Тахарын албыг татан буулгасантай холбоотойгоор шүүхийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцаж байгаа. Цаашид цагдаагийн алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад хэр бэлэн байна вэ гэдэг асуудлаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.
-Тахарын алба шинээр байгуулагдаад гурван жил гаруй болоод татан буугдсан байсан. Саяхан Сүхбаатар дүүргийн шүүх хурал дээр яллагдагч хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Энэ нь шүүхийн танхимд аюулгүй байдал алга байгааг харуулсан явдал боллоо?
-Тийм ээ. Аюулгүй байдлын үүднээс шүүх хуралдааны дэг журам сахиулах нь хамгаалалтын цагдаагийн үүрэг болохыг “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д тодорхой заасан. Шүүх хуралдааны үеэр яллагдагч амиа хорлохыг завдсан үйлдэл нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд мэргэшсэн албан хаагч чухал болохыг нотолсон зүйл боллоо. Өөрийгөө хэрчих нь битгий хэл шүүгчдийн хоолойг хэрчихэд бэлэн байгааг харуулж байна. Энэ нь цагдаагийн байгууллага, түүний алба хаагчид татан буугдсан Тахарын албаны хэмжээнд мэргэших хүртэл шүүх, шүүгчийн аюулгүй байдал эрсдэлтэй хэвээр байгааг харуулсан. Одоо үйлчилж байгаа Цагдаагийн албаны тухай хуульд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар ганц ч үг, үсэг байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч, шүүхийн аюулгүй байдал энэхүү хуулийн гадна үлдэж хоцорчээ. Энэ цоорхойг одоогоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-аар нөхөх гэж хичээж байна. Саяхан буюу 2016 оны сүүлээр Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан “Цагдаагийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” гэж оруулсан байна. Түүнчлэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд “Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүч хэрэгсэл хүрэлцэхгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын цэрэг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх үүргийг гүйцэтгэнэ” гэж тусгасан байна. Энд дурдсан хоёр хуулийн төслийг Улсын Их Хурлаас саяхан хэлэлцэхээр болсон. Хуулиар цагдаагийн байгууллага шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахаар болж байгаа нь сайшаалтай хэдий ч үүгээр санаа амарч болохгүй. Гол нь цагдаагийн алба энэ чиглэлээр онцгойлон анхаарч, тусгайлан мэргэших нь зүйтэй.
-Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн байгууллага хариуцаж байгаа. Дотоодын цэргийн тухай шинэчилсэн хуульд энэ чиг үүргийг Дотоодын цэрэг хариуцахаар санал тусгагдсан яваа. Гэтэл Тахарын албанаас илүү өндөр зардалтай тусгагдсан гэсэн мэдээлэл байна?
-Миний хувьд энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна. Зарчмын хувьд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд “мөнгө харамлаж болдоггүй”. Учир нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлын цаана шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал төдийгүй иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, эрхээ хамгаалуулах эрх ашиг ямагт дагалдаж байдаг. Ер нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг зөвхөн шүүх хуралдааны танхимд хамгаалалтын цагдаа байлгахаар ойлговол өрөөсгөл болно. Олон улсын хэмжээнд 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн террорист халдлагын дараагаар шинжээчид судалгааны үр дүнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой үндсэн арван хүчин зүйлсийг тодорхойлсон байдаг. Үүнд үйл ажиллагааны аюулгүй байдал; барилга, байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөлт; онц байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээ; гамшгийн үед нөхөн сэргээх арга хэмжээ; аюул, эрсдэлийн үнэлгээ; осол, аюулыг тайлагнах; санхүүжилт; аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг бэлтгэх, түүний зардлыг шийдвэрлэх; хүний нөөц, хамтын ажиллагаа; шүүхийн байрны шинэ зураг төсөл хамаардаг. Эндээс хэлэхэд, аль шүүхэд аюул, эрсдэл хамгийн их байгааг үнэлгээ хийж тодорхойлоод, түүнд нийцсэн иж бүрэн арга хэмжээ авах нь чухал байгаа юм.
-Сэжигтэн, яллагдагчдыг шүүх хурал руу оруулах-даа нэгжиж оруулдаггүй юм уу?
-Нэгжиж оруулдаг. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамд энэ талаар тодорхой заасан. Тодруулбал, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны журам сахиулах талаар хамгаалалтын офицер, хамгаалалтын цагдаагийн хэрэгжүүлэх ажиллагаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, ялтанг хуяглан хүргэгчээс хүлээн авч, яллагдагч, ялтны хувийн байдлыг магадлан холбогдох бичиг баримттай нь тулган шалгах, бие, эд зүйлд нь үзлэг хийх ажил ордог. Мөн шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд оролцогчид болон хурлын танхимд ирсэн бусад хүмүүсийн биедээ авч яваа зүйлийг шалган галт болон хүйтэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад эд зүйл илэрсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэн түр хураан авч, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн, хүлээлгэж өгөхөөр зохицуулсан байгаа.
