“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн ялагч Александр Шепс фото зурагны далд шид, зураг авхуулах “хоббитой” хүмүүсд ямар гээч аюул нүүрлэж болох тухай анхааруулж байна. Фото зураг нь хайртай хүндээ хор учруулж ч болох асар их хүчтэй энерги агуулдаг болохыг камерын өмнө элдэв янзаар дүрээ мөнхлөх гэж хичээдэг нэгэн олж уншаад гайхаж цочих нь лавтай. Зөн билэгчийн хэлж байгаагаар толь болон фото зураг нь далд шидийн асар их хүчтэй тул энэ хоёр аюулыг зэрэгцүүлж, улам их аюул бөөгнөрүүлэхийн хэрэг юу билээ?!
Толины хажууд зураг авахуулж байгаа үедээ хүн элдэв аюул, хар цагаан хэл аманд өртөхөөр их эмзэг орон зайд ордог. Зураг авахуулах үеийн бие махбодь, бодол ухаан, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлийг хадгалж үлддэг. Яг энэ цаг мөчид хүний сэтгэл санаа, сүнс сүлд бүгдээрээ “нээлттэй” бас их эмзэг мэдрэмтгий болсон байдаг тул танд муу санадаг, санадаггүй хэн ч зургийг тань харангаа магадгүй санаатайгаар биш ч нүдний хор унаган, атаархана.
Түүнээс гадна фото зураг болон толь өмнөхөөсөө ч дутуугүй өөр нэг аюултай. Толь хуримтлагдсан бүх мэдээллүүдээ хадгалсаар, Александр Шепсийн хэлж байгаагаар ихэнх толь асар их хэмжээний сөрөг энергийг хуримлуулж цуглуулсан байдаг. Ингээд толинд харангаа энэхүү орон зайд орж гарсан хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, санаа бодол, элдэв мэдээлэлтэйгээ хамт он жилийн уртад шингээгдсээр, эерэг сайнаасаа илүүтэй сөрөг муу энергийн “цөмийн бөмбөг” шиг болно. Иймд толины хажууд зураг авахуулснаар дүр нь тэрхүү бөөн сөрөг мэдээллийн ”эх үүсвэртэй“ хамт мөнхлөгдөж сэтгэл санааны тогтворгүй байдал, өвчин эмгэг, амьдралд азгүйтэл, бүтэлгүйтлийг дагуулдаг байна. Толины хажууд авахуулсан зураг тэр хүний ажил амьдрал, албан тушаал, эргэн тойрны хүмүүсийн хоорондын харилцаанд гээд аливаа бүхэнд зөвхөн сөрөг муугаар нөлөөлсөөр эцэсд нь хувийн амьдралыг нь сүйтгэхээс гадна, хамгийн гол нь тухайн хүний сэтгэл санааг нэг мөр үгүй хийнэ. Хэрвээ энэ хүн энергийн хувьд ямар нэг хамгаалалтгүй бол аажим алгуураар эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь улам бүр суларч муудсаар л байх болно.
Александр Шепс зураг бүр дээр хүний сүнс сүлд, сэтгэл санааны өчүүхэн бага ч гэсэн хэсэг хэлтэрхий үлдсээр байдаг тул байнга зураг авахуулахгүй байхыг анхааруулж байна. Түүнээс гадна өвчтэй хүнийг унтаж байхад нь зургийг нь авч болдоггүй гэнэ. Унтаж байгаа хүний зурган дээрх дүр тухайн хүний энергийн бүрхүүлийг сулруулснаар хар муу юманд өртөмтгий болно. Хэрвээ удтал өвдсөн хүн зургаа авахуулсан бол тэрээр хэзээ ч эдгэрэхгүй эрсдэлд орж байгаагийн шинж гэнэ. Зургийн хальс түүний өвдөж шаналсан дүр, сөрөг энергийг хадгалж үлдэх тул эдгэрэх тухайг эргэлт буцалтгүйгээр мартах нь бололтой.
Александр Шепс өөрөө өмнө нь мэргэжлийн фотомодель байсныг санаж байна уу? Тэрээр асар олон удаа зураг авалтанд оролцох шаардлагатай болдог байсан ч тэр үед тэр далд ертөнцтэй холбоотой өнөөгийн ажлаа хийж байгаагүй тул энэхүү зурагнууд хожмын амьдралд нь хэрхэн яаж нөлөөлөх тухай бодож ч байгаагүй гэнэ.
