“Уламжлал ёс”-оор “төгс буянт”-ын билгийн улирлын цагаан сарын шинийн нэгнийг тэмдэглэх маань хаяанд ирэв. Өнөө жилийн хувьд цагаан сар ихэд оройтож, бараг гурав дугаар сарын босгонд тулж тохиосон, дээр нь байгаль цаг агаар ч ихэд дулаахан байгаа тул айл, амьтны банш бууз нь хөлдөж өгөхгүй нэлээд сандаргаж буй бололтой. Бас эдийн засгийн байдал, ард олны амжиргаа урьд урьдынхаас мөлгөрдүү байгаа болохоор ийм үед байтухай элбэг дэлбэгдүү үед ч бараг толгойн шар ус болох шахдаг ууц, шүүс, бэлэг сэлт гэх мэттэй холбоотой өөрөг сөөрөг /эерэг, сөрөг/ санаа бодлууд аанай л харшилдаж байх шиг байна.
Цагаан сарыг үндэсний хамгийн том баяр ёслол гэцгээдэг болохоор дээрх мэтэд нэг их хүч алдахгүйгээр болдог юм болдогоороо, хотол зоноороо золгуут зочоо гүйцээн, тав зургаан хоног налайтал амрах нь мэдээжийн хэрэг. Тэгтэл бас нэг базаахгүй зүйл цагаан сарын настринийг /уур амьсгалийг/ маань тээглэж, тэвхлээд байгаа нь жил өнжөөд ч юм уу, эсвэл хоёр жил өнжөөд заавал давтагдах болсон цаг тооллын маргаан, мэтгэлцээн юм. Өнөө жил энэ мөчлөг нь бас тохиож байгаа учир дорнын буюу шар зурхайг баримтлагсад европ тооллоор өнгөрсөн нэг сарын 28-нд Азийн бусад орнуудтай зэрэгцээд сар шинээ тэмдэглэчихсэн. Бас зарим нэг нь Монголын эртний язгуурын уламжлалаа сэргээх нь зөв гэж үзээд, намар европ тооллын есөн сарын 22-нд ёслол үйлээ хийдэг болчихсон байдаг.
Итгэл үнэмшил, сэтгэл зүйн ийм хуваагдлын дунд амьдарч буй өнөөдрийн нөхцөлд цагаан сар, золголт гэж дарвин, хөгсөхийн зэрэгцээгээр нэг нэгнээсээ ялгаа зөрөө бүхий үзэл баримтлалуудын аль нь илүү үнэнд дөхүү, монголчуудын язгуур эрх ашиг, улс орны онцлогт нийцэмжтэй байж болох гэдгийг давхар эрэгцүүлэн бодохгүй байж ч бас боломгүй мэт.
Тэрбээр өдгөөгөөс арван гурван жилийн өмнө энэхүү цагаан сарын маргаан гэгч “шинэ үзэгдэл” эхэлсэн гэх. Түүнээс хойш зарим үед завсарлагатай, заримдаа ч завсарлагагүйгээр жил жилийн өвлийн дундуур энэ маргаан сэдэрдэг ч түүнийг хагалж, нэг тийш болгох нөхцөл зохис нь одоо хүртэл бий болоогүй л байна.
Маргааны гол төлөөлөгчид нь Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн зурхайч мэргэд сонгоол М.Намсрай, Монголын зурхайчдын холбооны тэргүүн зурхайч Л.Тэрбиш болон түүний хамсаатнууд болох Гандандэгчилэн хийдийн лам нар юм. Мөн төдийлөн маргаж, зүтгээд байдаггүй боловч эртний Монголчуудын язгуур заншлаар намар цагаан сарыг тэмдэглэх үйлийг өөрийн биеэр үлгэрлэж, чадаж байгаа гэх Арго багш нарын хүмүүс хийгээд үүнийг түүхэн баримтанд тулгуурлан тайлбарлаж сэнхрүүлэгч хэсэг болох Түүхч, зохиолч профессор Н.Нагаанбуу агсан тэргүүтнүүдийн үзэл баримтлал ч тодорхой түвшинд нөлөөгөө тогтоожээ. Тэдгээрийг хэрэг болгон дурьдаж буй нь уншигчид учрыг гадарлахад дөхөмтэй гэдгийг бодолцсон хэрэг боловч олон түмний ихэнх хэсэг нь эдгээрийн учир начрыг тунгаахыг ер хичээдэггүй, усны урсгал, салхины чиглэлд туугдан амьдарцгаадаг гэвэл төдий л хэтрүүлсэн болохгүй байх.
Бас эдгээрийн учрыг нэлээд сайн гадарлаж байгаа хэдий ч дуугарч, үнэн мөнийг олоход түмнийг уриалахаасаа аль болох зайлсхийн, хал балгүй чимээгүйхэн байхыг хичээдэг хэсэг ч цөөн бус байгаа нь анзаарагддаг.
