ТОП-10 Мөрөөдлийн дэбют

 Ливэрпүүлийн улаан хувцсыг өмссөн дэбют тоглолтондоо Копуудыг гайхшруулж чадсан ТОП 10 тоглогчийг үндсэн сайтаас тодруулжээ. Гэхдээ энэхүү жагсаалтанд Лэйчистэрийн эсрэг Патрик Бэргэрийн гайхалтай дэбют, Кинг Кэннигийн алдарт эхлэл, Алваро Арбэлоагийн эхний тоглолтондоо Лионэл Мэссиг хэрхэн “халаасласан” зэрэг дэбютүүд багтаагүй байна.

№10 –р байр Элиша Скотт vs Ньюкасл /Сэйнт Жэймс парк, 1913 оны Нэгдүгээр сар/

Тэрээр яг л Симон Минолье шиг эхлэлийг тавьж байсан гэдэг. Тухайн тоглолтонд Шаазгайнууд аймшигтай довтолж байсан ч Элиша Скотт тун найдвартай байснаар энэ тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөж байжээ.

№9 Майкл Оуэн vs Уимблдон /Сэлхарст Парк, 1997 оны Тавдугаар сар/

Уг тоглолтонд Ливэрпүүл талбайн эздэд 2:0 харьцаатай хожигдож явахад нэгэн жаалхүү сэлгээгээр орж ирэн анхны тоглолтоо хийсэн нь Улаануудын Алтан жаал Майкл Оуэн байсан юм. Тэр тоглолтонд Улаанууд 2:1 –ээр хожигдсон бөгөөд Майкл Оуэн нэг гоол оруулсан нь түүний Ливэрпүүлийн төлөө хийсэн 158 гоолынх нь эхлэл байжээ.

№8 Стэн Коллимор vs Шэффилд Уэйнсдэй /Анфилд, 1995 оны Наймдугаар сар/

1995/95 оны улирлын эхний тоглолт Шэффилд Уэйнсдэй багийн эсрэг болоход шинэхэн цэрэг Стэн Коллиморын оруулсан цорын ганц гоолын ачаар Улаанууд ялалт байгуулж байв.

№7 Нигэл Клоф vs Шэффилд Уэйнсдэй /Анфилд, 1993 оны Наймдугаар сар/

Клофыг 1993 оны зун Ноттингэм Форэст багаас 2 сая паундаар Анфилдад авчраад байлаа. Тэрээр багтаа тун хурдан дасан зохицож, эхний тоглолтондоо оролцохдоо л 2 гоолыг оруулж Шэффилд Уэйнсдэй багийг 2:0 –ээр хожиж байв.

№6 Алун Эванс vs Лэйчистэр /Анфилд, 1968 оны Есдүгээр сар/

1968 оны Есдүгээр сард домогт Билл Шэнкли түүнийг өсөх ирээдүйтэй залуу хэмээн харж Анфилдад авчирч байлаа. 19 –хөн настай Эванс Копуудад өөрийгөө харуулан гоолдоход ердөө 12 минут л хэрэгтэй байжээ. Тэр тоглолтонд Ливэрпүүл өрсөлдөгчөө 4:0 –ээр бут ниргэсэн байна.

№5 Робби Фаулэр vs Фулхэм /Крэйвэн Коттэж, 1993 оны Есдүгээр сар/

Ливэрпүүлийн академийн унаган тоглогч Фаулэр 1992/93 оны улирлын төгсгөлд 2 ч удаа сэлгээний бүрэлдэхүүнд нэрлэгдэж байжээ. Гэсэн ч дараагийн улиралд нь дэбютээ хийсэн ирээдүйн “бурхан” маань Кока Кола Кап /1992-1998 оны хооронд Английн лигийн цом ийм нэртэй байсан/ тэмцээнд Фулхэмийн эсрэг үндсэн багийн дэбютээ хийж, ердөө 7 –хон минутын дараа гоолдсон байна.

№4 Дэйв Хиксон vs Астон Вилла /Анфилд, 1959 оны Арваннэгдүгээр сар/

Эвэртоны тоглогч Дэйв Хиксонтэй гэрээ байгуулахад Ливэрпүүлийн фэнүүд инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхгүй байсан гэдэг. Гэвч тэрээр 24 –хөн цагийн дараа Копуудын эргэлзээг тайлж, тэдний хайрыг татсан байна. Тухайн үед хоёрдугаар дивизионд тоглож байсан Улаанууд хүчирхэг Астон Виллаг 2:1 –ээр буулган авсан тоглолтонд Хиксон “галзуурсан” гэнэ.

№3 Симон Минолье vs Стоук сити /Анфилд, 2013 оны Наймдугаар сар/

Өнгөрсөн долоо хоногт Копууд бид бас нэгэн мөрөөдлийн дэбютийн гэрч болцгоосон. Хаалгач бүрийн зөвхөн мөрөөдөж л болох тийм эхлэлийг Симон Минолье үзүүлсэн юм.

№2 Кэвин Киган vs Ноттингэм Форэст /Анфилд, 1971 оны Наймдугаар сар/

Домогт Билл Шэнкли 35,000 паундаар 4 –р дивизионы Сканторп багаас Кэвин Киганыг авчиржээ. Түүний анхны тоглолт Ноттингэм Форэст багийн эсрэг тохиосон бөгөөд 12 минутын дараа Киган гоолдсон байна. Уг тоглолтонд Улаанууд өрсөлдөгчөө 3:1 харьцаатай буулган авснаас гадна Кэвин Киган Анфилдын “баатар” болох эхлэлээ тавьсан юм.

№1 Роб Жонэс vs Манчэстэр Юнайтэд /Олд Траффорд, 1991 оны Аравдугаар сар/

Копуудыг хайрыг татах, Анфилдад баатар болох нэг зам бий. Тэр нь өст Чөөгийнүүдийн эсрэг сайн тоглох юм. Энэ утгаараа Роб Жонэсийн дэбютийг Тэргүүн байранд онцолжээ. 1991 оны Аравдугаар сард Олд Траффордод болсон уг тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөсөн байна. Гэхдээ уг Гранд дэрбид нэгэн тоглогч тодорсон нь Ливэрпүүлийн төлөө эхний тоглолтоо хийж буй 20 настай Роб Жонэс байсан юм. Крью Александр багаас ирсэн шинэхэн баруун арын хамгаалагч маань энэ тоглолтонд онцгой байж, Чөтгөрүүдийн Райн Гиггзийг хаашаа ч хөдөлгөлгүй, тоглолтоос гаргасныг нь Копууд одоо ч дурсан санадаг юм.

эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Бадруул

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …