Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой” компанийн ТУЗ болон удирдлагуудад дараахь үүргийг өглөө.
Үүнд:
1. Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Иймд компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд 34 хувьдаа ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах,
2. Компанийн ашиг, алдагдлын алинд нь ч Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хариуцлагаа хүлээж байгаа. Компанийн гадаад, дотоод худалдан авалт болон ханган нийлүүлэлт ялангуяа, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтын эрх мэдлээ бодитой хэрэгжүүлж эхлэх,
3. Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад олон монгол залуусыг ажиллуулж гэрээний үүргээ биелүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйлдвэр цаашдаа урт хугацаанд олон жил ажиллах учраас ажилчдынхаа нийгмийн асуудалд одооноос онцгой анхаарч эхлэх хэрэгтэй. Ажилчдаа олон жилийн турш онгоцоор нааш цааш нь зөөлөө. Үйлдвэр дагасан хот биш юмаа гэхэд Оюутолгойн ажилчдын орон сууцны хотхоныг орон нутагтаа байгуулж гэр бүлээрээ байнга орших суух орчныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын хувьд Оюутолгойн ажилчид нь Оюутолгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй баялаг гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой.
4. Оюутолгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм ордын уурхай нь ч, үйлдвэр нь дэлхийн хэмжээний стандарт бүхий тохижилттой байх ёстой. Иймд уурхайн орчны тохижилтыг сайжруулах хэрэгтэй гэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр дөрвөн чиглэлийн үүргийг Оюутолгой компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудад өгч, ямар арга хэмжээ авснаа болон хэрэгжилтийг жил бүр Ерөнхий сайдын төвшинд танилцуулж байхыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.