АЖИЛ, АЛБАН ТУШААЛД АМЖИЛТ ДАГУУЛАХ САХИУС
Гялалзсан амжилтад хүрэхийг мөрөөддөг хүмүүст Александр Шепс нэлээд хэдэн ашигтай зөвлөгөө өгч байна. Бизнес, албан тушаалд амжилт дагуулдаг сахиус болгон ажил хэрэгч хүн бүрийн өдөр тутам хэрэглэдэг ердийн зүйлсийг ашиглаж болно гэдгийг сонсоход үнэхээр гайхахгүй байхын аргагүй. Хүний байнга хэрэглэдэг, дасаж сурсан аливаа эд зүйл онцгой энергитэй байдаг. Иймд ажилдаа амжилт дуудахад чухамдаа эдгээр зүйлсийг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой тухай Александр Шепс өгүүлээд гагцхүү зарим нэг эд зүйлийн ид шидийн өвөрмөц мөн чанарыг мэдэж авах шаардлагатайг сануулж байна.
Үзэг. Зөвхөн сайны ерөөлтэйгөөр бэлэг болгон авсан үзэг л ид шидийн гайхамшигтай чанарыг агуулдаг гэнэ. Үзэг хэмээх энэхүү сахиусны хамаг хүч хурц үзүүртэй хэлбэрт нь оршдог. Таны сахиус аливаа нэг бодлогогүй алхам хийхээс сэргийлж чадна. Зөв сонголт хийж, шийдвэр гаргахын тулд эргэлзээнээсээ салах хэрэгтэй. Чухам ийм тохиолдолд та гартаа үзгээ эргүүлээрэй. Үнэн зөв шийдэл өөрөө толгойд тань ороод л ирнэ. Аз дагуулсан үзгээ биеэсээ салгаж болдоггүй. Аливаа бичиг баримт, гэрээ хэлцэлд зөвхөн энэ үзгээрээ гарын үсэг зурснаар ажил тань амжилттай, та өөрөө сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно.
Цаг. Ажил алба, бизнест амжилт хүсдэг хэнд ч цаг хамгийн хүчтэй сахиус болно. Ялангуяа даруухан, шийдэмгий бус хүмүүст өөртөө итгэх асар их итгэл төрүүлдэг хамгийн тохиромжтой сахиус. Түүнээс гадна цаг гэрээ хэлэлцээний явцад их таатай нөлөөлдөг гэлцдэг. “Хэрэгтэй хүнтэйгээ” харилцах явцад өөртөө илүү их боломж, хүссэн ашиг олж авахын тухайд том бугуйн цаг сахиус болгон зүүх хэрэгтэй гэнэ.
Тэмдэглэлийн дэвтэр ч нэг адил ид шидийн асар хүчтэй сахиус болж чадна. Өөрийнхөө ажлын өдрөө зохицуулж, хувиарлахдаа тааруу, аливаа ажлаа амжуулж чаддаггүй нэгэнд хамгийн тохиромжтой чухал зүйл. Хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд энэхүү сахиус их үүрэгтэй байж чадна. Санаж сэдсэн, бодож төлөвлөсөн ажилдаа толгой нь эргэсэн уймраа нэгэнд хамгийн хэрэгтэй сахиус. Тэмдэглэлийн дэвтрийн тань цаасны энерги бүх ашигтай мэдээллийг цуглуулж, хэрэггүйг нь хасангаа эзэндээ төлөвлөсөн ажлаа бүтээхэд нь хамгийн шаардлагатай санааг өгөх болно.
МУУ ЁРЫН ЮМ ЯМАР ХҮНД ШИНГЭДЭГ ТУХАЙ
Александр Шепс хүмүүст энерги сорогч гэж хэн болох, хүнд ямар хор хохирол учруулдаг тухай өгүүлсэн юм. Ихэнхдээ хүмүүс өөрсдөө өөр лүүгээ муу юм дуудаж тогтоочихоод түүнээсээ болж шаналж зовж явдаг тухай өгүүлсэн.
Хараал хийдэг, хар муу юм үйлддэг хүмүүсийн элдэвлэл, нүдний хор, атаархал энэ тэр гэдэг хүнийг энергийн түвшинд хордуулахтай харьцуулахад тийм ч аймшигтай зүйл биш бололтой. Ид шидээс харьцуулшгүй илүү аюултай зүйл гэж бас байна. Энэ бол энерги сорогчид юм. Эдгээр хүний нүдэнд үзэгдэхгүй биес хүнд сөрөг нөлөө үзүүлэх гайтайгаас гадна амьдрах хүсэл сонирхлоо алдах, хүндээр өвдөх, сэтгэцийн хямралд ороход хүргэдэг. Эдгээр юмс өөр өөрсдийнхөө хэлбэр, өнгөөр ялгагддаг. Тэдгээрийн дунд хүнд эерэг нөлөөлдөг нь байдаг ч харамсалтай нь тийм ээлтэй сайн нь тун цөөхөн.Тэдний ихэнх нь хүний энергийг сорж тэжээгдэгчид.
