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчид тасралтгүй оролцож ирсэн. Зэвсэгт хүчний “Энхийн төлөө” цогцолборт өнөөдөр эхэлсэн “Олон нийттэй харилцах ажиллагаа” сэдэвт сургалт семинарт Монгол Улс, Украйн, Бангладеш, Пакистан, Филиппин, Непал, Бразил, Канад гэх 8 орны алба хаагчид оролцож байгаагийн зарим нь сургагч багшаар ажиллаж харилцан мэдээлэл, туршалага солилцохын сацуу улс үндэстнүүдийнхээ өв соёл, түүх уламжлалаас суралцах юм
Нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Канад Улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жагэр болон албаны бусад хүмүүс байлцлаа. Анх удаа манай улсад зохион байгуулагдаж буй тус сургалт семинари ирэх сарын 2-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдахын дээр Батлан хамгаалахын их сургуулийн байрлалд 11-р сарын 3-нд нэгдсэн симпиозмыг зохион байгуулсанаар өндөрлөх юм. Канад Улсын Үндэсний Батлан хамгаалах яамны Цэргийн сургалт хамтын ажиллагааны газраас энэ төрлийн шат дараалласан олон сургалт семинарыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. Манай Улсын ЗХ-ний болон гадаад 8 орны нийт 60 гаруй чиглэл хариуцсан офицер ахлагч, алба хаагчид оролцож байна.