Швейцар улсын Лозанн хот дахь Корзье-сюр-Вевей шилтгээнд байрладаг Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас есдүгээр сарын 8-ны ням гаригт Аргентины нийслэл Буэнес-Айрес хотод болох ОУОХ-ны 125 дугаар чуулганы өмнө бөхийн спортын талаар танилцуулга хийх багийг томилсноо зарлалаа. Танилцуулга хийх багийг ФИЛА-гийн Ерөнхийлөгч Н.Лалович, олимпийн аварга, канадын бөх Кароль Хьюн, Францийн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, олимпийн хүрэл медальт Лиза Легранд, олимпийн аварга, канадын бөх Даниэль Игали, Америкийн олимпийн хороооны ерөнхийлөгч асан, чөлөөт ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Жим Шир нарын бүрэлдэхүүнтэй гишүүд баталжээ.
Энэ баг энэ оны тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербуг хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанд мөн бөхийн спортын танилцуулгыг амжилттай хийж байсан юм.
ФИЛА-гийн Ерөнхийлөгч Н.Лалович ОУОХ-ны чуулганд явахын өмнө сэтгэгдлээ ярихдаа, бөхийн спортын танилцуулгыг өмнө нь амжилттай хийж байсан багийг Буэнес-Айрес хотод болох түүхэн үйл явдалд дахин томилсонд бид баяртай байна, өнгөрсөн долоон сарын хугацаанд холбооны Товчоо, бөхийн өнөр гэр бүл, бөхийн спортыг хөгжөөн дэмжигчдийн өрнүүлсэн их ажлыг бид ОУОХ-ны чуулганд танилцуулж чухам яагаад өнө эртний төдийгүй орчин үеийн бөхийн спортыг 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт оруулах ёстойг үндэслэлтэй тайлбарлана.” гэж онцлон тэмдэглэлээ.
ФИЛА-гаас ОУОХ-ны 125 дугаар чуулганаар 2020, 2024 онуудад болох олимпийн наадмын хөтөлбөрт нэмж оруулах нэг спортын төрлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.
Ugluu.mn