Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамцтай уулзаж ярилцлаа.
-Цагаан сар дөхөхөөр л хэзээ тэмдэглэх талаар манайхан санал хуваагдаад хоорондоо үзчихдэг. Энэ жилийн хувьд Хятад зэрэг Азийн орнууд нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэх, харин манайд Төгс буянтын зурхайгаар хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сарын шинийн 1-ний баяраа тэмдэглэх тухай маргалдаад эхэллээ. Бурханы шашинт монголчуудын хүндэлж явдаг хүнээс энэ тухай лавлах нь зүйтэй байх гэж бодож ирлээ?
-Зурхайч хүнээс л асуумаар юм байна даа хө.
-Таны бодол уншигчдад маань чухал байна л даа?
-Богд хаант Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт хаан ширээнд заларсан үеэс Олноо өргөгдсөний он тоолол, Төгс буянтын зурхайн ёсоор явна гэж шийдсэн байдаг. Манжийн дарлалаас гарч, Төгсбуянт зурхайн ёсоор явнаа гэсэн шүү дээ. Бусдын эрхшээлд, Манжийн дарлалд явсан учраас шар зурхайг хэрэглэж явсан үе бий. Сүм хийдийн газрууд Төгс буянт зурхайгаа баримталдаг. Яагаад гэвэл хурал ном хурахад Төгс буянтын зурхай их дөхүү, монголчуудын амьдралтай ойр. Монголчууд чинь сарны хэлбэрийг хардаг.
Сар ямар хэлбэртэйг хараад “Өнөөдөр шинийн найман, шинийн гурван, шинийн таван байна” гэж төдөх юмгүй хэлдэг. Тиймээс Төгс буянтын зурхай бол нүүдэлчин амьдралаас урган гарсан, нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай юм.
-Шар зурхай Төгс буянтын зурхайгаас ямар ялгаатай байна?
-Шар зурхай суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай учраас өдрүүдээ шахаад хийчихдэг. Сарын өдрүүдийг шахаж хийдгээрээ ялгаатай. Төгс буянтын зурхай нь сарны хэлбэрийг авч явдаг учраас шар зурхайгаасаа арай ондоо. Монголчууддаа яг таарсан. Сарын зарим нэг өдөр шинийн долоон хоёр байх жишээний. Орчин үеийн шинжлэх ухаанаар ярих юм бол сар, дэлхий хоёрын ойртох, холдох зайнаас хамаарч байгаа юм. Сар, дэлхий хоёр холдчихоод байгаа үед хоёр хоночихоод байхад сарны хэлбэр огт өөрчлөгдөхгүй байгаа юм. Тэрэн дээр нэмэлт хийдэг. Ойртсон үед дорхноо сарны хэлбэр өөрчлөгдчихөж байгаа учраас шинийн долооных биш шинийн наймны сарны хэлбэртэй болчихож байгаа учраас өдрийг нь тэгж тааруулдаг. Нүүдэлчин амьдрал сарныхаа хэлбэрийг л дагаж ирсэн. Манай шашны номлол ч сарны хэлбэрээр явж байгаа зурхайгаараа хурдаг. Жишээ нь, хорин есөнд хамгийн нарийсаад бараг харагдахгүй болчихсон үед хорин еснийхөө хурлыг хурдаг, битүүнд бол саргүй байх үе болохоор битүүний хурлаа хурдаг. Шинийн найманд сар яг тал дугуй, хорин хоёронд бас тал дугуй болдог. Энэ хэмжээсүүдээр хурал номоо хурдаг.
-Төгс буянтын зурхайн талаар дэлгэрэнгүй хүүрнээч?
-Төгс буянтын зурхайг Цахар гэвш Лувсанчүлтэм шинэчлэн тиглэсэн. Цаг хугацаа чинь бас үе үе шинэчлэгдэнэ л дээ. Григорийн тоолол хүртэл арван өдрийн зөрүү гарчихаад Европын эрдэмтэд өөрчилж байсан. Тэр үед манай билгийн тоололд хүртэл өөрчлөлт гарч, Цахар гэвш Лувсанчүлтэм гуай өөрчилсөн түүхтэй. Төгс буянтын зурхайг Цахар гэвш зохиочихсон гэж үзэж болохгүй. Жарнаар тооцоход одоо арвандолоодугаар жаран явж байна шүү дээ.
-Зуунд шилжүүлбэл эртний тоолол болох нь байна шүү?
