Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ 17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна. Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг.
Иймд жил бүрийн “Тархины харвалтын дэлхийн өдөр” 10 сарын 29-нд харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношлогооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд хэлэлцдэг уламжлалтай бөгөөд Монгол улсад 7 дахь жилдээ тэмдэглэж байна. Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс санаачлан Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын харвалт судлалын нийгэмлэгтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
2016 онд энэхүү тэмдэглэлт өдрийг “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор тэмдэглэх юм.
Одоогоор Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Тархины харвалтын төв ажиллаж олон улсын түвшинд нийцсэн эмчилгээний стандартыг хэрэгжүүлж байна.