Далд ертөнц нэг нь нөгөөдөө үзэгддэггүйн нэг адил тэдэнд ч бид харагдахгүй. хүмүүс бид ч зэрэгцээ орших тэднийг олж харахгүй анзаарахгүй яваа. Хүн гэдэг мөн чанарынхаа хувьд асар их туяа цацраасан өтгөн зузаан энергийн бөөм цөм бөгөөд үл үзэгдэгч муу юмс бидний араас гэтэж энергийг маань сорон энергийн бүрхүүл болох аурад нь нэвтрэн өөрсдийнхөө өгөөш болгодог.
Энэ мэтээр сорон шимэхийн учир нь нөгөө ертөнцийн эдгээр шимэгчид хүний энергээр тэжээгддэг. Тэд хүний сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, ааш араншин, биеэ авч явах чадварыг нь өөрчлөн хувиргаж хамгийн эмгэнэлтэй хор хохиролд хүргэнэ. Энерги сорогчид тэр бүр хүнд хүрч ойртож чаддаггүй. Сөрөг энергитэй хүмүүсийг тэд өгөөшөө болгон сэмхэн гэтэцгээнэ. Энерги сорогчид бол байнга ямар нэг юманд сэтгэл дундуур үглэж гоморхон цухалдаж явдаг, атаач, өөрсдийгөө аливаа бүхэнд буруутгаж хувь заяандаа гутрагчид, эргэн тойрныхондоо үргэлж муу санан хардаж сэрдэн, хор хүргэгчид юм. Өөрөөр хэлэхэд үзэн ядалт, уур бухимдал, түрэмгийлэл, хар муу санаагаар дүүрэн хүмүүст үргэлж хор хүргэгчид. Хүн сөрөг муу бодол тээхийн хэрээр мөн чанар нь улам эрчимтэй идэвхжиж, илүү их хүчирхэг хорлонтон болсоор байдаг. Нөгөө ертөнцийн хар муу энерги сорогчид гарч ирэхэд хүмүүс бид өөрсдөө буруутан нь юм.
Энерги сорогчдоос хамгаалагдахын тулд Александр Шепс дараах хэдэн зөвлөгөөг өгч байна: Сэтгэлийн хаттай болж өөрийгөө захирч жолоодох чадвараа хөгжүүлэх. Нөгөө ертөнцийнхнийг өөртөө ойртуулахгүйн тулд бясалгал хийх зэргээр өөрийгөө байнга хөгжүүлж илүү дээд түвшинд хүрэх. Байнга маани мэгзэм уншиж залбирдаг гүн сүсэг бишрэлтэй хүмүүст ийм муу юмнаас хамгаалагдах илүү амар дөт байдаг. Нэмээд хэлэхэд мэдээж сөрөг муу бодол, хар хорын санаанаасаа салах хэрэгтэй. Александр Шепс нэг бус удаа энерги сорогчтой таарч явсан бөгөөд “Зөн билгийн тулааны” зураг авалтын үеэр ч ийм явдал гарч байжээ. Нэг удаагийн тулааны үеэр Москвагийн ойролцоох тосгоны нэг байшингаас ийм нэг хар хүчийг хөөж зайлуулах хэрэг гарсан юм. Энэ байранд сүнс, чөтгөр шуламнаас ч аюултай энерги сорогч амьдарч байгааг хэн ч тааж мэдэхгүй байлаа.
АМЬДРАЛДАА ЭД БАЯЛАГ ДУУДАХ АРГА
Александр Шепс мөнгө дуудан өөрийнхөө амьдралд эд баялаг хэрхэн оруулж ирэх арга хэлж өгсөн юм. Нэлээд хүмүүс мөнгө дуудахад элдэв сахиус зүүлт хэрэглэдэг. Харин Шепс ямар нэг зүйлийг сахиус болгон хэрэглэхээсээ өмнө өөрөө өөртөө болон мөнгөнд хандах хандлагаа заавал өөрчлөх хэрэгтэй. Учир нь мөнгөнд дургүй, мөнгөтэй зөв зүйтэй хандаж харьцаж чаддаггүй хүн үрүү мөнгө хэзээ ч татагддаггүй гэж хэлжээ.
