Волейболын спортыг сонирхдог залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд зохион байгуулдаг “В” зэрэглэлийн УАШТ ирэх сарын 13,14,15-нд болно.
Тус тэмцээн нь мэргэжлийн тамирчид болон сонирхогчдыг нэгтгэсэн томоохон тэмцээн тул волейбол сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа юм.
Тиймээс бид тус тэмцээний талаар МВЗХ-ны үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяртай ярилцлаа.
-Энэ удаагийн “В” зэрэглэлийн УАШТ-ий онцлог юу вэ?
-Манай холбоо шат дараалалтай тэмцээн уралдаан зохион байгуулах зорилтууд тавьсан. Үүнийхээ хүрээнд Мэргэжлийн тоглогч болохоор хичээллэж байгаа тамирчдад тохирсон тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэ нь “B” зэрэглэлийн тэмцээн юм. 2016 оны хамгийн сүүлд зохион байгуулагдсан МВХолбооны цомын тэмцээнд оролцон тоглосон үндсэн тоглогчийн хоёр тоглогчоос гадна сэлгээний тоглогчид оролцох боломжтойгоороо онцлогтой. Тэгэхээр багууд их жигд бас ур чадварын түвшингээ харах боломж бүрдэх юм.
Мөн Монголын Волейболын тамирчдыг багийн ажиллагаанд сургах, Багш дасгалжуулагчийн уялдаа холбоог сайжруулах, Дасгалжуулагчийн ёс зүйн харилцааг сайжруулах, дасгалжуулагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дасгалжуулагчийн нэр алдрыг алдаршуулах, багийн зохион байгуулалт болон багийн системтэй үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн “В” зэрэглэлийн тэмцээнээс эхлэн шилдэг дасгалжуулагчдыг шалгаруулан алдаршуулж байхаар болсон гэдгээрээ онцлогтой юм.
-Ямар хүмүүс оролцох боломжтой вэ?
-Монголын Волейболын Холбооноос 2016 онд зохион байгуулагдсан Холбооны цомын тэмцээнд оролцсон үндсэн 6 тоглогчийн 2 тоглогч талбай дээр байж болно. Бусад замен буюу сэлгээний тоглогчид шууд оролцох эрхтэй. Үндсэн хоёр тоглогчийн нэг тоглогч нь өндрийн тоглогч байна. Нэг тоглогч нь голын хаагч буюу нам хагасын тоглогч байна. Үндсэн 6-д тоглосон холбон тоглогч багт орох бол өндрийн тоглогчийн оронд байж болно. Бусад оролцогчдын хувьд нээлттэй. “B” зэрэглэлийн тэмцээн учраас шалгуур нь өрсөлдөхүйц хэмжээний баг байх заавартай байгаа. Манай тэмцээнд 35 наснаас дээш туршлагатай мастеруудаа хүндэлж оролцуулдаг уламжлалтай.
-Техникийн зөвлөгөөний хурал хэзээ вэ?
-Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл MVYA1INFO@GMAIL.COM хаягаар хүлээн авах бөгөөд техникийн зөвөлгөөний хурал 2017 оны 01-р сарын 6-ны 19.00 МЗХолбоо Хурлын зааланд болно.
-Танайхаас зохион байгуулдаг тэмцээнүүд бусад тэмцээнүүдээс юугаараа давуу талтай юм бол. Тамирчдад ямар боломж олгодог вэ?
-МВЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “D”, “C” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдож эхэлснээсээ хойш маш олон хүнийг хамарч чадсан тэр дундаа хөдөө орон нутгаас Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ гэх мэт маш олон аймгийн баг тамирчид зорин ирж оролцдогоороо онцлогтой юм байна. Хөдөө орон нутагт сайн тамирчид маш их байна. Тэд боломж байна гэдгийг мэдэрсэн Баянхонгор аймгийн баг С зэрэглэлд Мөнгөн медаль авсан, Д зэрэглэлд Ховд Эрдэнэт гээд ихэвчлэн орон нутгаас оролцож байгаа багууд медальд байранд шалгарч байна. Манайхаас зохион байгуулж байгаа тэмцээн уралдааны гол зорилго нь сонирхогчоос мэргэжлийн тамирчид ангилал бүртээ тэмцээн уралдаантай байх бодлогыг баримтлан ажиллаж байна.
-A, B, C, D зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлснээс хойш тамирчдын ур чадварт ямар өөрчлөлт гарч байна?
