Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургаадугаар сарын 13, 14-нд дэлхийд алдартай Нью-Йоркийн балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт тоглогдохоор болжээ.
Нью-Йоркийн балетын компанийг 1948 онд Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар байгуулж байжээ. Энэ компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй, урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм.
Тус компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацийн эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжгийн компаниар сонгогдож, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт нуур” бүжгийн жүжгээрээ танигдсан аж.
Энэхүү алдарт компанийн гоцлол найман бүжигчнээс бүрдсэн тоглолтын хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд, мөн “Хунт нуур” бүжгийн жүжгийн “Хар хун” болон “Цагаан хун” багтсан байна.
Тоглолтын хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг хөгжимдөх гэнэ. “Америкийн бүжгийн одод” тоглолтыг ДБЭТ болон “Саунд оф Монголиа” хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Монре Даатгал, ивээн тэтгэгчээр “Хас” банк, АНУ-ын ЭСЯ, “Мон Эм Импекс” ХК, “Төгөлдөр” сан болон ноён С.Рагчаа нар дэмжин ажиллана.
Д.Гэгээ Ugluu.mn