Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 2016 оны эхний 10 сарын байдлаар 76 хэрэгт 176 хүн холбогдон шалгагдсан байна.
Нийслэл хотод насанд хүрээгүй хүмүүс газ, мансууруулах төрлийн бодис үнэрлэсэн гэх дуудлага мэдээлэл 2016 оны эхний 10 сарын байдлаар 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 3.4 хувиар өссөн дүнтэй байна.
Иймд хүүхэд, залуучуудыг мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэл хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, хор холбогдлыг нь ухуулан таниулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, “Цагаан соён” төрийн бус байгууллага хамтран “Мансууралгүй ирээдүй” аяныг 2016 оны 10 сарын 01-нээс эхлэн өрнүүлж байна.
Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан хүүхдийг хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг зохион байгуулснаар хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл гэж юу вэ, энэ төрлийн гэмт хэргийн ойлголт, түүнээс сэргийлэх арга зам, эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийн талаар багш сурган хүмүүжүүлэгч нарт ойлгуулж өгсөнөөр өсвөр насны хүүхдүүдийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил болон эрх ашиг нь хохирохоос урьдчилан сэргийлэхэд үр дүн үзүүлэх юм.
Цаашид аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад “Хар тамхи мансууруулах бодисын хор уршиг”-ийг таниулах сургалт, хүүхэд залуусыг “Мансууралгүй ирээдүй” аянд нэгдэж эрүүл амьдралын хэвшилтэй болгохыг уриалсан арга хэмжээнүүд шат дараатайгаар үргэлжлэн явагдана.