Нэгдүгээрт: Юуны өмнө санаж авах зүйл бол тэнгэрээс мөнгө, эд баялаг өөрөө буугаад ирэхийг бүү хүлээгээрэй. Зүгээр нэг гар хумхиад суугаад байхад мөнгө сая саяараа толой дээр унаад ирэхгүй нь мэдээж. Хүний энерги зөвхөн хүсэл мөрөөдөлдөө чиглээд зогсохгүй, мөнгөтэй болох чинээлэг сайхан амьдрах тухай бодол тээж хичээж зүтгэх хэрэгтэй. Зорилготой, хатуу чанд итгэлтэй, үйл мөр нь зөв байхад үйлс заавал бүтдэг жамтай. Үг хэл, үзэл бодол, үйлдэлтэйгээ зөрж байх учиргүй.
Хоёрдугаарт: хахир харамч зангаасаа салахыг хичээгээрэй. Харамч нарийн хүмүүс сөрөг муу энергийн нөлөөн дор байх эрсдэлтэйгээ хамт аливаа өчүүхэн бага зүйл дээр ч арвилж гамнаж байдаг. Хямдхан юм сул энерги агуулдаг тул үргэлжийн мөнхөд чанар муутай хямдхан юмсын дунд байсаар сэтгэл санаа уруу дорой, мөнгөгүйдэл, өвчин салахгүй зовооно. Түүнээс гадна аливааг хэмнэх нарийлах гэсэн муу зуршил нь харамч зандаа дийлдэн, орлогоо нэмэгдүүлэх тухай санаж сэтгэхийн оронд яаж жаахан хэмнэх вэ? гэсээр … ухаанаа барна.
Гуравдугаарт: Хүнийг баян чинээлэг болоход хамгийн ихээр саад болдог нэг зүйл бол атаархал. Ойр дотныхон болон танил нэгнийхээ элбэг хангалуун байдалд атаархаж явдаг нэгэн үхмэл цэгт гацаж өөдөө дээшээ биш, зөвхөн улам уруудаж дорддог. Атаа жөтөө гэдэг хүнийг хэзээ ч амжилттай бас баян чинээлэг болгодоггүй муу зуршил. Бусдын аз амжилтын тухай бодсоор хамаг энергээ барж өөрийнхөө ахуй амьдралыг дээшлүүлэхэд хүч тэнхээ нь хүрэхгүй болно. Цагаахан атаархал бол өөр хэрэг. Бахдаж бишрэх цагаахан атаархал амжилтанд хүрэхийг шахаж хүсэл тэмүүлэл бадраах хэдий ч тэр бүр зөв зүгт хүнийг чиглүүлдэггүй. Амжилтанд хүрэхийг хичээж чармайж байгаа хэн ч бусдын гаргасан жимээр биш, өөрийнхөө замаар л урагшлах ёстой.
Дөрөвдүгээрт: Өөрийгөө өрөвдөж хөөрхийлөхийг таслан зогсоох хэрэгтэй. Өрөвдөх мэдрэмж хүнийг эрч хүчгүй болгон зөв замаар явахад нь дандаа саад болдог. Хувь заяандаа гомдож суухын оронд юунд яагаад алдсаныхаа учир шалтгааныг эрж хайх хэрэгтэй. Гутранги үзэлтэн өөрөө өөрийгөө үгүй хийдэг. Өөртөө сөрөг муу хандлагатай амьдралаа голж хувь заяандаа гомдож суудаг хүн л ядуу хоосон явдаг гэж Александр Шепс хэлжээ.
Тавдугаарт: Өр тавих, зээл авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ нь бусдын юмыг хэсэг хугацаагаар түр аваад харин өөөрийнхийгөө бүр мөсөн өгч байгаа хэрэг. Өрийн гүн ангал нүх хүний энергийн төвд сөрөг нөлөөлдөг. Ер нь зарлага хэзээ ч орлогоосоо давах ёсгүй гэдгийг санаарай. Хадгаламжаа зөв хувиарлан, үр ашигтай зарцуулах нь үргэлж мөнгөтэй байлгахаас гадна илүү том, арвин ихийг дуудаж байдаг. Энэ бүх дүрмүүдээ хэрэглэж хэрэгжүүлэх явцад мөнгөний сахиусаа ч мөн дээдлэж явахыг тэрээр зөвлөөд мөнгөний сахиус тань таныг өөртөө улам бүр итгэлтэй байхад хүч нэмэхээс гадна аз амжилт дуудан амьдрах эрч хүч өгсөөр байх болно. Энергийн гэрлэн бүрхүүл тань нээгдэн мөнгө эд баялаг, амжилт орж ирэх бүх нөхцлийг бүрдүүлэхэд дээр өгүүлсэн бүхэн танд тус болно.
Эх сурвалж: Далд ертөнц сэтгүүл