-Тамирчдын ур чадвар эрс дээшилсэн. Оролцох багийн тоо нэмэгдсэн, Өрсөлдөөн ч нэмэгдсэн, Нэг баг дараалан 3 удаа түрүүлэх нөхцөлийг тэмцээнд оролцож байгаа тамирчид багуудад олгохгүй байгаа нь өрсөлдөөн их байгаагийн шинж. Нэмж хэлэхэд А зэрэглэлд тоглож байгаа тамирчдын зарим нь тэр хэмжээндээ хүрэх болоогүй тамирчид байдаг энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэглэл тогтоосон тэмцээнгүй болохоор замбараагүй орж ирж байгаа юм. Бид энэ байдлыг арилгах ёстой. Ингэснээр тэмцээн чанартай бол үзэгчдээ хүндэл буй хэрэг юм.
-Та Монголын волейболын спортын ирээдүйг ямар байгаасай гэж хүсч байна вэ?
-Монголын Волейболын тамирчид юунд хүрэх нь ойлгомжтой байгаасай гэж хүсч байна. Бүх шатанд хөгжөөсэй гэж хүсдэг. Доороос төрөн гарч ирэх тамирчдыг маш олон болгомоор байна. Багш дасгалжуулагчдыг зэрэглэл бүрт нь ур чадварыг нь сайжруулах, дотоодын өрсөлдөх чадвар сайжраасай гэж л хүсч байна.
-Тийм болоход хэдий хэр хугацаа шаардах вэ?
-Зөв баг ажиллавал маш хурдан хөгжих боломжтой.
“B” ЗЭРЭГЛЭЛИЙН ШИЛЖИН ЯВАХ “СУПЕР ЦОМЫН” АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР
НЭГ.ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО
Монголын Волейболын залгамж халааг бэлтгэх. Волейболын хөгжлийг бодлогоор зохицуулан тамирчдыг жигд хөгжүүлэх. Шат дараалалтай зэрэглэл ахих боломжийг бүрдүүлэх. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод амьдарч буй залууст тэмцээн оролцох боломжийг олгоно, багийн ажиллагаанд сургаж, шинэ залуу тамирчдыг илрүүлэх.
ХОЁР. ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОРОЛЦОХ БАГ БҮРЭЛДЭХҮҮН
- Баг тус бүр доод тал нь 12 хүний бүрэлдэхүүнтэй байна. 2 хамгаалагч, 2 дасгалжуулагчтай.
- Тэмцээн зөвхөн эрэгтэй төрлөөр зохион байгуулагдана.
- Тэмцээнд Монголын Волейболын Холбооноос 2016 онд зохион байгуулагдсан Холбооны цомын тэмцээнд оролцсон үндсэн 6 тоглогчын 2 тоглогч талбайдээр байж болно. Бусад замен буюу сэлгээний тоглогчид шууд оролцох эрхтэй. Үндсэн 2 тоглогчын 1 тоглогч нь өндрийн тоглогч байна. 1 тоглогч нь голын хаагч буюу нам хагасын тоглогч байна. Үндсэн 6-д тоглосон холбон тоглогч багт орох бол өндрийн тоглогчийн оронд байж болно.
- Чөлөөт хамгаалагч үүнд хамаарахгүй оролцон тоглож болно.
- Багт Оросын Холбооны Улсын ойролцоох хотуудын волейболын 1 легонер тамирчин байж болно.
- Баг тамирчид хувийн дугаар шаардлага хангасан 2 ээлжийн хувцастай байна.
- Тэмцээний хураамж 300,000 төгрөг
- Тэмцээнд оролцох тоглогч бүр гишүүнчлэлийн 1 жилийн хураамж 10,000 төгрөг төлөх
ГУРАВ. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН
- Тэмцээн 2017 оны 01-р сарын 13,14,15-нд зохион байгуулагдана. Багийн тооноос хамаарч хэдэн зааланд зохион байгуулах нь тодорхой болно. Тоглолт 25 тоогоор 3 үеийн турш 3 дах ээлж 15 оноогоор явагдана.
- Техникийн зөвлөгөөн 2017 оны 01-р сарын 6-ны 19.00 МЗХолбоо Хурлын танхимд болно.
- Багуудын мэдүүлгийг МВЗХ-ны мэдүүлгийн маягтын дагуу удирдамж гарсан өдрөөс хойш урьдчилсан байдлаар 2017 оны 1-р сарын 5-ны өдөр хүртэл MVYA1INFO@GMAIL.COM хаягаар хүлээн авна.
