Монголын улс төрийн намуудын түүхэнд АН анх удаа бүх гишүүнийхээ санал хураалтын дүнгээр даргаа сонгох гэж байна. Хоёр хоногийн дараа энэ сонгууль болно. Энэ сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа.
АН энэ сонгуулиа бусад намд үлгэр дууриал, сайн жишиг болно гэж үзэж буй. Энэ үнэн. Гэхдээ энэ нам үүнийхээ төлөө нэлээд зүйлийг золиослож байх шиг байна. Нэр дэвшигчид нь бүгдээрээ их, бага хэмжээний хар бараан түүхтэй, алдаа оноотой болохыг олон нийтэд дэлгэж байна. Уг нь тэд тавуулаа намынхаа лидер. Эднийгээ нийгэмд тэгж харагдуулсан нь АН-д чухам ямар үр дүн авчрахыг хэлж мэдэхгүй. Ямартай ч сайн үр дүн бол ирэхгүй. Нөгөө талаар нэр дэвшигчдээ даган хуйларч, тав хуваагдсан гишүүдийнхээ урсгалыг нэгтгэж ажиллана гэдэг АН-ын шинэ даргаас ихээхэн ухаан шаардах болж байгаа юм. Энэ бүгдээс харахад АН-ын гишүүд хамгийн оновчтой, зөв сонголтоо хийж дээрх эрсдлүүдийг эсэн мэнд давна гэсэн үг.
Хамгийн гол нь АН-д цэгцтэй, улс төрд эзэлсэн байр сууриасаа буухгүйгээр цааш явах улс орны хэмжээний шалтгаан бий. Энэ бол хэн нэгэн дарга, фракцуудынхаас нь дээгүүрт тавигдах ёстой сөрөг хүчний үүрэг юм. Тэгэхээр АН давж, сөрж чадах, бас ухаалаг шийдэл гаргаж чадах даргыг л сонгох хэрэгтэй болж байгаа юм. Тэр нь хэн байх вэ.
Таван нэр дэвшигчийг жин дээр тавиад үзэж болно. Гэхдээ шалгуур нь дээр тавигдаж буй үндсэн шалтгаанд нийцэж байх учиртай. Ингээд үзвэл яг ийм цаг үед АН-д Н.Алтанхуягаас өөр даргын сонголт харагдахгүй байгаа юм.
Өнөөдөр МАН дангаараа засгийн эрхийг барьж байгаа. Эрх барьж байгаа учраас бүгдийг өөрсдийнхөөрөө шийдэж байна гэсэн үг. Тэдэнд 1990-ээд оноос хойш Монголын улс төрийн үндсэн зарчим, олон намын тогтолцооны суурь бүтэц болох сөрөг хүчин шаардлагатай болоод байгаа. Яг одоо бол сөрөг хүчин алга. Гэхдээ энэ орон зайг АН л дүүргэнэ. Ингэхийн тулд сөрж чадах дарга л АН-д хэрэгтэй. Энэ бүгд Н.Алтанхуягийг АН-ын дарга байлгахаас өөр аргагүй болгож байгаа юм.
Өнгөрсөн түүхүүдийг аваад үзье л дээ. 2008 оны сонгуулийн дараа МАН, АН хоёр ойролцоо суудал авч, С.Баяр, Н.Алтанхуяг нарын ойлголцлоор “Стандарт бус” Засгийн газар байгуулж ажилласан. Өөрөө тэр Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажилласан. Харин 2012 оны сонгуулийн өмнө АН засгаас гарч, улмаар 2012 оны сонгуульд АН олонх суудлыг авч засаглаж байв. Мөн 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Н.Алтанхуягтай л холбож таарна.
Ялалт зүгээр олддоггүй. Ялахын тулд ухаан зарж, хүч хаях хэрэгтэй болдог. Н.Алтанхуягийн ялалтуудаас тэр бүхэн харагддаг. Гэхдээ АН-ын өнгөрсөн сонгуулийн ялагдал нь яг үнэндээ ганц, нэг фракцуудын лидерүүдээс л болсон байдаг. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсны дараах үйл явдлуудыг нэхэн санавал бүх хариулт гараад л ирнэ. Өнөөдөр тэр тухай хэн ч ярихгүй, яг ийм л байсан юм шигээр хандаж байна. Юм үнэнээрээ сайхан.
Таван нэр дэвшигчийг харъя. Ганцхан жишээгээр бодоод үзье. Тавхан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Түүнээс өмнө Тавантолгой, энэ тэр гээд олны эрх ашгийг хөндсөн олон асуудал шийдэгдэж магадгүй байна. Энэ бүхнийг сөрөөд давах, тэгээд намаа ялуулах дарга хэн байхав. Үүнд бэлдэж, судалж, тэгээд ажилдаа орох хугацаа, орон зай АН-ын даргад байхгүй. Тэгэхээр үүнд бэлэн хүнээ л сонгож таарах гээд байгаа юм. Тэр хүн нь мэдээж Н.Алтанхуяг болж байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд намаа удирдаж байсан түүхээс нь харахад Н.Алтанхуяг аливаа асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэж байсангүй. Магадгүй энэ нь Засгийн газраа огцруулуулж, намын даргын албан тушаалаа зүв зүгээр өгөөд бууснаас харагдах байх. Харин одоо бол АН-д ийм арга барилтай удирдагч л хэрэгтэй болоод байгаа.
Үүнээс гадна улс орны хэмжээний асуудлын талаар өнөөдөр эрх барьж буй хэнбугайнх нь ч өмнөөс үгээ хэлчих зориг түүнээс гарна. Ийм сөрөг хүчний удирдагч Монголд хэрэгтэй байгаа юм. Эцэст нь хэлэхэд, монголчууд “таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр”-өө илүүд үздэг. Тийм л дээ, Н.Алтанхуяг бол зөвхөн намынхандаа бус ард түмэндээ өөрийгөө мэдрүүлчихсэн “таньдаг чөтгөр” нь юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин