Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллахгүй бөгөөд мөн өчигдөрөөс эхлэн ном гэрээр олгохоо зогсоосон байна.
Учир нь номын сангийн байранд их засвар хийх болсонтой холбогдуулан ийм арга хэмжээ авчээ.
Тус номын сан 1980 онд ашиглалтад орсноос нь хойш ганц ч их засвар хийгдээгүй аж. Тиймээс засварын ажил хийгдэх бөгөөд энэ жил засварын ажилд 495 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Түүнчлэн салбар номын сангуудад урсгал засвар хийх юм байна. Энэ талаар тус номын сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соёмбобаатар хэлэхдээ “Засварын ажлыг “Рендер бау” ХХК хийж байгаа. Номын сангийн 3000 гаруй номыг гэмтэж, алга болохоос сэргийлж засварын хугацаанд Америкийн соёл, мэдээллийн төвд хадгалуулахаар төлөвлөж байна. Салбар номын сангуудын урсгал засварыг ирэх сарын 1-нээс хийж эхэлнэ. Гэхдээ төв номын сан шиг удаан хугацаагаар хаалгаа барихгүй. Төв номын санд карттай уншигчид салбараар үйлчлүүлж болно” гэв.
Д.Гэгээ Ugluu.mn