- Багууд Эрхийн төлбөр болон гишүүний төлбөрөө Голомт банкны 1410017449 дансанд тушаах буюу бэлнээр өгч болно. Аж ахуйн нэг байгууллага урьдчилан нэхэмжлэх авч болно. Тэмцээний үед төлбөрийн асуудал гаргасан багийг оролцуулахгүй болохыг анхааруулая.
- Оролцох баг тамирчид урьдчилж холбоо барина уу ? 91101441
ДӨРӨВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
4.1 Тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн багийг Аваргын Цом алтан медаль мөнгөн шагнал өгрөмжлөлөөр шагнана. 2,3 р байрыг медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
4.2 Тэмцээнээс байрлал бүр дээр шилдэг эрэгтэй тамирчдыг шалгаруулж үнэ бүхий зүйлээр шагнана.
4.3 Шилдэг дасгалжуулагч 500,000 төгрөг, Багийн Эзэн 500,000 төгрөг шагнал. Шилдэг тоглогч тус бүр мөнгөн шагнал.
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Зорилго:
Монголын Волейболын тамирчдыг багийн ажиллагаанд сургах, багш дасгалжуулагчийн уялдаа холбоо, ёс зүйн харилцааг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх, нэр алдрыг алдаршуулах, багийн зохион байгуулалт болон багийн системтэй үйл ажиллагааг сайжруулахад оршино.
Шалгуур үзүүлэлт:
- Ёс зүйн харилцаа
- Тэмцээний явцад баг тамирчидтайгаа хараал болон дасгалжуулагч хүнд зохимжгүй үйлдэл гаргахгүй байх.
- Шүүгч болон зохион байгуулагчидтай зүй зохимжгүй харилцаа үүсгээгүй байх
- Баг тамирчид нь талбай дээр хараал болон эсрэг багтай үл ойлголцох маргаан гаргаагүй байх. МВЗХолбооноос орчуулан гаргасан 2015 оны Олон Улсын Дүрмийг дагаж мөрдөх.
- Монголын Волейболын Залуучуудын Холбооноос орчуулан гаргасан 2015 оны Олон Улсын Волейболын Холбооны Дүрмийн 5.2-т заасан ахлах дасгалжуулагчийн дүрмийг дагаж мөрдсөн байх / Дүрмийг Volleyball.mn вэб сайт болон Монголын Волейболын Залуучуудын Холбооны албан ёсны facebook хуудаснаас татаж авах боломжтой. 91101441 утсаар холбоо барьж өөрийн мэйл хаягт хүлээн авах боломжтой.
- Тэмцээний зохион байгуулалт
- Багийн урьдчилсан мэдүүлгийг зааврын дагуу ирүүлсэн байх
- Тэмцээний техникийн зөвлөгөөнд суусан байх
- Тоглолт тус бүрт багаа дасгалжуулсан байх.
- Баг тамирчдыг бие халаалтад бүрэн байлгах ба тэмцээнээс хоцрохгүй байх.
- Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг бүрэн байх.
- Тэмцээний заавар дүрмийг чанд дагаж мөрдсөн байх.
- Тоглолтын явцад солилцоо болон минутын амралтыг дүрмийн дагуу хийх
- Багийн хувцас жигд адилхан байх ба хувийн дугаар мэдүүлэгтэй таарсан байх.
- Дасгалжуулагч баг дасгалжуулах явцад бэлтгэлийн хувцас эсвэл албан хувцастай дасгалжуулна.
- Шилдэг дасгажлуулагчийн баг тэмцээн тус бүрийн хагас шигшээд шалгаран үлдсэн байх.
- Тоглолтын явцад оновчтой минутын амралт авч тоглолтыг эргүүлсэн тохиолдолд давуу тал болно.
- Дасгалжуулагчид үнэлгээ өгөх журам
- Шилдэг дасгалжуулагчийг тэмцээний шүүгчид хөндлөнгөөс үнэлнэ.
- Шилдэг дасгалжуулагчийг шалгаруулах тусгай шүүгчийг томилно.
- Тус тэмцээнд хяналтын зөвлөлийн ахмад туршлагатай төлөөлөгч үнэлгээнд хяналт тавина.
- Шүүгч дээрх журмын дагуу дасгалжуулагч бүрт 1-с 5 оноо өгнө.
Т.Гэрэл