-Төгс буянтын зурхай есөн зуу гаруй жил явж байгаа зурхай юм. Урагшлуулбал 1027 оноос эхэлсэн, Чингис хааны үеийг дамнаад явж байгаа зурхай байх нь ээ дээ. Урьд эрт цагт ширээн дээр тавьдаг цаг гэж байсан биш, сарныхаа хэлбэр дүрсийг авч явсан сайхан зурхайгаа л ашиглаж ирсэн байдаг. Ийн мөрдөж явж байгаад Ардын хувьсгалын үед хаагдсан. 1931 оноос бил үү дээ, европ тооллыг авч шинэ жил тэмдэглэж эхэлсэн байгаа биз дээ. Энэ үеэс нэг хэсэгтээ өнжиж, 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үе өнгөрөөж байж, 1944 онд Гандантэгчинлэн хийд дахин сэргэсэн. Тэр үеэс Төгс буянт зурхайн ёсоо дахин сэргээж хурал номоо хурж эхэлсэн. Яагаад гэвэл хурал ном маань Төгс буянтын зурхай хэмээх литгүйгээр байхгүй байх байсан учраас сэргээсэн түүхтэй. Энэ тооллын дагуу Нинжбадгар гуай тэргүүтэй одон орны эрдэмтэд манай лам нарыг урьж аваачин шинжилгээ судалгаа хийж, “Малчдын календарь” нэрээр гаргадаг болсон. Энэ маягаар 1990 он хүргээд үүнээс хойш Төгс буянтын зурхайн ёсоороо явж байгаа.
-Шар зурхайгаар явах ёстой гэж зарим хүмүүс яагаад зүтгээд байдаг юм бол?
-Ардчилал гэдэг чинь янз бүрийн л үзэл бодолтой хүмүүс гарч ирдэг талбар шүү дээ. Тийм янз бүрийн хүмүүсийн л “Шар зурхай нь үнэн зөв” гэх хандлага гараад байх шиг байдаг юм. Ер нь монголчууд эртнээс нааш хэрэглээд ирсэн зурхайгаа л дагаж мөрдөх нь ёсонд зөв юм л даа.
-Заримдаа сар нь тохирсон атлаа нэг өдрийн зөрүү гарлаа гээд байдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм бол?
-Богд хаан ширээнд суусны дараа хятадууд хүрз зээтүүгээ ирлээд “Танай цагаан сарыг улаан сар болгоно” гэж сар шинийн баярыг будилуулах гээд байсан байдаг. Тийм учраас Богд хааны зарлигаар Монголын цагаан сарыг Хятадын цагаан сараас нэг өдрөөр зөрүүлж тэмдэглэхийг зурхайчдаа даалгасан юм билээ.
-Далай лам Монголд айлчилсан нь өмнөд хөрштэй улс төрийн сөргөлдөөнд хүргэлээ гэж манай улстөрчид сүржигнээд, БНХАУ-аас уучлал гуйлаа ч гэх шиг их юм дуулдах юм. Монгол Улс тусгаар улс юм чинь Бурханы шашныхаа амьд бурханыг эх орондоо залах нь аль нэг улсад огт хамаагүй асуудал биз дээ?
-Дээрхийн гэгээнтэн манай улсад есөн удаа заларсан. Коммунизмын үед хоёр удаа заларч байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар сүсэгтэн олны сүсэг бишрэл чөлөөтэй болсон. Энэ бол хуулийн заалттай зүйл. Сүм хийдийн харилцааны хуульд ч “Төр шашны хэрэгт хутгалдан орж болохгүй. Шашин төрийн хэрэгт хутгалдаж орж болохгүй” гэсэн тодорхой заалттай. Энэ хуулийн дагуу л бид Дээрхийн гэгээнээ эх орондоо урин залдаг байсан. Есөн удаагийн заллагыг сүм хийд, сүсэгтэн олон, лам хуврагууд бүгдээрээ эрэлт хүсэлтээрээ багшийгаа залсан. Үүнд ямар нэгэн улс төр ордоггүй. Ирээд шашныхаа ажлыг хийдэг, сүсэгтнүүддээ ханддаг. Багш маань ганцхан монголчуудад ч биш ерөөсөө л хүн төрөлхтний хоорондын харьцаа, бие биетэйгээ эвсэг бүлээн байх, найрсаг хандах, дотоод сэтгэхүйн сайн сайхан байхын тухайд ном айлддаг. Үүнийг л Монголын ард түмэнд хэлдэг. Залуучуудад ч уламжлалт зан заншил, соёл, шашнаа дээдлэх, тэрнийг судалж үзэх талаар асуулт хариулт маягаар сайхан уулзалт зохиодог шүү дээ. Тэрнээс улстөржсөн ганц ч зүйл ярьж байгаагүйг манай сүсэгтэн олон сайн мэднэ дээ.
dnn.mn
Л.Батцэнгэл