Дээр үгүүлсэн тус, тусын үзэл баримтлал бүхий онол, чиглэлүүдийн тухай мэдээллүүд хэвлэл мэдээлэл зэргээр бишгүйдээ түгээгдсэн хийгээд манай сонин ч жил болгон халшралгүй олон нийтийг энэ тухай эрэгцүүлэлд өдөөж байсан болохоор энэ удаад дахин улиглан нуршихыг тэвчив. Дээр нь сар хүрэхгүй хугацааны өмнө бид мөн л энэ асуудлыг хөндөж “МАРГААНААС ГЭТЭЛГЭХ МОНГОЛ АМИН ЗУРХАЙ” хэмээх танин мэдэхүйн томоохон нийтлэлийг уншигчдад хүргэсэн гэдгийг ч “хаширалгүй” сануулахад юуны буруу гэж…
За яахав… цагаан сарыг хэзээ тэмдэглэх тухайд ингээд орхиё гэж бодоход хэрхэн тэмдэглэх тухайд бас л наанатай, цаанатай зүйлүүд бишгүй бий. Адаглахад л дээр цухас дурьдсан бэлэг шүлт, ууц шүүстэй холбоотой асуудал хүн болгонд ямар нэг төвөг бэрхшээлгүй, төгс зохиролд хүрсэн гэж үзэх боломжгүй байгаа. Түүнчилэн цагаан сарын таваг идээ засах гэх мэт ёс заншил маань явж, явж бас л үндэсний гэхээсээ илүү Монголд манжийн төр ноёрхож байх үед тэдний далд санаа бүхий нарийн учир начирт бодлогоор бий болгосон зүйл болж таараад байгаа. Энэ тухай домог хууч хийгээд түүхч судлаачийн гаргаж ирсэн баримт дүгнэлт сэлтийг бид өмнө нь нийтлэж байсан. “Төгс буянт” зурхайд байдагчилан цагаан сарын шинийн нэгний өглөө мөр гаргах гэх мэт ёсонд сүүлийн жилүүдэд ард зонхиороо ихээхэн шүүмжлэлтэй хандах болов.
Жишээ болгож өнгөрсөн жилийн “төгс буянт”-ын цагаан сарын өмнөхөн манай сонинд хэвлэгдсэн нэгэн ярилцлагаас эш татъя. Уг ярилцлагад судлаач Ч.Жавзанчулуун үгүүлэхдээ “Төвдийн литэд байх найман хөлөл гэгчийг үндэслэн, тийм жилтэй хүн тэр жилд тийм, тийм юман дээр сууна гэнэ. Тэгээд уулан дээр суусан хүн нэг зүгт мөрөө гаргаж яваад чулуу хөдөлгөх гэх мэтээр номлоно. Энэ бол Монгол ухаан, язгуурын Монгол зан заншилтай зөрчилддөг юм.
Монгол өвөг дээдэс маань “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог, нутгаасаа холдсон хүн насан турш уйлдаг” гэж сургасан байдаг. Модон дээр суусан хүн нэг зүгт яваад мод хөдөлгөнө гэх. Гэтэл “ургаа юу модыг хөдөлгөвөөс үндэс нь хөдлөх” тул дараа нь тэр соёолох уу? Эс бөгөөс тасарсан мөчир ч юм уу газраас ургаагүй модыг хөдөлгөвөөс тэр модонд амь байх уу? Амьгүй зүйлийг хичнээн хөдөлгөөд мөнөөх бэлгэдэлд амьд утга цогцлохгүй гэх мэтийг бидний Монголчууд эргүүлж тунгааж бодох ёстой. За түүнчлэн огторгуйд суусан хүн цаас хийсгэх гэж номлоно. Цаасан дээр бид бичиг бичиж ном бүтээдэг. Тэгэхээр үүнийгээ хийсгэн зайлуулах болох нь. Хэдэн жилийн өмнө Тэрбишийн бүтээдэг түвд цаг тооны бичиг дээр “мод хугалах”, “цаас урж хаях” гэх мэтээр номлодог байсан бол одоо арай зөөлөрч, алдаагаа засаж байгаа нь тэр юм уу, “мод, чулуу хөдөлгөх”, “цаас хийсгэх” гэдэг болсон байна лээ. Энэ мэтээр төвдийн ёс Монголын язгуур ёс заншилтай нийцэхгүй гэдгийг манайхан бодож тунгаах ёстойсон” гэжээ.
Энэ мэтээр эрэгцүүлж тунгаах зүйл олон бий ч бид нэгэнт хэвшил болсноосоо гарч чадахгүй, дороо эргэцсээр, ёстой л нөгөө “хөмөрсөн тогооны доторхи шиг…” болж байгаа юм биш биз гэсэн хар ч төрөх шиг.
Одоо эл бүгдийг түр орхиж, эргэн тойрноо ажиглан харвал мөнөө л олонхийн нэгэн хэвшилдээ баригдан, зууралдсан амьдралын тойрог эргэдэгээрээ эргэж, “төгс буянт”-ын ээлжит “цагаан сар” маань эхэлж байна.
Банш бууз хөлдөхгүй жаал зовоосон ч гэлээ өнөө жил бараг л бүтэн долоо хоногийн турш, ужиг уртаар амар тайван цагаалцгаана даа !
Сар шинэдээ “даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, тором бөхтэй” (дашрамд хэлэхэд энэ нь Монголчуудын намар цагаалж, оноо эхлүүлж байсан үеийн бэлгэдлийн үг юм. Учир нь намрын энэ үеэр мал сүргийн тараг тэвээргээр жилийнхээ өнгийг шинжин болгоодог давхар учир начир байсан гэх) элбэг хангалуун шинэлж, айл хотлоороо золгон, баярлацгаахын ерөөл талбия !
Хиргис Г.Төрмөнх
2017.02.20