Д.Цогтбаатар: “ГОК” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа
“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, “Жаст”-ын Ш.Батхүүгийн батлан даагч болж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 34 сая ам.долларын зээл авч өгсөн гэх шуугиан нийгэмд тарж олны анхаарлыг татаад байгаа.
Энэ талаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар уржигдар буюу энэ сарын 20-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ дараахь зүйлсийг ярьсан юм. Тухайлбал “Сүүлийн үед төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэн нэгэн дурын этгээд гадаадын банканд батлан даагчийн зээлийн баталгаа болгож барьцаалах болсон байна. Ер нь бол төрийн өмчийн компанийг хэн ч барьцаалах ёсгүй.
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг одоогоор шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. Түүнчлэн “УБТЗ”-ын асуудал ч яригдаж байгаа. Ямартай ч “Эрдэнэт” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа юм. “Жаст”-ын Ш.Батхүү ч өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Тэгэхээр бидэнд УБТЗ-ын тухай янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Энэ бүх асуудлыг шүүхийн байгууллага тогтоосны дараа тодорхой асуудлууд яригдах байх” гэж байв.
Ямартай ч ӨАБНУ-ын “Стандарт” банк нь баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам хоёроос мөнгөө нэхэмжилж Лондоны арбитрын шүүхэд хандаад байгаа.
Ш.Батхүү нь төрийн өмчит эдгээр газруудаар баталгаа гаргуулахдаа тухайн үеийн ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр замын захирал асан Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар ашигласан гэдгээ мэдэгдсэн. Эдгээр эрхмүүдийн гарын үсэг хуурамч эсэх, үгсэн хуйвалдаж байгаа зэргийг нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд удахгүй дүгнэлт нь гарах аж.
Зарим хүмүүс хэлэхдээ “энэ” хоёр хүний халаас нэгтэй байсны учрыг шалгах хэрэгтэй.
Тэгсний дараа үнэн учир нь олдоно. Т.Очирхүүгийн хэвлэлд өгсөн ярилцлагыг уншихад их л хөгийн юм ярьсан байна лээ. Зээлийн баталгаа биш. “Жаст”, “УБТЗ” хоёрын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ гэж байгаа.
Хамгийн гол нь 2006 оноос “Жаст” манай төмөр замд сар болгон 6000-7000 орчим тонн дизель түлш нийлүүлж байсан.
Үүнийхээ л төлбөрийг бид тус компанийн данс руу хийж байсан. Төлбөрийг бид “Хадгаламж” банк болон “Стандарт” банканд хийж байсан. Энэ л гэрээг зээлийн батлан даагч болсон гэж андуураад байх шиг байна” хэмээн ярьсан байсан. Гэхдээ хэрэг яаж шийдэгдэхийг харж л байя” хэмээв.
Т.Очирхүүг сайн мэдэх хүмүүсийн яриа бол энэ. Харин тэрбээр өөрийгөө өмөөрч би “УБТЗ”-ыг золигт гаргаагүй гэж ярьж байгаа боловч Хууль зүйн сайд хүртэл энэ асуудлыг сайн нягтлах хэрэгтэй гэдгийг олон нийтэд зарласан.
Тэрбээр өнөөдөр “Эрдэнэт”, “УБТЗ” гэгдэх хоёр том саалийн үнээг маань гадны банканд барьцаанд тавьсан хэрэг гарлаа. Тэгээд ч гадны нөхөд биднийг унагахын тулд бүх бичиг баримтаа баталгаатай болгож хамгийн шилдэг гэсэн хуулийн фермерүүдийг өмгөөлөгчөөрөө авч Монгол Улсыг цэвэр ялах болоод байна.
Үүний хариуд бид “Эрдэнэт” үйлдвэрийн 160 сая ам.долларыг хоёр нугалж төлөх болоод байгаа нь маш том асуудал” гэв.
Тиймдээ ч өнгөрсөн нэг сараас хойш АН-ынхан Т.Очирхүүг ээлжит авлигачдын тоонд оруулж АТГ-т дуудан 600 сая төгрөгийн өртөгтэй тавцангийн тендерийн асуудлыг сөхөж багагүй сандаргасан. Харин мань хүн “Би энэ тухай ёстой мэдээгүй. Миний доод албан тушаалтнууд гарын үсгийг маань ашигласан байх” гэж хэлснээс болж хамт ажиллагсдынхаа хөх инээдийг хүргэж, өөрийнхөө хууль бус үйлдлийг илчилэхэд хүргээд байгаа.
