Он гарсаар 45,4 мянган иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ

Улаанбаатар хотод 738,0 мянган хөдөлмөрийн насны иргэн байгаагаас 382,8 мянган эдийн засгийн идэвхитэй, 140,0 мянган суралцагсад, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлтгүй иргэд эзэлж байна.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45,4 мянган иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдаад байгаагаас эдгээрийн 15,4 мянга нь шинээр бий болсон ажлын байранд, 17,0 мянга нь байнгын сул чөлөөтэй ажлын байранд, 13,0 мянга нь түр буюу улирлын чанартай ажлын байранд зуучлагджээ. Харин нийслэлийн хэмжээнд 31,0 мянган сул чөлөөтэй ажлын байрны захиалга ирж, 18,3 мянган иргэн ажил идэвхитэй хайж бүртгүүлсэн байна. Эдгээр ажил идэвхитэй хайж байгаа иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд зуучлахын тулд шаардлагатай сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа гэж нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тунгалаг хэлж байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг тус  газраас хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Хэдийгээр хөдөлмөр эрхлэлтийн идэвхитэй үйл ажиллагааг явуулж байгаа ч Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт ихэссэнээс хэт төвлөрөл бий болж, жилд дундажаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж, 40,0 мянган оюутан залуучууд хөдөлмөрийн зах зээлд нэмэгдэж байгаа нь ажилгүй иргэдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна  албан бус хөдөлмөр эрхлэгчид болон ажиллах хүчний мэргэжлийн түвшин, өрсөлдөх ур чадвар сул, хөдөлмөрийн үнэлэмж бага зэргээс шалтгаалан ажилгүйдэл төдийлөн буурахгүй байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …