Өнөөдөр Британийн хөгжмийн дээд шагналын эзэд, залуусын зүрх сэтгэлийг олон сайхан хит дуугаараа эзэмдсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлан тоглохтой холбоотой хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Энэхүү хэвлэлийн бага хурлын нээлтийн эхэнд BLUE хамтлагийн Монголчуудад зориулсан мэндчилгээг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Энэ нь BLUE хамтлаг Монголд ирнэ ирэхгүй гэж яригдаад байсан эргэлзээг бүрэн тайллаа.
2013 оны 2-р сарын 26-нд Лондон хот дахь Hammersmith Apollo театрт зөвхөн ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа 5 минутын дотор дуусан тул продюсерууд Дэлхийг тойрсон бүрэн хэмжээний аялан тоглолт хийхээр шийдвэрлэжээ. Тэд Британи даяар эхлүүлэх нүсэр аялан тоглолтынхоо өмнө Монгол улсад ирж тоглолтоо хийхээр болсон юм.
Энэхүү шийдвэрийг гаргасныхаа дараагаар BLUE хамтлаг өөрсдийн албан ёсны цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулж Дэлхийг тойрох аялан тоглолтын нэгийг Монголд хийх болсоноо зарлаж үзэгч фэнүүдээ баярлуулсан билээ.
Хамтлагийнхан болоод менежерүүд, хөгжимчид бусад дагалдах хүмүүсийн хамтаар 9-р сарын 13-ны өдөр Монгол улсад ирэх гэнэ.
Харин тоглолт 9-р сарын 14 нд төв цэнгэлдэх хүрээлэнд 19 цагт болно.
BLUE хамтлагийн цоо шинэ суперизүүдээс танилцуулахад өөрийн амьд хөгжмийн хамтаар ирж байгаа ба үзэгчиддээ орчин үеийн шоу, концертийн хэв загвар, дуу хөгжмийн гайхамшигтай аялгууг мэдрүүлэх гэнэ. Мөн Монголын охидын нэгэн хамтлагтай хамтарч дуулах бөгөөд хамтарч дуулах охидын хамтлагийн нэр одоогоор нууц байна.
Энэхүү тоглолт нь Мандал Женерал Даатгал компаниар бүрэн даатгагдаж байгаа бөгөөд BLUE хамтлагийн гишүүд болоод тоглолтын тасалбар худалдан авсан үзэгч бүхэн хамрагдан хамгаалагдаж байгаагаараа онцлог юм.
Тоглолтын тасалбар дотроо чип бүхий ухаалаг картаар хийгдсэн ба нууцлалын өндөр түвшинд бүтээгдсэн учир хувилах боломжгүй юм байна.
Билетийн үнэ: байрлалаасаа хамааран 30,000 60,000 гэсэн ханштай байна.
Тасалбарыг www.evento.mn, easyticket.mn, HiFi Orange Records-ийн салбаруудаар худалдаалах ба UB лавлах 1617, 1109-өөр хүргүүлэн авч болох юм байна.
Тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч Мягмар гэгч залуу BLUE хамтлагийг анх байгуулагдсан цагаас гарсан бүх сидиг цуглуулан байсан юм. BLUE хамтлагийнханыг угтан авах фэнүүд нийгмийн сүлжээгээр холбогдож нэгдсэн зохион байгуулалттайгаар Чингис Хаан нисэх буудлыг 13 өдөр зорих юм билээ. Холбогдох хүмүүс www.evento.mn рүү орж мэдээлэл аваарай.
О.Наранцацралт
Ugluu.mn