Өөрөөр хэлбэл хуулийнхан Т.Очирхүүгийн нууцыг хэдийнээ ухаад эхэлсэн гэсэн үг. Бидэнд олдсон мэдээллээр УМБГ-т түүнтэй холбоотой хэд хэдэн тендерийн асуудал шалгагдаж байгаа юм билээ.
Ер нь түүнийг төмөр замын дарга болсноос хойш МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн гар хөл болсон компаниуд тендерийг ногоон гэрлээр авдаг байсныг одоо ч хэлж байгаа.
Тус газар ажиллаж байгаад Т.Очирхүүгийн цомхотголд орсон инженер “Т.Очирхүү дарга төмөр замд шахааны бизнесийг цэцэглүүлж байсан нэгэн. Тухайлбал өөрийнхөө бохир ажлыг хийхгүй гэсэн хүнийг хууль зөрчөөд ч хамаагүй ажлаас халдаг байсныг нь төмөр замчид хэлээд өгнө. Олон ч сайн бэлтгэгдсэн боловсон хүчин хохирч байсан даа.
Сүүлийн үед сонин сэтгүүл уншиж байхад дарга бусдад гарын үсгээ их ашиглуулдаг болсон бололтой. Энэ бол угаасаа л түүний гаднасаа харагддаг дүр төрх шүү дээ. Нэг зүйл хэлье л дээ. Төмөр замд зарлагдсан “Тавцангийн тендер”-ийг түүний гарын үсэгтэйгээр баталгаажуулдаг юм. Түүнээс доод албан тушаалтан Т.Очирхүүгийн өмнөөс гарын үсгийг нь зураад тендер зарласан болж таараад байна. Уг тендерийг Т.Очирхүү өөрийнхөө танилынхаа компанид өгсөн. Ер нь тендер зарлагдсан үед бүгд нээлттэй биш хаалттайгаар дотроо хувааж авдаг байсан. Ийм заваан юм хийсэн хүн байж хуулийн газар шалгагдах болохоороо “Би мэдээгүй” гэж доод тушаалын хүмүүсээ хэрэгт чихэх нь өөрт олон дайсан бэлдэж өөрийнхөө бүх булхайг л олон түмэнд дэлгэнэ гэсэн үг шүү дээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард ЗТБХБ-ын сайд асан Б.Дашдорж, даргыг солих тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулж байсан. Сайд түүний энэ олон булхайг мэдээд “Тэтгэврийн насанд хүрсэн” гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан юм билээ.
Даанч эрх мэдлийн төлөө улайрсан Т.Очирхүү ийм ашигтай суудлаа бусдад алдахгүй гэж нэр нөлөө бүхий хүмүүсээр яриулж байгаад үлдэж байсан. Хэрвээ тухайн үед үг дуугуй суудлаа өгсөн бол өнөөдрийн батлан даагчийн зээлийн гарын үсэг яригдахгүй байсан юм.
“Жаст”-ын Ш.Батхүү энэ хоёрын нөхөрлөлийг би давтаж яриад хэрэггүй биз дээ. Монголын ард түмэн чихтэй, нүдтэй хүмүүс бүгд мэдэж байгаагаас хойш илүүц байх гэж бодож байна.
Түүнчлэн өөрийнхөө жолооч байсан хүний эхнэрийг “УБТЗ”-ын өртөөний дэд дарга хүртэл болгож байсан шүү дээ. Өмнө нь зүгээр нэг жижүүр байсан хүн шууд дарга болж болох уу.
Хэрвээ ах нь өнөөдөр түүний гар хөл болсон бол хаа нэг газар хурган дарга болсон шигээ сууж байх байсан. Ер нь төмөр замд танилтай хүн хол явна. Түүнийг Г.Сэрээнэндорж даргын зөвлөх хийж байгаа гэхээр гайхаад байдаг юм. Юугаа зөвлөх юм бэ, тэр хүнд. Бодохоор инээд хүрээд байх юм” гэж байв.
Ямартай ч түүний тухай төмөр замд ажиллаж байсан хүмүүс ийнхүү ярьж байсан. Сарын гурван сая төгрөгийн цалинтай зөвлөхийн ажил хийдэг УИХ-ын экс гишүүн, “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү “Жаст”-ын батлан даагч болж гарын үсэг зурсан гэдэг баталгаа нь Өмнөд Африкийн “Стандарт” банканд цагаанаас цагаан цаасан дээр зурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно гэдгийг тус банкны зүгээс манай Засгийн газарт хэлж байгаа юм билээ.