–Зарим яллагдагчийн гарт гав зүүдэг. Заримыг нь гавладаггүй. Гав зүүх нь хүний эрх талаасаа хууль зөрчих үү?
-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамд цагдан хоригдсон яллагдагч, ялтны гар, хөл, хурууны гав болон бусад тусгай хэрэгслийг тухайн хамгаалалтын офицерын зөвшөөрлөөр тайлж салгахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, заавал гавтай, гавгүй байлгах талаар заагаагүй. Гол нь тухайн этгээд шүүх хуралдааны танхимд байгаа оролцогчдод аюул учруулах эсэхээс хамаарахаар байгаа юм. Нөгөө талаар яллагдагч гэдэг хүний хувьд гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй этгээд учраас гавтай байлгахыг урьтал болгох шаардлагагүй санагддаг. Энэ асуудал шүүх, шүүгчийн аюулгүй байдлын эрсдэлд түвшнээс хамаарах болж байна.
-Ер нь шүүх, шүүгчийн аюулгүй байдалд заналхийлсэн, халдсан тохиолдол урьд нь хэр их гарч байсан юм бэ?
-Шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүгчийн биед халдсан гэмт хэргүүд гарсаар байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл буюу шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийг 2014-2015 онд шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол дөрвөн удаа гарсан байна. Үүнээс гадна Тахарын ерөнхий газраас зөвхөн есөн сарын хугацаанд шүүгч, улсын яллагч, гэрч, хохирогчдын хамаарал бүхий нийт 64 иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгаа юм. Энэ бол маш ноцтой тоо баримт. Тиймээс ч шүүх, шүүгчийн буюу шүүн таслах ажиллагааны оролцогчийн аюулгүй байдлыг хангах бодит шаардлага байгаа нь үүнээс харагдаж байгаа.
-Тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байсан талаар мэдээлэл өгөөч?
-Өмнө нь шүүхийн байруудыг мэргэжлийн бус хүмүүс хамгаалдаг байсан. Тахарын албаны албан хаагчдын хувьд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшүүлэх болон дахин мэргэшүүлэх сургалтад удаа дараа хамрагдсан. Тахарын албанаас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд шүүхийн байруудад согтууруулах ундааны хувь тогтоогч, металл илрүүлэгч болон бичиг баримт хуулбарлагч скайнер байрлуулсан. Шүүхийн байруудад анхны түргэн тусламжийн хайрцаг болон өвчтөнг зөөх дамнуургыг бэлэн байлгаж шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн биеийн байдал гэнэт муудах зэрэгт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Өмнө нь шүүхээс хүсэлт гаргасны дагуу цагдаагийн ажилтан шүүх хуралдааны дэг сахиулдаг байсан. Тахарын албаны мэргэшсэн алба хаагчид хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн дагуу шүүх хуралдааны 212557 оролцогчийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Эндээс харахад Тахарын алба бол зөвхөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах тал дээр маш их ажил хийсэн, маш хэрэгтэй алба байсан нь харагдаж байна. Одоо цагдаагийн алба, дотоодын цэрэг хамтраад энэ орон зайг богино хугацаанд, иж бүрнээр нөхөх хэрэгтэй болж байна.
-Бусад улс орон, олон улсын жишигт шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиг үүргийг ямар алба хэрэгжүүлдэг юм бэ?
-Олон улсын хэмжээнд онц ноцтой гэмт хэргүүдийг үр дүнтэй шийдвэрлэх, бие даасан шүүх, хараат бус шүүгчийн үйл ажиллагааны гол хүчин зүйл нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх тусгай алба гэж үздэг. Тухайлбал, ийм тусгай албанд ОХУ-ын Холбооны шүүхийн дэргэдэх хууль сахиулах алба, Тайванийн Шүүхийн цагдаагийн алба, Макаогийн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба, Францын Үндэсний Жандармерын алба, Канадын Шерифийн алба, АНУ-ын Маршалын албыг тус тус нэрлэж болно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь нэг удаагийн шинжтэй бус, байнгын тогтмол, мэргэшсэн үйл ажиллагаа тул энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгай алба тодорхой стратегитай, гэмт халдлагын нөхцөл байдалтай уялдаж ажиллах шаардлагатай байдаг.
Б.ДОЛЗОДМАА
Эх сурвалж “Өдрийн сонин”