Монгол улс бие даасан тусгаар улс. Бидэнд үндсэн хуулиндаа захирагдаж байгаа ард түмэн. Чингис хааныхаа үеэс л их засаг хууль гэгчийг гаргаж олон ардаараа нэг зүйлд итгэл үнэмшилтэй байсаар ирсэн.
Бидний түүхэнд хэн ч юу идэх, юу өмсөх, юу хэлэхийг минь зааж байгаагүй. Харин одоо цагт тусгаар улс хэмээн дэлхийд бүртгэлтэй улсыг мань сэтгэл санаа, мөнгө төгрөг, эрх мэдлээрээ “эзлэн суух” гэсэн хөрштэй болчихсон байна.
Урд хөрш бидний шашин шүтэх эс шүтэхийг зааж, хэдэнтэй сануулга өгч, зээл тусламжаа хааснаараа ихээхэн “айлгаж” байгаа болтой юмаа. Гэхдээ л Монголчууд “айсангүй”, бүр үл тоомсорлолоо. Гэтэл Энэтхэгээс авах нэг тэрбум ам.долларын зээлд мөн л урд хөрш хошуу дүрээд эхэллээ. Бид Энэтхэгээс зээл авах нь Хятадуудад ямар хамаа байгаа хэрэг вэ?
Энэтхэгээс авах зээл тусламжийг авлига хээль хахуулийн мөнгө хэмээн хөршүүд “сандралдан” байна. Магадгүй Далай лам ирснээрээ нэг улсын нөлөөнд хэт орохоос сэргийлэн өөр улсаас зээл тусламж авч болохыг сануулсан хэрэг байв уу. Яаж ч харсан урд хөршийнхөн бидний хэрэгт оролцоод, хошуу дүрээд байгаа нь үнэндээ тусгаар тогтнолдоо санаа зовоход хүргэж байна.
Тэд бидэнд “зүгээр л” санаа тавиад байсан түүхгүй учраас айх сандрах, эгдүүцэх давхцаад байгаа хэрэг биз. Иргэд үүнд маш сэтгэл хөдлөлтэй хүлээн авч байна. “Луувангаа иднэ үү лаагаа иднэ үү” хэнд ч хамаагүй гэсэн өнгө аяс бүхий сэтгэгдэлүүд цахимд хүчээ аваад байна. Бидний зээлийг “тэд” төлөхгүйгээс хойш санаа амар бай.
Б.Саран